Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.БАЯНМӨНХ: ХӨЛСТЭЙ НҮЦГЭН БИЕЭРЭЭ УУЛЗСАН ХҮНИЙ НЭГ НЬ Ж.МӨНХБАТ НАЙЗ МИНЬ

Монгол Улсын дархан аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Баянмөнх аваргын ярилцлагыг хүргэж байна.

-Хөт Б.Л: Үзэгчдийн сонирхлыг татах зүйлээр ярилцлагаа эхлэх нь зүйтэй байх. Жишээ нь, анхны хайрын захидлын талаар ч юм уу?
-Их сонин зүйлээ ингээд шууд дэлгэж болох хэрэг үү.

-Хөт Б.Л: Бололгүй яахав. Одоо бид юугаа нууж амьдрах вэ дээ. Та 17 настайдаа л гэрлэсэн юм билээ. Миний хувьд ч энэ л насандаа хуримаа хийж байлаа?
-Хайр дурлалын тухай шүлэг олдохгүй их зовно оо. Бидний үед захидал бичих гэж шүлэг зээлддэг үе  байлаа шүү дээ. Уулын цэцэг олон боловч, улаан цэцэг цөөхөн гээд л бичнэ. Миний гэр бүлийн хүн Дэжимбээ маань Увсын Тэс сумынх.  Бид нэг сургуулийн дотуур байранд байдаг байлаа. Миний ханьд надаас түрүүлээд маш олон залуу захиа өгчихсөн байсан. Тиймээс захиа өгмөөр байсан ч, эхэндээ их зүрхшээсэн. Би чинь тухайн үед байрны болон сурагчдын зөвлөлийн дарга байсан юм. Ер нь, багадаа ч ангийн дарга байлаа. Би чинь ер нь дандаа л дарга хийдэг хүн шүү дээ. Гэхдээ дээшээ явдаггүй дундаас дээшээ л дарга хийдэг байсан юм шиг. Тиймээс тухайн үед эрх мэдлээ ашиглаж, байрны оюутнуудад  шалгалт хийнэ. Тэгж явахдаа номонд захиа хавчуулаад “наадахаа үзээрэй” гээд Дэжимбээд анхны захиагаа өгч билээ. /Инээв/

-Хөт П.А: Тухайн үед сургуульд чинь спортын тэмцээн болж та бүх төрөлд нь түрүүлснээр эхнэр Дэжимбээгийнхээ анхаарлыг татсан гэдэг?
-Өө ярих юм биш. Урт, өндрийн харайлт, волейбол, теннис, гээд 12 спортын төрлийн 11 –д түрүүлж байлаа
.
-Хөт П.А: 12 дахь төрөл нь юу байсан юм бэ?
-10000 метрийн гүйлт байсан юм. Өдөржин тэмцээнд ороод үнэхээр их ядарчихсан байсан л даа. Гэтэл багш нар даварчихсан “Ахиад түрүүл” гэдэг байгаа. Эхлээд хүчээ гамнаад гүйж байсан чинь урд майга хөлтэй,  намхан, урт үстэй нөхөр л гүйгээд байна. Хоёр дахь тойргоос  гүйцэнэ дээ гээд гүйгээд байтал бараагүй шүү. Тэгээд барианд ирчихээд хүмүүсээс түрүүлсэн залууг “юун хүн бэ” гээд сурахад цэргийн албанаас ирсэн жинхэнэ гүйгээд сурчихсан залуу байсан. Орой нь галын наадам болж оюутнууд, багш нар гээд бүгдээрээ баяр хүргэж Даяар дуурсагдах дархан аварга болоорой хэмээн ерөөж байв.
Тухайн үед “За даа энэ аварга нь ч бас юу юм бэ” л гэж бодож байлаа. Тухайн үедээ өнөөх Дэжимбээ охин намайг харж байгаа болов уу гэж боддог байсан. /Инээв/  Гэтэл орой нь орон дээрээ шагналд авсан  бэлгээ  тараачихсан үзээд сууж байтал цонх тогшдог юм байна. Тэгсэн Дэжимбээ “За баяр хүргэе” гээд яваад өгч билээ.

-Хөт П.А: Дараа нь захианыхаа хариуг хэрхэн авсан нь сонирхол татаж байна?
-Нэг өдөр Дэжимбээ “Май номоо ав “ гээд өгдөг юм байна. Нээгээд үзсэн нэг захиа байна аа. Тэгэхээр нь миний захиаг эргүүлээд өгчихсөн үү, надад өөрөө захиа бичсэн  юм болов уу гээд бөөн бодолд дарагдаад нээж чаддаггүй. Ингэж  байгаад захиагаа  нээгээд үзсэн чинь “Чи миний талаар ийм бодолтой бол бололгүй яахав. Гэхдээ арай эрт байгаа юм биш үү? гэсэн захиа байсан. Тэр захиаг хэд хэдэн удаа уншаад ч  ханахгүй байлаа шүү дээ. Тэр үеэс л бидний хайр сэтгэлийн үерхэл эхэлж, өдий хүртэл хамтдаа амьдарч байна.

-Хөт Б.Л: Сайхан эр хүнд хүүхнүүд сүйд болдог. Дээхнэ үед дуурийн театрын хэдэн хүүхэн бөхтэй сууна гээд хөтлөлцөөд гүйж байсныг нь мэдэх юм. Хоёр Мөнхийн хойноос ч тэр. Хүүхнүүд их дурлаж байсан байх даа?
-Мэдэхгүй ээ. Барилдаад завгүй л явлаа.

-Хөт Б.Л: Би үүнд зочинтойгоо санал зөрж байна. Байнгын барилдаж залуу насаа өнгөрүүлээгүй л байлтай?
-/Инээлдэв/ Эр хүн болсон хойно тиймэрхүү зүйлтэй тааралгүй яахав. Гэхдээ хайр сэтгэл гэдэг чинь үнэнч байх ёстой.

-Хөт Б.Л: Залуу цагийн хайр өтөл  насанд эргэж ирдэг гэдэг. Ханьдаа улам л хайртай болж байгаа биз?
-Тэр тухай одоо яриад яахав. Аягүй бол гэрт очихоор хөгшин маань загнана.

-Хөт П.А: Таны эхнэр 44 жил хүүхдүүдэд эрдэм зааж, гавьяат цол хүртэхэд та эхнэртээ зориулж шүлэг бичсэн гэсэн?
-Дууны үг. “Огторгуйн бүсгүй” гээд.

-Хөт Б.Л: Дууны үг гэснээс  Гантогтох маань их сайхан дуулах юм аа. Аавын удам ч нөлөөлсөн байх даа?
-Авьяастай.

-Хөт Б.Л: Хүргэн чинь дуулах уу?
-Сүхээ бас дуулна аа. Уг нь, цаадах чинь ерөөсөө дуу дуулахгүй гээд байдаг юм. Гэтэл амь нь тулчихаар их хөөрхөн дуулдаг гээч./Инээв/

-Хөт Б.Л: Гантогтохыг дуулахаар  уйлах уу?
-/Инээв/ Арай ч уйлахгүй ээ.

- Хөт Б.Л:  Нулимс их ойрхонтой  юу?
- Нулимстай шүү. Уйлдаг хүний дотор цагаан байдаг гэдэг юм билээ.

-Хөт П.А:  “Хагас зуун жилийн ганцаардал, миний ялалт”  хэмээх номыг тань уншиж байсан. Яагаад ингэж  нэрлэх болсон юм бэ?
-Тэр нэрийг маш их бодож байж өгсөн. Зөвхөн бөхөд бус, амьдралд би их ганцаардаж явсан хүн. 1953 оны наймдугаар сард аав минь  өөд болсон. Тэр цагаас хойш манай хаалгаар амьдралын гашуун болгон урсан орж ирж байлаа.  Би 10, ах минь 16 настай л үлдэж байсан. Хэцүү ч байж. Нэг өдөр би усанд явангаа баахан хүүхэдтэй барилдаж бүгдийг нь дийлээд нэгэнд  нь л өвдөг шороодсон юм. Барилдаж дуусаад усаа аваад явж байсан чинь өнөөх хүүхдүүд “Чи яасан мундаг бөх вэ. Бүгдийг нь унагадаг” гээд л хувинтай усанд минь элс хийж, хамаг хувцсыг минь урсан. Яг тэр үед ах маань айлын шинэ гэрийн найранд явж таарсан. Ээж минь тухайн үед “Хань ижил минь өөд болчихсон байхад би найранд яваад яахав. Миний хүү яв” гэсэн юм.
Ингээд ах маань хонины нэхийгээр хийсэн цагаан дээл өмсч яваад  авах юмгүй уруулчихсан ирсэн. Ээж ахаас “Яасан юм бэ” гэхэд өчигдөр найран дээр цүү хаяж, жаахан ноцолдсон юм. Гэтэл тараад явж байтал нутгийн залуучууд зодохоор дайрсан гэж хариулсан юмдаг. Хоёр эрэгтэй хүүхэдтэй үлдсэн хүн нэг өдөр зэрэг ийм байдалд орчихоор ээжид минь хэцүү л байсан биз. Гадаа гарчихаад их уйлж билээ. Энэ явдал санаанаас минь ерөөсөө гардаггүй. /Уйлав/ Хагас зуун жилийн ганцаардал тэр өдрөөр л дууссан даа. Харин 1958 онд ах минь цэрэгт явж ээжтэйгээ цуг өвөлжсөн. Тэр жил л ээжийнхээ ачийг сайн хариулж чадсан гэж боддог. Миний ээж намайг сайхан барилдахад, дэлхийн аварга болохыг харж чадсанд нь их баяртай явдаг.

