Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Эмээлт зах “амарч” байна


Зуны аагим халуун шарж хотод амралт зугаалгын цаг эхэлж өвөлжин их хотын утаа, стресст түүртсэн иргэд хөдөө орон нутгийн зүг хүлгийн жолоо зална. Гэр бүл, найз нөхөд, хамт олноороо том жижиг бүхий л төрлийн машинд ачаа бараагаа ачаалжээ. Зургадугаар сарын сүүл эдгээр өдрүүдэд 22-ын товчооны ачаалал хэд дахин ихэсч өдөрт 500-600 машин хотоос гардаг гэсэн тооцоо нийслэлээс гаргасан байдаг. Тэгвэл эдгээр хотоос гарч байгаа болон хотод орж ирж байгаа хүмүүс мал болон  түүхий эдээ “Эмээлт” захын ченж нарт борлуулдаг заншил тогтоод нэлээд хэдэн жилийг ардаа орхижээ. Ийнхүү хэсэг хэсгээрээ малаа борлуулах нь олон сөрөг үр дагаврыг дагуулж замын хөдөлгөөнд саад учруулах, орчны бохирдол, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй учир өнгөрсөн жил СХД-ийн Засаг даргын захирамжаар “МИК Эмээлт” ХХК-ийн хашаанд төвлөрүүлэн "Эмээлт" амьд малын худалдаа, захыг нээсэн. Авто машины зогсоол, малын хашаа, усалгааны цэг, мал төхөөрөх хэсэг, хогийн цэг, агуулах, мал эмнэлэг, хоолны газар зэргээр энд худалдаа эрхлэгчдэд шаардлагатай бүхий л асуудлыг цогцоор нь шийдсэн байдаг. Тус захад мал үнийн хувьд хонь 120-220, ямаа 100-140 мянган төгрөгөөр борлуулж байв. Төлөг, жижгэвтэр хонь 100-120 мянга, дунд зэргийнх нь 160-180, бүдүүн эр хонь 200-220 мянган төгрөг хүрч байгаа бол  борлон ямаа 800-100, бие гүйцсэн нь 120-140 мянган төгрөгөөр худалдаалагдаж байв. Малын ченж нар харилцан адилгүй үнэ хэлэлцэх бөгөөд нэг мал авахад 20-25 мянган төгрөг татаж байсан бол хоёр гурваар нь авна гэвэл бараг 50 мянган төгрөгөөр хямдруулж байлаа. Энэ талаар тус захын ченж залуу “Одоо борлуулж байгаа үнэ бол хамгийн доод үнэ шүү. Долдугаар сар дөнгөж гаруут малын үнэ даруй өснө. Хүмүүс баяр дөхөөд ирэхээр мал олон болж  үнэ нь хямдарна гэж боддог. Тэгвэл харин ч эсрэгээр нэмэгддэг. Би байгаа хэдэн малаа хямд үнээр борлуулаад дараагийн шинэ малаа бэлдмээр байгаа юм. Иймээс үнийг нь  нэлээд татаж өгч байгаа шүү. Энэ өдөр амралтын өдөр болохоор худалдан авагч элбэг орлого сайтай байна” хэмээв. Үнэхээр ч амралтын өдөр болохоор хотоос гарч мал авч хорхог, боодог хийж идэх гэж бэлтгэж яваа иргэн олон харагдсан.
Мал худалдан авах талаар яриа ченж залуутай өрнүүлэнгүүт л хажууд нэг бүсгүй ирж “Малаа гаргуулах уу. Гэдсийг нь цэвэрлүүлэх үү” хэмээн лавлана. Мал төхөөрдөг иргэд хонь, ямааг 5000 төгрөгөөр төхөөрч  арьс, өлөн гэдсийг нь худалдан авдаг аж. Мөн мөнгөгүйгээр малыг нь гаргаж өгөөд өлөн гэдэс эсвэл арьсыг нь ажлын хөлсөндөө авч болох талаар ч хэлж байсан. Мал худалдан авах гэсэн иргэд ээлж дараалан ирж үдээс хойш болох тусам нэмэгдсээр байгаа харагдав. Энэ өдөр амралтын өдөр дээр нь СХД-ээс иргэдийн баярыг Хүй долоон худагт “Монгол наадам цогцолбор”-т зохион байгуулж байгаа тул иргэдийн цуваа тасрахгүй байна гэдгийг “Эмээлт” захын ченж нар хэлж байсан.

 Түүхий эд ховорджээ

Эмээлт захад өөр нэг эрэлттэй байдаг зүйл бол малын түүхий эд. Ченж нар эндээ малын түүхий эдийг хямд бөөний үнээр худалдан авч цааш дамладаг. Эндхийн ченж нарыг голдуу хятадын гар хөл бологсод хэмээн нэрийддэг. Үнэхээр ч малчдаас  захын ченж нар түүхий эдийг нь худалдан авч БНХАУ руу гаргадаг гэдгийг захын хүн мэднэ. Энд ноос, ноолуур, арьс шир байнга авна гэсэн хаяг үүдэндээ өлгөсөн газрууд олон. Үүдэнд нь машин зогсонгуут юу өгөх үү. Ямар наймаа байна гэсээр ченж нар угтана. Жил бүрийн хавар, намрын улиралд Эмээлт захын ченж нарын наймаа одтой байж түүхий эдийн олдоц ч нэмэгдэж ёстой л нэг наймааны од нь гийж түм түчигнэж бум бужигнадаг гэхэд хилсдэхгүй. Харин одоогоор нам гүмхэн байна. Учир нь, түүхий эдийн олдоц муудаж арьс шир тушаах малчид ч нүдний гэм болсон гэнэ. Тиймээс ч зарим түүхий эд авах цэгүүд нь үүдээ түр хугацаагаар бариад байгаа аж. Энэ талаар өөрийгөө Л.Батдорж хэмээн танилцуулсан  ноолуур, арьс ширний ченж залуу “Бидний ажил одоо зогсонги байдалд байна. Түүхий эдээ тушааж байгаа малчин ч гэж алга. Өмнөх жилүүдэд зуны улиралд наймаа муу байдаг байсан. Гэхдээ арай ч энэ жилийнх шиг муу байсангүй. Хавар ч гэсэн ноолуурын олдоц муу байсан. Энэ жил бүр ч тааруу байна. Намраас арай гайгүй болох болов уу гээд л хүлээж сууна. Манайхаар өдөрт багадаа арав гаруй хүн орж ирээд түүхий эдээ тушаагаад явдаг байсан бол өнөөдөр өдөрт хоёр гурван л хүн орж ирж арьс ширний үнэ асуугаад л гарч байна. Эдийн засаг хямарсан гээд л байгаа. Гэтэл малчид бүр түүхий эдээ тушаахаа байлаа. Малаа ч бараг тушаахгүй байна. Тэгэхээр малчид мөнгөтэй л байна гэсэн үг. Хэрэв бид үйлдвэр ажиллуулдаг байсан бол өдийд аль хэдийнэ дампуурсан байх. Миний хувьд илүү дутуу зардал бараг гаргадаггүй  дотроо хоолоо хийж идээд гэр рүүгээ алхаад л орчихдог болохоор үлгэн салган нэг муу юм байгаад байна. Гэр нь хотод байдаг ченж нар бол үүдээ бариад намар болтол ирэхгүй гээд явсан” гэж байлаа.
Эмээлт захын ченж нар “Малчдад бэлэн мөнгөний шаардлага гарахгүй байгаа болохоор малаа тушаахгүй байна. Төр засгийн зүгээс багахан хэмжээний үйл ажиллагаа явуулж байгаа наймаачид үйлдвэр эрхлэгчдийг татвар, түрээс хэмээн дарамталж байхаар малчдаасаа тэр татварыг нь авч баймаар юм. Мах, малаа тушаах гээд ирэхээрээ тэнгэр хадсан үнэ хэлнэ. Бид яахав түүхий эд олдохгүй байгаа хүмүүс малчдын аманд багтаж бараг хэлсэн үгэнд нь авч байна даа” гэв.
Хэдийгээр түүхий эдийн олдоц муу байгаад ченж нар малчдыг буруутгаж байгаа ч нөгөө талаас хаврын хавсарга, өвлийн хүйтэнд даарч хөрөн байж өдий зэрэгт хүргэсэн хэдэн малаа юу гэж л хямд үнээр тавиад туучих билээ. Магадгүй хөдөө аж ахуйн бирж албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлснээр захын ченжийн зах зээл хумигдсан ч байж болох.
Энд ноолуурыг килорграммыг нь 48 мянган төгрөг, хонины нэхий 2000, үхрийн шир 40 000 мянган төгрөгөөр худалдан авч байлаа. Одоогоор ноос гараагүй байгаа тул ноосны үнийг тодорхойлж хэлэх боломжгүй гэсэн. Ямартай ч түм түжигнэж бум бужигнаж байдаг  “Эмээлт” захынхан нам гүмхэн байж амьсгаа авахыг хүлээн суух. Учир нь, Үндэсний их баяр наадам болохоор зах зээл идэвхжинэ хэмээн найдвар тавьж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан