Б.Мягмар
Энэ жилийн зун бороо хур багатай, ихэнх нутгаар гандуу байсан. Мөн газар тариалангийн гол бүс нутгуудад хур тунадас бага орсон учир ургацынхаа 50 бүүр 802 хүртэл хувийг алдаж магадгүйд хүрсэн талаар салбарын зарим хүмүүс ярих болсон. Энэ тухай ХХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунтай ярилцлаа.
-Тариаланчид энэ жилийн ургацын 70-80 хувийг алдсан тухай салбарын зарим хүмүүс ярьж байна. Хариуцсан яамны зүгээс ямар мэдээлэл өгөх вэ. Үнэхээр энэ жилийн ургацаа их хэмжээгээр алдахад хүрээд байгаа хэрэг үү?
-Энэ жил яамнаас 300 мянган га-д тариалалт хийнэ гэсэн төлөвлөгөө гаргасан. Хаврын тариалалтын дүн гарахад 359.7 мянган га-д хийсэн. Тариалалтын дараа буюу, тавдугаар сард эхэндээ хур тунадас багатай, зургадугаар сард халалттай байсан. Тариалалтын дүнгийн дараа соёололтын мэдээ гэж авдаг. Соёололтоор улсын хэмжээнд нийт тариалсан талбайн 20 гаруй хувь нь онц дүнтэй 33 хувь нь сайн, 43.45 нь дунд гээд ерөнхийдөө хоёр хувь нь муу гэж гарсан. Үүнийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад ойролцоо дүн гарч байгаа. Соёололтын дүн харьцангуй гайгүй гарсан. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалсан энэ үед соёололтын дараа гол иш хатгах буюу бутлалтын үе рүү ороход чийг дутах тал байсан. Иймээс таримлууд цочролд орж өсөлт хөгжил нь саарсан. Үүний дараа долдугаар сар гарангуут тариалангийн бүс нутгуудаар хур тунадас нэлээд орсон. Одоогоор урьдчилсан байдлаар тэдэн хувийн ургац алдана гэсэн баттай тоо гаргах боломжгүй. Бид саяхан тариалан бүхий гол аймгуудын ХХААГ-ын дарга нарыг хүлээн авч уулзсан. Ингээд ерөнхий багцаа авахад улсын хэмжээнд 70 орчим хувь нь ямар ч байсан ургац авна гэсэн мэдээтэй байгаа.
-Тэгэхээр их хэмжээгээр ургац алдахгүй. Өмнөх жилүүдтэй ижил хэмжээний ургац хураан авах бололцоотой гэж үзэж байна уу?
-Таримал 14-20 хоног хур бороогүй, хэт их халснаас болж сааталд орсон. Энэ хэмжээгээр намар нь урт болоод налайгаад ирэх юм бол ургац авна гэсэн тооцоо бий. Таримал өөрөө ургалтын үе шаттай. Бид ургалтын үе шат болгонд нь дөрвөн төрлийн мэдээ авсаар ирсэн уламжлалтай. Үүнд, нэгдүгээрт тариалалтын мэдээг байнга авч ирсэн. Мөн соёололтын мэдээг авч, наймдугаар сарын 15, 25-нд ургацын бланс тогтоодог. Тогтоосон блансынхаа дараа хэдий хэмжээний ургац авсан бэ гээд дөрвөн том мэдээ авдаг. Тариан түрүү гараад цутгалт үүссэнээр хэдий хэмжээний буудай хураан авах вэ гэдгийг мэргэжлийн хүмүүс талбай дээр очиж ам.метр бүрээр нь тогтооно. Түүнээс өмнө цутгалт үүсээгүй тохиолдолд хэлэх боломжгүй гэж үзэж байгаа.
-Зарим тариаланч хавар үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулаагүйгээс ийм байдалд хүрлээ хэмээж байгаа. Энэ тухайд?