-Хөт Б.Л: Бөхөд жаахан ганцаардаж явсан уу?
-Ганцаардсан үе бий шүү. Увс аймгаас тэрхэн үедээ ганцаараа л барилддаг  байлаа. Миний эд үед гайхшрал, атаархал, бахархал зэрэгцэж л байсан. Гэхдээ би хоёр дахь номондоо эр хүн ер нь ганцаарддаггүй юм шүү, битгий шантраарай гэдэг санааг тусгах болно.

-Хөт Б.Л: Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нар Монголын бөхийн түүхэнд ооны эвэр шиг гарч ирсэн хоёр том бөх гэж би хүлээн зөвшөөрдөг. Гэтэл та хоёрыг баруун нутгийн, төв халхын бөхчүүдийг хооронд нь хагаралдуулсан гэдэг. Үүнийг хүлээн зөвшөөрөх үү?
-Зөвшөөрөхгүй. Би баруун Монголын бөхийг, Мөнхбат төв халхын бөхийг зохион байгуулдаг  юм байж. 200, 300 бөх барилдлаа  гэхэд бид хоёр тэднийг удирдаад байна гэж байхгүй шүү дээ. Ёс дүрмийн дагуу л явагддаг.

-Хөт Б.Л: Та хоёр бие биедээ хайртай юу?
-Хайртай байлгүй яадаг юм бэ. /инээв/ Би хэлж байсан даа. Уншигчид санаж байгаа бол  “Би хөлстэй нүцгэн биеэрээ хоёр хүнтэй уулзсан. Нэг нь миний гэр бүл, хоёр дахь нь Мөнхбат гэж. Ясаа таньсан хоёр хүн гэж биднийг л хэлнэ. Хүмүүс гэтэл их муухай “Мөнхбат халхын дэвжээнд дөрвөдүүдийг томруулахгүй гэж байна” гээд л хагаралдуулах гэж их үзсэн. Даанч дийлээгүй л дээ. Мөн бид хоёр бие биедээ бууж өгч ард түмнээ хуурч байсангүй.

-Хөт  Б.Л: 1969 оны Улсын их  баяр наадамд та хоёр тунасан. Тэр барилдааны талаар эргээд дурсахгүй юу?
- Хэн хэн нь хаялцаж чадахгүй болохоор нь биднийг  шуудагны барьц ав  гэсэн. Тэгээд Мөнхбатыг өргөөд яг зүүн тийш хаясан. Тэгсэн Мөнхбат ийм дүрэм байхгүй хэмээн  маргалдаж эхэлсэн. Үнэхээр ийм дүрэм байхгүй юм бол гээд хоёуланг маань хасчихаж билээ. Яг тэр өдрийн барилдааны өмнө нь ийм маягтай зүүд  зүүдэлсэн юм. Тэгээд барилдаанаа дуусгаад машиндаа суугаад явж байхдаа үнэхээр сонин зөнтэй зүүд юмаа гээд  л бодож билээ.

-Хөт П.А: Бид бөх хүн бүдүүн өвсөнд гээд л ярьдаг. Гэтэл яг энэ үгийн талаар залуус дунд мэдэх хүн тун ховор. Үүнийг та тайлж өгөөч?
-Өрсөлдөгчөө  бүү бас л гэсэн үг. Тохой газарт хүрвэл нэг жилийн хөдөлмөр чинь дуусна шүү дээ.

-Хөт П.А: Танд сургамж­тай,  ам мэхэнд орж байсан барилдаан бий юү?
-Ганцхан л барилдаан байдаг. 1974 онд Магсар багш, Мөнхбат нар ирээд чамайг тав түрүүлэхийг дэмжинэ гэж хэлсэн юм. Би ч дотроо итгэхгүй байлаа. Тэр жилийн наадмаар үзүүр, түрүүнд Мөнхбатын хөлийг  нь авахдаа “Угаасаа л намайг тав түрүүлүүлнэ гэсэн юм чинь, хэтэрхий чанга тавиад яах вэ” гэж бодож билээ. Тэгээд л аятайхан  унагаачихъя гэсэн чинь гэнэтхэн хашгираад л тонгорчихсон. Дээгүүр даваад л намайг доороо хийгээд унагаачихсан хэрэг. Босоод ирэнгүүт дэвээд гүйчихдэг юм байна. Тэгэхээр нь  тахимаа ав л гэсэн.
Тэр үеийн индэрт гарч байгаа зураг  байдаг. Нэг л явж ядсан, ууртай.  Тэгж л нэг ам мэхэнд орж үзсэн. Түүнээс хойш ам мэхэнд итгэж байгаагүй. /Инээв/

-Хөт Б.Л: Бөхийн холбооны үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж нэлээн хэдэн жилийн өмнө тэмцэж байсан. Түүнээс хойш хэдэн жил завсарлачихлаа. Яагаад чимээгүй болчихов оо?
-Ном бичиж байгаа. Бөхийн талаар их судалгаа хийж байна. Мөн хөдөө явж морь уяж өөрийгөө амраасан шиг жаахан чимээгүй байсан л даа. Одоо  бол буцаад босч байна. Монголын эрийн гурван наадмын спортын төрлүүд ЮНЕСКО-д бичигдчихлээ. Мөн геннист ч орчих шиг боллоо.  Монгол бөхийн нэр төр дэлхийд ч хүндтэй.
Гэтэл дотор нь шинэчлэл  гэж алга. Бууж өгдөг, мөнгө амладаг, допинг хэрэглэдэг гээд л. Бухимдахгүй байх арга алга. Мөн бөхийн мэх техник ч устаж байна. Тиймээс бид холбоог заавал шинэчилнэ. Монгол бөхийн аварга, арслангууд гэрт орж ирэхэд гэрийн жавар үргэж, хүүгийн  толгойд хүрэхэд хийморь нь сэргэдэг ийм л уламжлалаа сэргээх хэрэгтэй байна.

-Хөт Б.Л: Мөн  нэг хэсэг улс төрд  орох гэж үзсэн бил үү?
-Би чинь түүх, нийгмийн багш. Тиймээс өөрийн эрхгүй л орчихоод байдаг юм. УИХ-д нэр дэвшиж үзсэн л дээ. Хүмүүс санал өгөхгүй болохоор орхичихсон.

-Хөт Б.Л: Таныг их хүний мөсгүй гэдэг юм билээ?
-10 түрүүнийхээ долоог нь заралтай нь биш. Өөр би яах вэ дээ. Шуналтайгаа бол хүлээн зөвшөөрнө. Гэхдээ ажил хөдөлмөрийн л шуналтай хүн. 10 настайгаасаа хойш өнчрөөд, өдий 70 нас хүртлээ ажиллаад л явж байна.

-Хөт П.А: Хүмүүсийн анхаарлын төвд байдаг хүн онигоонд их ордог. Миний насныханд хүртэл таны онигоо их сонсогддог. Миний хувьд таны хурц ухаантай холбоотой байх гэж боддог юм?
-Би чинь бас олныг баясуулагч хэмээх цолтой хүн. /Инээв/ Энэ цолыг улсаас өгсөн хойно олон түмэн надаар баяс ч л байг л дээ.

-Хөт А.П: Монгол хүмүүс даруу зангаасаа болдог юм уу, энэ хорвоогоос нэгийгээ явсны дараа л ярьж, хөшөө дурсгал босгох гээд байдаг. Миний хувьд тантай уулзаж байгаа учир Монгол бөхийн спортод таны үлдээсэн гавьяа юу вэ  гээд шууд асуучихмаар байна?
-Юуны түрүүнд наадмын түрүүг  хоёр оронтой тоонд хүргэсэн. Бөх хүн 10 жилийн зайтай болдог хоёр ойд сайндаа л хоёр л удаа барилддаг. Миний хувьд өөрт оногдсон ардын хувьсгалын 50 жилийн ойд 27 насандаа, 60 жилийн ойд 37 насандаа түрүүлж байлаа. Мөн 29 жилийн хугацаанд төрийн наадмын түрүүг хүртэх хэмжээнд барилдсан. Үүгээрээ бахархаж явдаг.

-Хөт Б.Л: Та юу юунаас ичдэг хүн юм бэ?
-Өөрийнхөө төлөө ичих ч гайгүй. Хүний өмнөөс ичих л хамгийн муухай. Ямар нэгэн юмыг хүн авах сайхан. Авсан зүйлээ хамгаалах бэрхшээлтэй. Сайхан аварга, арслан цол хүртчихээд  дараагийн наа­дамд хоёрын даваанд ч юм уу, жаахан бандитай ноцолдоод дийлэхгүй бол онигоо шүү дээ. Шинэ залуу бөхчүүд ч энэ талаар бодох хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
sain saihaniig hvsii avragaa ger bvld chin bas ervvl enhiig hvsii
goe yariltslaga bn. avragadaa urt udaan nasalhig erooe.
Хамгийн их уншсан