Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Аж үйлдвэр ба монголчуудын хэтэвч

Т.ЖАНЦАН

Эдийн засаг хүндэрч иргэдийн орлого хумигдлаа. Үүнийг зарим судлаач, эдийн засагч, хувь хүмүүс эдийн засгийн хямралтай байна гэж тодорхойлж буй. Тэгвэл төр засгаас манай эдийн засаг арай ч хямраагүй. Түр зуурын хүндрэл тохиолоо. Манай улсын гадаадын хөрөнгө оруулалт буурсан, экспортын ашигт малтмалын үнэ унасан зэрэг шалтгаан дурддаг. Хүндрэл ч бай хямрал ч байсан монголчуудын худалдан авах чадвар буурсныг аль ч зах, худалдааны төв, дэлгүүрийн лангууны худалдагч хэлээд өгнө. Иймд хүмүүс цалингаа нэмүүлэх, цаг хугацаандаа цалингаа авах, ажлын байраа хадгалж үлдэхийг  хүсэх болсон.  Мөн хувийн бизнес эрхлэхийг хүсдэг ч гарааны хөрөнгө оруулалт, банкны барьцаа хөрөнгө, баталгаа, зээл олдохгүйн гачлан бий. Монголчуудын энэ бүх асуудал манай улсын эдийн засгийн тогтолцоотой холбоотой. Бид өнөөдөр хоёр толгойгоо ухаж экспортлоод баян чинээлэг, дутагдах, гачигдах зүйлгүй амьдарна гэж төр засгаас олон жил ярьж бас ч чамгүй хэрэлдэж маргалдлаа. Энэ хэрүүл маргаан ч дуусаагүй. Учир нь зэс алтны Оюутолгой, нүүрсний Тавантолгойн орд монголчуудын аж амьдралыг яаж  өөд нь татах  гээд байгаа талаар тодорхойгүй хэвээр. Одоо энэ хоёр ордын нэр улиг болж, итгэл үнэмшил төрүүлэхээ ч больж. Эдгээрээс гадна төмрийн хүдэр, цайр, газрын тос гээд 80 гаруй төрлийн ашигт малтмалын нөөц бий. Заримыг нь ч ашиглаж буй тул улсын төсөвт чамгүй мөнгө оруулдаг болоод байгаа.

Уул уурхайн яамны мэдээллээс үзвэл ашиглалтын 1200 гаруй лиценз бий. Үүнээс 250 орчим уурхай ажиллаж байгаа гэдэг. Ингээд уул уурхайн салбар эдийн засгийн 20, төсвийн орлогын 40 хувийг бүрдүүлдэг болсон.  Түүнчлэн экспортын орлогын 90 хувь нь тус салбарт ногддог.  Тэгэхээр   нүүрс, жонш зэрэг ашигт малтмалын үнэ хоёр, гурван жил дараалан унахад л манай эдийн засаг сульдсан билээ. Цаашид ирэх хоёр жилд ашигт малтмалын үнэ хямд хэвээр байх төсөөллийг судлаачид хэлж байгаа. Энэ бүгд нь манай эдийн засгийн дан ганц уул уурхайгаас хараат болсныг илтгэж буй тод жишээ.

Засгийн газар цалин нэмэх, эдийн засгийн хүндрэлээс гарах олон арга сүвэгчилж байгаа ч үр дүн нь овойж товойж гарч ирэхгүй л байна. Өөрөөр хэлбэл, өвчтөнд вакцин хийгээд эдгэхгүйтэй адил юм. Хамгийн гол нь, өвчнийх нь оношийг зөв тавьж тохирсон эмчилгээ хийх нь чухал байдаг. Үүний адил эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийж алдаа дутагдлаа засах ёстой гэж судлаачид хэлж байгаа. Иргэд ч мэддэг, ярьдаг болсон. Нэг ёсондоо төр засгаас эдийн засгийн хямралын эсрэг авч буй арга хэмжээ нь түр зуурын амь тариа гэдэг билээ.
Иймд эдийн засгийн сульдаагаа эмчлэхийн тулд ашигт малтмалаа олборлож худалдах бус боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах аж үйлдвэр хөгжүүлэх нь чухал. Тэгэхдээ олборлож буй бүх ашигт малтмалаа бус тодорхой нэр төрлийн, зохистой хэмжээг нь боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгох асуудал юм. Түүнээс биш хэдэн мянган жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэл хөгжүүлээд улс орон, нийгэм, эдийн засагт томоохон өөрчлөлт гарахгүй.  Аж үйлдвэр хөгжиж байж бусад жижиг үйлдвэрлэгч, бизнесийг чирч явдаг жамтай. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хөдөлгүүр нь нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл. Жишээ нь мянга, мянган ажилтантай “Эрдэнэт”, “Дар­ханы төмөрлөгийн үйлдвэр”-т гэхэд ажлын бээлий, хувцас, ган бөмбөлөг, хоол хүнс, алчуур, савангаас өгсүүлээд үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэгцээний олон төрлийн бараа бүтээгдэхүүн хэрэг болдог. Тэр бүгдийг нь ёстой нөгөө дотоодын жижиг дунд үйлдвэрлэгчид ханган нийлүүлнэ. Гэхдээ хэн чанар стандарт, шаардлагад нь нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлнэ,  түүний бизнес амжилт олно гэсэн үг. Энэ нь дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих нүдээ олсон бодлого болж хувирах төдийгүй олон мянган ажлын байр шинээр бий болгож байдаг.

Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор хөгжлийн хаалга нээх цоожны түлхүүр

Манай эдийн засагт  том өөрчлөлт авч ирэх төсөл бол “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” билээ. Энэ төсөл нь манай улсын хөгжлийн стратегийн хүрээнд эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, ашигт малтмалын экспортод суурилсан загвараас гаргаж нэмүү өртөг шингээсэн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм. Улмаар дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон болох урт хугацааны зорилт бий. Монгол Улсын ДНБ-д аж үйлдвэрийн салбар 2009-2012 онд  жилд дунджаар 25  хувийг эзэлсэн судалгаа байдаг. Харин боловсруулах аж үйлдвэр дөнгөж зургаан хувийг нь бүрдүүлж байна. НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын судалгаагаар хөгжиж буй орнууд аж үйлд­вэрлэл хөгжүүлж чадвал эдийн засгийн үсрэлт хийх боломж бий аж.  Иймд боловсруулах үйлд­вэрлэлийн бодлого хэрэг­жүүлэх нэн тэргүүний шаардлага манай улсад байгаа юм.

Уг нь, 2012 онд төрийн өмчит “Сайншанд аж үйлд­вэрийн цогцолбор” ХХК үүс­гэн байгуулсан. Гэвч өнөөг хүртэл “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” төс­лийг хэрэгжүүлэхэд төр засаг хойрго хандсаар. Энэ төс­лийн хүрээнд ямар ямар үйлдвэр байгуулахыг дор өгүүлье.

Гангийн цогцолбор үйлдвэр

Энэ үйлдвэр жилд таван сая тонн эцсийн бүтээгдэхүүн гаргана. Манай улс одоогоор нэг тэрбум гаруй тонн төмрийн хүдрийн нөөцтэй. Үүний 600 сая тонныг нь ашиглах боломжтой хэмээн үздэг.   Гол түүхий эд нь ангижруулсан төмрийн үйлдвэрийн бүтээгдэхүүн байна.

Коксын үйлдвэр

Тавантолгой, Овоот толгойн нүүрсний ордын нүүрсийг ашиглаж жилд  2.2  сая тонн кокс үйлдвэрлэнэ.  Зөвхөн Тавантолгойн ордод 6.4 тэрбум тонн нүүрсний нөөц батлагдсан. Үүний 4.6 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрс.

Зэс хайлуулах үйлдвэр

Монголд 31.3 сая тонн зэсийн нөөц бий. Эрдэнэт, Оюутолгой, Цагаан суваргын зэсийн баяжмалыг ашиглаж жилд 175-450 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэх боломжтой.

Цахилгаан станц

Сайншандад 465 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц барина. Монгол орон 170 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэдэг. Ойролцоох нүүрсний уурхайнуудаас түлшээ татан авна.

Нүүрс холих үйлдвэр

Жилд 20 сая тонн бүтээгдэхүүн гаргана. Энэ  үйлдвэрийн үндсэн түүхий эд нь эрчим хүчний нүүрс. Иймд  Коксын үйлдвэрт дурдсан Тавантолгойн ордын 4.6  тэрбум тонн эрчим хүчний нүүрснээс түүхий эдээр хангах боломжтой.
Эдгээрийг дагалдаад өөрийн бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх жижиг, дунд үйлдвэр олноор бий болно. Мөн ус хангамж, дулаан, эрчим хүчний шугам, зам тавигдаж суурьшлын шинэ бүс үүсэх юм. “Сайшанд аж үйлдвэрийн цогцолбор” төслийн шинэчилсэн мастер төлөвлөгөөнд нийт хөрөнгө оруулалт нь 15.5 тэрбум ам.доллар байна. Дээрх үйлдвэрүүд байгуулагдснаар монголчууд 2021 он гэхэд 41 тэрбум ам.долларын ашиг хүртэх боломж бий.

Цаашид үр ашиг нь дээшилж 2035 оны байдлаар тооцон үзвэл  Монгол Улсын Засгийн газарт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 693, цалингийн татварт 38, нөөц ашиглсаны татварт 281 сая, нийт нэг тэрбум гаруй ам.долларын орлого төвлөрүүлдэг болно. Үүнээс гадна өндөр цалинтай ажлын байр олноор бий болох боломжтой. Тухайлбал, 2025 он гэхэд 7240 хүн эдгээр үйлдвэрт ажиллана. Тэдний 90 хувь нь монгол үлдсэн нь гадаад ажилтан байна. Ингээд 76 орчим мянган хүн амтай хот бий болох тооцоо бий. Мэдээж энэ бүгдийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулна гэж үгүй. Монгол Улсад аж үйлдвэрлэл хөгжүүлэх олон давуу талтай. Жишээлбэл, Хятад, Орос гээд хоёр том зах зээлтэй хөрш. Мөн Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Европт бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой юм.

Үүнээс гадна ашигт малт­ма­лаар баялаг  тул үйлд­вэр­лэлийн түүхий эдээр  тас­ралтгүй хангаж чадна. Иймд аж үйлдвэрийн төслүүдийг хувийн хэвшлийг эзэмшиж, сан­хүүжүүлэх учиртай.  Тэгэ­хээр аж үйлдвэрийн төсөлд хөрөнгө оруулагч олдохгүй гэх зовлон үгүй юм. Харин суурьшлын бүсийн  бүтээн бай­гуулалтын төслийг төр хувийн хэвшилтэй хамтран эзэмшиж хөрөнгө оруулалт хийх боломж бий. Хамгийн гол нь төрийн эрх баригчид энэ төслийн үр шимийг олж харж, үнэлж цэгнээд хэрэгжүүлэх нь чухал билээ. Иймд “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” төс­лийг хэрэгжүүлж чадвал Мон­голын эдийн засаг сульдаагүй, бяртай чадалтай болох бүрэн боломжтой. Хамгийн гол нь, хөгжилд хүрэх хаалгыг нээх цоожны түлхүүрийг эргүүлж өгөхийг өнөө цаг үе, иргэдийн аж амьдрал, эдийн засгийн нөхцөл төрийн эрх баригчдаас шаардаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан