Ц.ХАС
Далхаа гуай бид хоёр хэдэн жилийн өмнөөс танил болсон. Саяхны нэг өдөр тэрээр утас цохиж “Хөөе, ахынх нь анх байгуулж байсан ХААН банк Монгол Улсын шилдэг банкаар шалгарлаа шүү дээ” гэж байна. Үнэхээр ч Олон улсын банк санхүүгийн тойм буюу “Global Banking & Finance Review” байгууллага энэ банкны иргэд, харилцагчдыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд, санхүүгийн найдвартай, тогтвортой байдал, иргэдэд хүргэх банкны үйлчилгээний салбар нэгжийн хүртээмж зэргийг үнэлэн 2015 оны Монгол Улсын Шилдэг Иргэдийн Банкаар шалгаруулсан юм байна. Нийт харилцагчийнх нь 98 хувийг иргэд эзэлдэг энэ банк 2014 онд гэхэд л Засгийн газраас хэрэгжүүлж байгаа олон талт төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж 3,473 иргэн, аж ахуйн нэгжид 20 төрлийн төслийн зээлд 73,3 тэрбум төгрөг олгожээ.
Энэ нь чухамдаа улс орны эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлж байгаа гэдэг нь ойлгомжтой.
Тэртээ 1991 онд Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж ганцхан Монгол банктай байсан хуучин тогтолцоог задлан арилжааны банк байгуулагдаж эхэлсний нэг ХААН банкны суурийг тавьж банк санхүү шинэ голдиролд нь оруулаад Цэрэндашийн Далхаа гэдэг энэ давжаахан эр ёстой зүтгэсэн гэж банкны салбарынхан ярьдаг юм билээ. Ийм ч болохоороо тэрээр энэ банк нь шилдэг болоход баярлалгүй яахав.
Өөрөө ч энэ тухай “Шинэ юм бүхэн бэрхшээлгүй бүтэх нь ховор. Хэдийгээр аймаг сум бүрт банкны салбартай байсан ч түүнийг жинхэнэ зах зэлийн үед ажиллах арилжааны банк болгохын тулд тэр үед бид Монгол Улсынхаа бүх аймаг суманд очиж нэг бүрчлэн зааж зааварлаж явлаа шүү дээ” гэж хуучлах. Иймдээ ч тухайн үед Монголбанкинд харьяалагдан үйлчлүүлж байсан нийт харилцагчийн 80 хувь нь энэ банкинд шилжиж ирсэн гэдэг.
Далхаа гуайг банкныхан бас “Хадгаламж Далхаа” гэх нь бий. Энэ нь тэрээр бүр өнгөрсөн зууны дунд үеэс иргэдийг хуримтлалтай болгохын тулд хадгаламжийн үйлчилгээг чухалд үзэж нийтийн хүртээл болгохын төлөө зүтгэсний төлөө хайрласан нэр.
Айл өрх, хүн бүрийн орлого тийм өндөр биш ч амьдрал нь боломжийн, ийм болохоороо мөнгөө банкинд хадгалуулж мөнгөн хуримтлалтай болох нь ховор байсан тэр үед хадгаламжийн давуу тал, үр шимийг сурталчлан банкны санг арвижуулах Далхаа гуай юу эсийг хийсэн гэхэв. Шүдэнзний хайрцаг дээр хадгаламжийн давуу талыг сурталчилсан зураг тавихыг санаачилж, өөрөө хүртэл зураг загварыг нь гаргаж байсан гэдэг. Ер нь, тэрээр хүмүүсийг, айл өрхийг мөнгөн хуримтлалтай байлгахын ач ажиллахдаа ч зүтгэж явсан, өнөө ч зүтгэсээр байгаа нэгэн.
Нас сүүдэр 70 хэвийж гавьяаны амралтдаа хэдийнэ гарсан ч өнөөдөр мөн л иргэдийг мөнгөн хуримтлалтай болгох зориулалттай “Алтан төгрөг бололцоо, боломж сан” гэдэг байгууллага байгуулан банкны байгууллагатай хамтран ажиллаж байна.
Энэ сан, банк, иргэний гурвалсан гэрээгээр баталгаажсан энэ үйлст иргэд их л талархалтай хандаж өнөөдөр эгнээ нь улам өргөжин, өөрөө өөрийнхөө мөнгөөр хуримтлалтай болж байгаа иргэний тоо өссөөр байна.
Хэсэг иргэд нэг бүлэг болон сан, банктай гурвалсан гэрээ байгуулж хуримтлал үүсгээд ээлжлэн захиран зарцуулдаг энэ сангийн нь тухай “Таны энэ чинь хадгаламж зээлийн хоршоо шиг хүмүүсийг хулхидчихаад дампуурлаа гэх юм биш биз” хэмээн тоглоом шоглоом болговол Далхаа гуай “Хаанаас даа. Нэгд, ард нь банк гэж том байгууллага байна. Хоёрт банкны эрсдлийн даатгалд хамруулсан. Гуравт тухайн хүний нийлүүлсэн мөнгөний зохих хэсгийг банкинд хадгаламж хэлбэрээр байрлуулж хүү тооцон өгч байх юм” гэж ам бардам хэлж сууна. Тэгээд ч цаашдаа тусдаа ийм сан байх биш, банкны нэг үйлчилгээ болгох талаар зохих хүмүүс нь судалж байгаа юм билээ гэж байна.
Эрхэлдэг ажлынхаа төлөө, олны төлөө гэсэн сэтгэл ер нь хүнээр юуг ч хийлгэдэг юмсанж. Тэрээр Засгийн газрын шагнал “Санхүү банкны тэргүүний ажилтан” цол тэмдгийн загвар гарган батлуулж олгодог болсон нь өнөөдөр энэ салбарын 30 гаруй мянган хүний энгэр дээр гялалзаж явна. “Хадгаламж Далхаа” хэмээн нэрийдсэн Цэрэндашийн Далхаа гэж хааяа уулзаж, утсаар ярихдаа банкны тухай л ярьж явдаг нэг ийм хүн байх.