-Энэ бол манай яамны хариуцах асуудал биш. БОНХЯ-ны харьяа УЦУОШГд байдаг. Гэсэн ч бид манайд хамаагүй асуудал гээд гар хумхиж суугаагүй. УЦУОШГ-тай тариалангийн бүс нутгуудад бороо хур оруулах талаар хамтран ажилласан. Тус газар жилийн эцсээр 800 сумтай байсан юм билээ. Түймрээр 400-г нь хэрэглэж 400 орчим нь үлдсэн. Бид газар тариалангийн бүс нутгуудад бороо оруулаач ээ гэж долоо хоног бүр уулзаж үүлэнд зориудаад нөлөөлөх талаар хамтран ажилласан. Газар тариалангийн бүс нутгуудад зориулах сум нь ховордоод ирэхэд зуншлага гайгүй байсан арван аймгаас сумыг нь татаж авч тариалангийн бүс нутгуудад байрлуулсан. Мөн ирэх жилийн пуужингийн сумны мөнгө болох 300 сая төгрөгийн үлдэгдэл 130 сая төгрөгийг сайд маань Засгийн газарт оруулж шийдүүлсэн. Ингээд үүл орж ирэх болгонд үүлэнд зориудаар нөлөөлж байлаа. Харамсалтай нь, орж ирж байгаа үүл болгон бороо болдоггүй.
-Өмнөх жилүүдэд га-гаас 18-20 хүртэл центнер хүртэл ургац авч байсан. Энэ жилийн тухайд га-гаас хэдий хэмжээний ургац авах төлөв харагдаж байгаа вэ?
-Одоогоор үүнийг гаргах боломжгүй. Наймдугаар сарын дундуур ургац тогтоолтоор явна. Энэ үед хэдий хэмжээний ургац авах нь тодорхой болно.
-Ургац алдах дээрээ тулаад байхад салбар хариуцсан яам гар хумхиад сууж байна хэмээн тариаланчид шүүмжлэлтэй хандаж байна. Энэ талаар?
-Бид зүгээр суугаагүй. Ургацын тодорхой хувийг алдах нь гэдгийг ойлгосон. Тариалангийн бүс нутгуудаар явж байдалтай нь танилцсан. Ирэх жилийн тариалалтад үр дутагдах нь ч тодорхой байна. Үрийнхээ мөнгийг улсын төсөвт суулгасан. Мөн ТЭДС-гаас авсан дэмжлэгүүд болон ургац алдахтай холбогдуулан дотоодоосоо авсан зээлийн хуваарийг хойшлуулна.Намрын улаанбуудайнаас 150 мянга орчим тонныг авч үрийн нөөц бэлдэх мөнгийг Засгийн газарт хоёр дахь удаагаа танилцуулж байна. Намрын гантай байдалтай холбогдуулан ургац хураалтад ямар технологи барих уу гэдэг зөвлөмжийг мэргэжлийн хүмүүстэй уулзаж гаргаж байна. Яамны зүгээс зогсолтгүй ажиллаж байна.
-Их хэмжээний ургац алдахад хүрвэл дутагдсан буудайгаа импортоор авна гэж байсан. Ер нь, хэдий хэмжээний буудайг хэрхэн авах дүр зураг харагдаж байгаа вэ?
-Эхний ээлжинд бид ургацын блансаа тогтооно. Хэдий хэмжээний ургац авах вэ, түүнээс хэдийг нь гурилын үйлдвэрт нийлүүлэх вэ гэдгийг тодорхой болгосны дараа хэр хэмжээний хүнсний улаанбуудай дутах нь вэ гэдгээ гаргаж ирнэ. Энэ бол дараагийн арга хэмжээ.
-Ургац алдана гэсэн мэдээллийг далимдуулж гурилын үнийг нэмээд байх шиг байна. Уг нь, үнэ нэмэх ёсгүй байх?
-Тийм ээ. Гурилын үнэ нэмэгдэх ёсгүй. Учир нь, өнгөрсөн жилийн ургацаас авсан гурил. Энэ хооронд юуны ч үнэ өсөөгүй. Гэхдээ гол нэрийн үнэ тогтворжуулах хөтөлбөрт Монголбанк, ХХААЯ-тай гурвалсан гэрээ байгуулаад зээлийн дэмжлэгт хамрагдсан үйлдвэрүүд нэгдүгээр гурилын үнийг килограммыг нь 850 төгрөгөөс дээш гаргахгүй гэсэн гэрээтэй. 2014 онд гурилын үнэ яагаад хямд байсан вэ гэхээр их хэмжээний буудай хураан авсан. Мөн үйлдвэрүүд өөрсдийнхөө борлуулалттай холбоотойгоор гурилынхаа үнийг 730 төгрөгт хүргэсэн байсан. Одоо өсөөд 850 төгрөг болсон байгаа. Хөтөлбөрт хамрагдаагүй жижиг үйлдвэрүүд болон “Алтан тариа” ХХК гурилынхаа үнийг эхэлж өсгөж байгаа тал бий.