Л.НОМИН
Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын бүтэц уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд голлон тулгуурлаж буйг өөрчилж, эдийн засгийн олон тулгуурт бодлого хэрэгжүүлэх тухай ярьж, бичсээр багагүй хугацаа өнгөрлөө. Гэвч бодит байдал дээр төдий л биеллээ олсон нь үгүй. Экспортод гаргасан бараа бүтээгдэхүүний 80 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлсэн хэвээр. Дотоодын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас болоод улам хумигдсаар, зарим нь үүд хаалгаа барихад хүрсэн.
Аливаа салбарын хөгжилд юуны түрүүн төрийн бодлого, холбогдох хууль, тогтоол, баримт бичиг гаргах нь чухал. Тийм ч болохоор Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Монгол Улсыг үйлдвэржүүлэх чиглэлийн цогц бодлого тусгасан. Үйлдвэржүүлэх тухай ч байнга хөнддөг боловч одоо л төрийн бодлого нь батлагдан гарах гэж байна. Улс төрийн ороо бусгаа энэ цаг үед тодорхой нэг салбарын хөгжлийн бодлогыг батлуулна гэдэг амаргүй даваа. Ямартай л энэ оны хоёрдугаар сарын эхээр УИХ-д өргөн барьсан Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого хэдэн сарын дараа л нэг юм эцсийн хэлэлцүүлэгт орохоор болж байна. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, түүнтэй уялдаатай Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг маргааш хэлэлцэхээр товлосон. “Үйлдвэрлэгчдээ дэмжье” гэж лоозон барих нь холгүй болдог УИХ-ын эрхэм гишүүдийн хэлсэндээ хэрхэн хүрдгийг энэ хуулийг яаж дэмжихээс харагдах биз ээ.
УИХ-д энэ сарын эхээр өргөн мэдүүлсэн Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг мөн шийднэ. Уг хуулийн төслүүд үйлдвэрлэгчдэд хүлээлт үүсгээд байгаа олон чухал асуудлыг тугасан. Ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах дээрх хуулийн төсөлд хамаарахгүй. Өрсөлдөх чадвартай, нэмүү өртөг шингээсэн байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнийг экспортод гаргах, импортыг орлох үйлдвэрлэл эрхэлж буй дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилготой юм.
Боловсруулалт хийх зориулалттай, үл хөдлөх хөрөнгө, техник, технологи, тоног төхөөрөмж, мэргэжлийн хүний нөөц, дэд бүтцийн цогцолбор бүхий аж ахуйн нэгж байх ёстой гэдэг шаардлага тавьжээ. Нээлттэй хувьцаат компани, үндсэн болон туслах материал бусад хэрэгцээт бараа, ажил үйлчилгээний 60-аас доошгүй хувийг дотоодын үйлдвэрлэгч хангасан байх юм бол Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас дэмжихээр тусгаж. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 50-иас дээш хувийг экспортод гаргаж байгаа үндэсний технологийн шинэчлэл хийсэн хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний хөнгөлөлттэй зээлийг нь төрөөс 10 жилийн хугацаатай нэг удаа олгох гэнэ. Харин өндөр үр ашиг бүхий дэвшилтэт технологи болон өндөр технологи нэвтрүүлж нутагшуулсан экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх хугацаанд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хувь хүртэлх хэмжээний дэмжлэг нэг удаа улсын төсвөөс буцаан олгох тухай Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлд тусгасан байна.
Дээрх дэмжлэгийг авахын тулд олон улсын байгууллагаар сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан үнэлгээ хийлгэсэн байх, эрдэм шинжилгээний байгууллагаар дэвшилтэт болон шинэчилсэн технологийн түвшний үнэлгээ хийлгэх шаардлагатай. Яагаад ийм нарийн шалгуур тавьж байгаа вэ гэвэл сүүлийн жилүүдэд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан зарим аж ахуйн нэгж хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, үйлдвэрлэл эрхэлдэггүй, бүтээгдэхүүн гаргадаггүй гэх мэт маш олон зөрчилтэй гарсан. Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэнэ хэмээн хөнгөлөлттэй зээл авсан мөртлөө Хятадаас импортоор оруулж ирсэн нь илэрсэн. Засгийн газраас 23 тэрбум төгрөгийг оёдлын үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл болгон өгснийг буруугаар ашигласан 13 компани шүүхийн хаалга татахаар болоод буй. Энэ мэтчлэн үйлдвэрлэл дэмжих гэсэн бодлогыг мушгин мөнгө олох арга хэрэгсэл болгож буй учир тодорхой шаардлага тавих нь зүйн хэрэг. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл аваад цаасан дээр л үйлдвэр байгуулсан баримтууд ч бий. Гэхдээ Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиар жижиг дунд үйлдвэрүүдэд хамаарахгүй. Жижиг дунд үйлдвэрийн хуулиар зохицуулдаг учир дээр дурдсан өрсөлдөх чадвартай, импортыг орлох, экспортыг дэмжих, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж ахуйн нэгжүүдэд л хамаатай.
Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлтэй хамт дөрвөн хуулийн төсөл, нэг тогтоолын төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар байгаа. Түүний нэг нь болох Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд ийм өөрчлөлт тугасан. Ноос, ноолуур, арьс, ширээр хийсэн бүтээгдэхүүнийг экспортод гаргавал Нэмэгдсэн өртгийн албан татварыг тэглэх. Энэ нь арьс, ширийг дотооддоо боловсруулах нэг төрлийн хөшүүрэг болно. Бүрэн боловсруулахгүй шууд гаргалаа гэхэд нэг үхрийн шир 30-40 мянган төгрөг л болж буй. Тэгвэл эцсийн бүтээгдэхүүн болгож цүнх үйлдвэрлэлээ гэхэд нэмүү өртөг нь шингэж, албан татваргүй болно гэсэн үг. Нэг ширхэг үхрийн ширээр ойролцоогоор 4-5 ширхэг цүнх хийх боломжтой гээд бодоод үзэхэд орж ирэх мөнгө нь хэд дахин нэмэгдээд ирнэ. Арьс, ширийг түүхийгээр нь урд хөрш рүү зөөх нь ч дагаад багасах юм. Тиймээс л үйлдвэрлэлийг дэмжих бодлого, холбогдох хууль эрхзүйн орчноор хөрс сууриа сайтар тавьж өгөх шаардлага яахын аргагүй бий.