Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Наранбаатар: Олимпын дараа л ажлаа дүгнэнэ дээ

Лондонгийн олимп эхлэхэд 50 хоног үлджээ. Энэ цаг үед олимпын эрхээ хүртсэн шигшээ багийн тамирчид бэлтгэл сургуулилт гээд тун завгүй яваа. Тамирчдын ар тал болсон спорт холбоодын ажил болоод цагийн зөрүүтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх болсон талаар Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатартай ярилцлаа.

-БТСГ болоод тамирчид дасгалжуулагчдын дөрвөн жил  хүсэн хүлээдэг, хамгийн томоохон шалгалт тун удахгүй болно. Хариуцлагатай энэ үед арын албаныхан хэрхэн ажиллаж байна вэ?
-Олимпын наадам тун удахгүй эхлэх гэж байна. Шигшээ багийн тамирчид болоод биеийн тамир спорт хорооны удирдлагууд дор бүрнээ үүргээ ухамсарлан ажиллаж байгаа. Зуны олимп эхлэхэд 50, паралимпын наадам эхлэхэд 83-хан хоногийн хугацаа үлджээ. Бидний хувьд дөрвөн жилийн циклээр буюу гурван үе шаттайгаар ажилласан. Эхний удаад шигшээ багийн тамирчдыг шинэчилж шинэ залуу тамирчдаар сэлбэж, олимпын наадамд хэрэгтэй Засгийн газрын тогтоол шийд­вэрийг гаргуулж бат­луул­сан. Хоёр дахь үе шатад олимпын эрх авах тэмцээн уралдаанд оролцсон бол одоо сүүлийн буюу эрчимжүүлэх үе шатанд ирээд байна. Тиймээс олимпын эрх хүртсэн спорт холбоод дор бүрнээ эрчимжүүлсэн бэлтгэл сургуулилтад ороод эхэлчихсэн.

-Хэдэн жилийн тэртээ жүдогийн Х.Цагаанбаатар, буудлага спортын О.Гүндэгмаа, чөлөөтийн Б.Наранбаатар нарт л олимпын медалийн найдвар тавьдаг байсан бол одоо бүхий л спортын төрөлд тамирчид жигдхэн өрсөлдөх болж?
-Зөвхөн чөлөөт, жүдо, бокс гэлтгүй буудлага спорт, хүндийн өргөлт, хөнгөн атлетикийн тамирчид маань ч үсрэнгүй хөгжиж байна. Жишээ нь, манай марафон гүйгч, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Одыг нэрлэж болно. Энэ олимпоор уяа сойлгоо зөв тохируулж хоёр цаг 10 минут руу орчихвол медаль хүртэх бүрэн боломжтой.

-Шигшээ баг Лондонгийн олимпод 30 –аас доошгүй эрх хүртэж, гурваас дөрвөн медаль хүртэх зорилго тавин ажилласан. Гэхдээ  олимпын 29 эрх гэдэг чамлахааргүй амжилт. 100 хувь үүргээ биелүүлж чадсан гэж бодож байна уу?
-29 тамирчин олимпын эрх хүртсэн ч гэлээ манай шигшээ багийн тамирчдад үүнээс илүү нөөц бололцоо байсан. Монгол Улсын Засгийн газар болод БТСГ, цаашлаад спортын холбоод дор бүрнээ л хичээнгүйлэн ажиллаж байна. Манай тамирчид материаллаг бааз болоод бэлтгэл сургуулилтын тал дээр олон улсын төвшинд яваа. Тиймээс олимпын  наадамд тамирчид маань бүрэн төвлөрч хичээнгүйлэн оролцох ёстой. Бид 100 хувь зорилгоо биелүүлсэн гэж хэлэхэд эртдэнэ. Олимпын наадмын дараа л амжилтаа үнэлэн дүгнэх байх.

-Өмнөх жилүүдийнхийг бодоход шигшээ багийн  төсөв хөрөнгө ч гэсэн чамлахааргүй нэмэгджээ. Бээжингийн олимпод 1.9 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол 4.5 тэрбум болж өссөн байна?
-Анх намайг ажлаа авч байхад үндэсний шигшээ багийн зардал 50 сая төгрөг байсан. Түүний дараа 250 сая, 750 сая болон нэмэгдсээр өмнөх Бээжингийн олимпод 1.9 тэрбум төгрөг болон өссөн. Ингэснээр тамирчдаас амжилт ч харагдаж эхэлснийг уншигчид мэдэх байх. Энэ жилийн хувьд шигшээ багийн төсөв 4.5 тэрбум төгрөгөөр батлагдсан. Тиймээс олимпын эрх авах тэмцээн уралдаанд тамирчид маань хангалттай оролцож чадсан. Энэ мэт жилээс жилд шигшээ багийн төсөв өсч байгаа нь тун сайн хэрэг.

-Лондонгийн олимпод цагийн зөрүү гэх хүндхэн даваатай тамирчид нүүр тулах нь. Энэ тал дээр ямар ажил хийж байна вэ?
-Тийм ээ. Жишээ нь, чөлөөт бөхийн холбооны шигшээ багийн тамирчид Болгарт далайн төвшнөөс дээш 2200 гаруй метр өндөрлөг газар хамтарсан бэлтгэлээ эхлүүлсэн байна. Ер нь, тамирчдын олимпын тэмцээнд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх үүднээс Европын орнуудад бэлтгэл хийлгэж байгаа.

-Олимпын наадам эхлэ­хээс хэд хоногийн өмнө тамирчдыг Лондон хот руу илгээх хэрэгтэй болов уу. Ин­гэхэд эхний ээлжийн та­мирчид хэдэнд эх орноосоо мордох вэ. Мөн Лондонг зорих  дараагийн тамирчдын тухайд?
-Долдугаар сарын 3-ны өдрөөс эхлээд л ээлжээр Лондонгийн Сари мужийг зорих байх. Энэ муж нь Лондонгоос хоёр цагийн зайтай байдаг юм. Дасан зохицох бэлтгэл хийлгэх үүднээс энэхүү арга хэмжээг авах гэж байна. Эхний ээлжийн дараа  долдугаар сарын 19-нд боксын шигшээ баг, 23-нд жүдо бөхийн  шигшээ баг оччихсон байна. Харин  чөлөөтийнхөн наймдугаар сарыг дөхүүлээд  Лондонг зорих байх. Эрх авсан бусад тамирчдын тухайд ч тэр шат дараатайгаар олимп болох газарт байрлана.  Төлөвлөгөөний дагуу онгоцны тасалбараа хүртэл захиалчихсан.

-Хоол ундны асуудлын тухайд юу хэлэх вэ?
-Ямарваа нэгэн тамирчдын хувьд хоол ундны асуудал нэн түрүүнд тавигдах ёстой. Энэ ч үүднээс бид мэргэжлийн судлаач эрдэмтдийн баг гарган ажиллуулж энэ тал дээр арга хэмжээ авч  байгаа. Энэ талын асуудалд санаа зовох шаардлага гарахгүй л болов уу. Мөн тамирчдын биеийн бэлтгэлээс гадна сэтгэлзүй  нэн тэргүүний асуудал болчихоод байна. Хэчнээн бэлтгэл сургуулилт сайн байлаа гээд сэтгэлзүйгээр уначихдаг тамирчид байдаг шүү дээ. Тиймээс мэргэжлийн сэтгэлзүйч дасгалжуулагчдыг шалгаруулан тамирчидтайгаа ажиллуулж байна.

-Гадаадын  орны бэлтгэл хангагчид цуг ажиллаж байгаа гэж сонссон?
-Мэргэжлийн чадварлаг бэлтгэл хангагчид тамирчин бүртээ тулж ажиллах байх. Биеийн тамир спортын газар,  спорт холбоод болон багш дасгалжуулагчидтай  бид байнгын хамтын ажиллагаатай байна.
Мөн энэ  жил “Олимп хөгжил сан” байгуулагдаад удирдах зөвлөлийн даргаар  Лондонгийн олимпын багийн ахлагчаар ажиллаж буй Монгол Улсын Шадар сайд М.Энхболд сонгогдон ажиллаж байгаа. Мөн  төрийн дээд албан тушаалтнууд хамтдаа зүтгэж байна. Үүнд шигшээ багийн тамирчид болоод дасгалжуулагчид баяртай байгаа.

-Тантай уулзсаных  олим­­пын наадмаас өөр бас нэг асуулт  асуухгүй өнгөрч боломгүй байна. Манай орны уулчид дэлхийд нэрээ цуурайтуулж эхэллээ. Энэ он гарсаар дөрвөн ч уулчин дэлхийн зулай Эверестийн оргилыг эзлээд ирсэн шүү дээ. Гэтэл тэдний ахуй хангамж  тал дээр асуудалтай байна гэх юм. Энэ байдлаас шалтгаалан сөрөг үр дагвар гарах вий хэмээн зарим хүн сэрэмжилж байна?
-Монголын уулчид маань дэлхийн дээвэр болсон өндөр оргилд дайралт хийж байгаа нь бахархмаар амжилт. Уулын спорт гэдэг өртөг өндөртэй. Бид болоод төр засгаас олимпын наадамд оролцох баг тамирчдад ихээхэн анхаарлаа хандуулж, хөрөнгө мөнгөө ч зарцуулж байна. Уулын спортын тамирчдыг ивээн тэтгэж байгаа  олон байгууллага  байдаг.
Харин  улсаас хөрөнгө мөнгө гаргаад тэднийг дэмжье гэсэн ч бололцоо байхгүй. Гэхдээ БТСГ уулчдыг дэмжиж явуулах, шаардлагатай хүмүүстэй нь холбож өгөх тал дээр анхаарч ажилладаг. Цаашдаа ч гэсэн энэ нь үргэлжилсээр байх болно.

-Есдүгээр сард спортын төв ордныг нурааж шинэ­чилнэ гэх яриа гарах болж. Энэ үнэн үү?
-Тамирчид дасгалжуулагч­дын хоёр дахь гэр нь болсон спортын төв ордон маань 1950 онд баригдсан. Одоогийн энэ барилгад суурь байхгүй, дээр нь тааз их муутай, дундуураа хагарсан. Бидний хувьд жил бүр засвар хийж чаддаггүй. Учир нь, хөрөнгө мөнгө их шаардагддаг. Түүний дагуу мэргэжлийн хяналтын байгууллагаас ирж акт тавьчихсан байгаа.

-Энэ  байдлыг Засгийн газарт танилцуулсан уу?
-Тийм ээ. Шинээр спортын байгууламж барих нь зүйтэй гэж шийдсэн. Мэдээж тамирчид,  дасгалжуулагчдын хоёр дахь гэр болсон энэхүү ордноо нураагаад буулгана гэдэг харамсалтай л даа. Гэхдээ  сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн болоход үзэгч хүүхдүүд олноор цуглардаг. Тиймээс аюулгүй байдлыг хангах хэрэгтэй байх. Спортын төв ордон маань цаашдаа энэ хэвээрээ явбал аюултай.
Ямар ч байсан энэ олимпын  тэмцээнийг  өнгөртөл буулгах, шинэчлэх талын ажлаа эхлүүлэхгүй болов уу. Эцсийн шийдвэр гарсан цагт хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэх боно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан