Эдийн засгийн нөхцөл байдал муу байгаа тул арилжааны банкууд зээл олголтоо бууруулаад байгаа. Тухайлбал, цалингийн зээл олгохдоо зээл хүсэгч тухайн байгууллагадаа дор хаяж нэг жил ажилласан байх ёстой гэсэн шалгуур тавьж байна. Өмнө нь зургаан сар ажилласан бол зээл авах эрх үүсдэг байв. Мөн цалин нь тогтсон хугацаандаа орж байх шаардлага бий. Сүүлийн үед хувийн хэвшил төдийгүй төрийн байгууллагууд ч цалингаа хугацаандаа тавьж чадахгүйд хүрсэн. Иймээс хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ нэмэгдэж байгаа билээ. Монголбанкны судалгаанаас үзвэл арилжааны банкуудын олгосон зээл 12.4 их наяд төгрөг байна. Энэ нь улсын төсвөөс бараг хоёр дахин өндөр байгаа юм. Энэ оны эхний улиралд банкууд 834 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Тэгвэл 985 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн аж. Харин хугацаа хэтэрсэн зээл 196 тэрбум төгрөг болов. Хэвийн бус зээл 134, эргэлзээтэй зээл 112, муу зээл 307 тэрбум төгрөг байна.
Чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр дэлхийн банкнаас зээлийн чанарт анхаарах хэрэгтэй гэдэг зөвлөгөөг өгч байна. Өнгөрсөн онд нийт зээлийн 4.7 хувь нь чанаргүй гэсэн ангилалд орж байв. Гэтэл тавдугаар сарын байдлаар 6.1 хувьтай болсон байна. Монголын банкуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Найдалаа “Чанаргүй зээлийн хэмжээ өсч байгаа ч 6.1 хувь гэдэг бол өндөр тоо биш. Чанаргүй зээлийг бууруулж удирдаж болно” гэж байсан билээ.
Сүүлийн жилүүдэд иргэдийн хэрэглээний зээл болон жижиг дунд үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцны зээлийн хэмжээг банкууд нэмэгдүүлсэн. Харин барилгын салбарт олгож буй зээл бага зэрэг буурах хандлагатай болжээ. Учир нь банкууд зах зээлээс мөнгө татах боломж тааруу байгаа тул зээлээ хумихад хүрсэн. Гэхдээ банкуудын өөрийн хөрөнгө сүүлийн жилүүдэд өсч байгаа нь Монголбанкны мэдээнээс харагддаг.
Монголбанкны судалгаагаар зээлийн эрэлт их байгаа аж. Гэвч тэр бүр зээл авч чадахгүй байна. Яагаад гэвэл банкууд зээлийн үйлчилгээний шимтгэл, барьцааны шаардлагаа ч өөрчилсөн байна. Тухайлбал, томоохон банкууд зээлийн барьцааны шаардлагаа ч чангалав. Харин жижиг банкууд зээлийн шугамаа нэмэгдүүлж, барьцааны шаардлагаа бага зэрэг сулруулсан байгаа юм. Гадаад валютын зээл буурах хандлагатай байна. Учир нь гадаад валютын ханшийн савалгаа өндөр байгаатай холбоотой.
Барилгын салбар 1.1 их наяд төгрөгийн зээлтэй
Банкуудын ипотекийн зээл гурван их наяд гаруй төгрөгт хүрчээ. Энэ нь манай улсын ДНБ-ий 13.5 хувийг эзэлж буй. Тэгвэл нийт зээлдэгчдийн тоо 70498 болов. Зөвхөн энэ оны дөрөвдүгээр сард нийт 1679 зээлдэгч 96.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авчээ. Энэ оны эхний улирлын байдлаар ипотекийн зээлийн 1.6 хувь нь хугацаа хэтэрсэн, чанаргүй зээл нь 0.5 хувийг тус тус эзэлж байна. Харин сүүлийн үед орон сууцны зээлийн эрэлт бага зэрэг буурсан дүр зураг бий. Зээлийн эрэлтийг эдийн засгийн салбараар нь авч үзвэл уул уурхай, барилга, хөдөө аж ахуйд хамгийн өндөр байгаа. Харин боловсруулах үйлдвэрийн салбарын зээлийн эрэлт бага аж. Уул уурхайн салбарт олгосон зээл 1.1 их наяд гаруй төгрөг. Тэгвэл 154 тэрбум төгрөгийн зээл муу гэсэн ангилалд оржээ. Барилгын салбарынхан 1.6 их наяд төгрөгийн зээл авсан байна. Үүнээс муу зээлийн ангилалд орсон 24 тэрбум төгрөг бий. Өнгөрсөн онд долоон мянган айлын орон сууц борлуулагдалгүй үлдсэн. Энэ жил 25 мянган айлын орон сууц ашиглалтад орно. Ингээд 32 мянган айлын орон сууц борлуулах шаардлага байгаа юм. Гэтэл орон сууцны үнийн дүнгийн 30 хувийн урьдчилгаа төлж жилийн найман хувийн хүүтэй зээл авах чадвартай иргэд цөөн байна. Өөрөөр хэлбэл орон сууцны эрэлт өндөр байгаа ч иргэд урьдчилгааг нь бүрдүүлж авч чадахгүй байгаа юм. Иймд Засгийн газар уржигдар орон сууцны урьдчилгааг 10 хувь болгох шийдвэр гаргалаа. Орон сууцны үнийн дүнгийн 20 хувийг нь Засгийн газраас баталгаажуулна. Ингээд орон сууцны зээлийн баталгаанд хамрагдах зорилтот бүлгийг Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын яам хамтран тогтоож долдугаар сард Засгийн газарт танилцуулах боллоо. Хөгжлийн банк орон сууцны зээлийн 20 хувьд нь 200 тэрбум төгрөгийн зээлийн баталгаа гаргахаар шийдвэрлэжээ. Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг бууруулснаар барилгын салбарын борлуулалт нэмэгдэж, царцсан хөрөнгө нь эргэлтэд орно гэж үзэв. Мөн тохилог орон сууцанд орох иргэдийн тоо өсч орон сууцны жилийн найман хувийн хүүтэй зээл өснө хэмээн Засгийн газар үзэж буй юм.