Л.НОМИН
Монгол Улсын Үндсэн хуульд “Газар, түүний хэвлий, ой ус, амьтан, ургамал болон байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Энэ заалт нийслэл Улаанбаатарт хэр мөрдөгддөг вэ гэж асуувал ихэнх нь “Хэрэгждэггүй” гэж хариулах биз. Хотын төвд ганцхан ам.метр газар олдохгүй болтлоо шахцалдаж аж төрж байна. 1,5 сая хавтгай дөрвөлжин газар нутагтай Монгол Улсын хүн амын дийлэнх нь нийслэлдээ амьдардаг ч тэр бүр тохь тухтай орчинд байгаа нь тун цөөн. Өнгөрсөн хугацаанд хот төлөвлөлт гэж байсан уу, яаж хийж вэ гэдэг ялгаа нь доор дурдах хэдхэн баримтаас тодорхой харагдах болов уу.
Газрын наймааны алтан үе
“Хотын төвийн А зэрэглэлийн нэг га газрыг нэг сая ам.доллараар зарна” гэдэг зарлал бол алтан үеийн бодит баримт. Ялангуяа 2004-2008 оныг нэрлэж болно. Энэ үед газрын зөвшөөрлийг хамгийн ихээр өгч байсан гэдэг. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт 2000 онд нэг ч барилга байгаагүй. Хотын төвөөс холгүй байх энэ газрын тухайн үеийн нийслэлийн удирдлагууд өөрсдийн нэр дээр авч арилжсан тухай ярьж, бичсээр буй. 26 дугаар хороо гэдэг нь “Нарантуул” захын зүүн урд, зүүн талын хэсэг. Одоо тэнд очоод үзвэл завсар зайгүй барьсан олон өндөр орон сууцтай хороолол, хотхон цөөнгүй. Энэ хороонд амьдардаг эмээгийндээ зочилж очих бүртээ машины зогсоол хайж багагүй хугацаагаа үрдэг давчуухан орчинтой. Нагац эгчийн хэлснээр хотын төв рүү хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт зөөдгийг нь буруутгах аргагүй. Яагаад гэвэл 26 дугаар хороонд улсын цэцэрлэг, сургууль байхгүй. 15 мянган иргэнтэй өч төчнөөн хороололтой хороо байж арай ч дээ гэж бодож билээ. Гэтэл уг үндсийг нь судлаад үзвэлд гол учир шалтгаан нь төлөвлөлтгүйгээр хотын газрыг дур мэдэн наймаалцсанд байж.
Бүтээн байгуулалт хийж, тав тухтай орон сууц олноор барьсан мэт боловч нэг хороонд 15 мянган иргэн харьяалагдаж, төрийн үйлчилгээ авч чадахгүйд хүрээд байгаа юм. Хувийн хэд хэдэн цэцэрлэг, сургууль байгаа ч төлбөр мөнгө нь өндөр. “Орчлон” сургууль гэхэд 10-15 сая төгрөг, цэцэрлэг нь 10 сая төгрөгийн төлбөртэй байх жишээний. Уг нь сургууль, цэцэрлэг барих газар байгаа боловч бэл бэнчинтэй нэгний мэдэлд байдаг төдийгүй дахиад л орон сууц, дэлгүүр барихаар зэхэж байгаа аж.
3000 хүнтэй захын нэг суманд хүртэл сургууль, цэцэрлэгтэй байхад хотын төвийн орон сууцанд амьдарч буй 15 мянган иргэн сургуулийн өмнөх суурь боловсрол хүүхдүүдэд олгох боломжгүй байдалдаа дасан зохицож байна.
Хэрэв хотынхоо ерөнхий төлөвлөлтийг гаргаж, түүнийхээ дагуу бүтээн байгуулалтаа хийсэн бол гэж халаглаж суугаа цөөнгүй иргэнтэй тааралдана. Анх газар олгохдоо л нэг хороонд эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих болзол тавих байсныг иргэд хэлж байна. 2003 оноос газрын төлөвлөлт битгий хэл дуудлага худалдаа ч зохиолгүй газар өгч байж. Хэн нэг даргын гарын үсэгтэй албан бичигээр л өгч, авалцсан баримт дурайна. Тэр гарын үсэг хэнийх байв аа. 1999-2005 он хүртэл хотын дарга М.Энхболд, 2005-2007 онд Ц.Батбаяр, 2008-2012 онд Г.Мөнхбаяр нар ажилласан гэдгийг сануулах хэрэгтэй. Мөн 1997-2012 он хүртэл Нийслэлийн газрын албанд төлбөрийн байцаагчаас эхлээд ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, тус албаны дэд дарга, дарга болтлоо дэвшиж ажилласан Ц.Сандуй нар энэ хот төлөвлөлтийн алдаатай бодлоготой уялдах учиртай. Хотын дарга асан Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нарын үед Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрыг захирамж гарган олгосон байдаг.
Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны иргэн Д.Одонтуяагийн эзэмшлийн газрыг М.Энхболд, тус дүүргийн иргэн Н.Саруулбаатарын эзэмшлийн газрыг Ц.Батбаяр, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны иргэн М.Алгирмаагийн газрыг болон “Саруулсайхан” ХХК-ийн газрыг Т.Билэгт /НИТХ-ын дарга асан/, Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны “Ди Ти Өү” ХХК-ийн газрыг Б.Батзориг /Засаг дарга асан/, Баянзүрх дүүргийн “Дүнжингарав” ХХК-ийн газрыг Г.Мөнхбаяр нарын гарын үсгээр өгсөн баримт байгаа юм.
Харин олон жил алдаатай явж ирсэн бодлогыг зах зухаас нь залруулахын тулд 2012 оноос нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нийтийн эзэмшлээс хулгайлж, авлигын сүлжээ болгосон газрын зөвшөөрлүүдийг хүчингүй болгож эхэлсэн. Засаг даргын захирамжаар зарим зөвшөөрлийг цуцалсан. Жишээлбэл, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөсөн, дуудлага худалдаа, тендер зарлаагүйгээр олгосон нийтийн эзэмшлийн гудамж, талбайд газар эзэмших эрх авсан, төрийн байгууллагын газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн, авсан газраа хоёр жилийн дотор эргэлтэд оруулаагүй газрууд багтсан. Эдгээр нь бүгд хууль бусаар олгогдсон байжээ.
Төлөвлөлтийг ингэж хийдэг юм
Шинэчлэлийн Засгийн газар захын хорооллуудыг хөгжүүлж эхэлсэн. “Буянт-Ухаа-I” хороолол бол үүний хөтөлбөрийн нэг хэсэг нь. Шинэчлэлийн Засгийн газрын бага дунд орлоготой иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд Төрийн орон сууцны корпорацын захиалгаар үндэсний таван компани хамтран тус хорооллыг барьсан. Засгийн газрын шийдвэрийн дагуу нийтдээ уг бүтээн байгуулалтад 98 тэрбум төгрөг зарцуулсны 85 тэрбум төгрөгийг нь Хөгжлийн банкны “Чингис” бондоос санхүүжүүлж зээлээр олгосон юм. Тус хорооллын 33-66,8 ам.метр талбайтай 1-3 өрөө нийтдээ 1764 айлын орон сууцыг төрийн албан хаагч болон зорилтот бүлгийн иргэдэд нэг ам.метрийг нь нэг сая 280 мянган төгрөгөөр олгосон нь зах зээлийн үнээс даруй 30 хувь доогуур байсан. ТОСК-ын захирал А.Гантулга “Хороолол ямар стандарттай байдаг вэ түүгээр нь төлөвлөж “Буянт-Ухаа-I” хорооллыг барьсан” гэсэн юм. “Буянт-Ухаа-I”-д хороолол дундах зам, хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоол зэргийг төлөвлөлтийн дагуу шийдсэн. Сургууль, цэцэрлэг барих газрыг төлөвлөсөн. Сургуулийн барилгыг эхлүүлэхээр болоод байна.
“Буянт-Ухаа-2” жишиг хороолол нийт 28 га газарт баригдах юм. Есөн давхар орон сууц 48, 12 давхар орон сууцны 60 барилга байх нь. 240 хүүхдийн дөрвөн цэцэрлэг, 940 хүүхдийн багтаамжтай хоёр сургууль, автомашины долоон давхар гарааш байгуулахаар төлөвлөжээ. Сургууль, цэцэрлэгтээ явахдаа хүүхдүүд зам хөндлөн гарахгүйгээр зохион байгуулж, аюулгүй байдлыг давхар бодолцож төлөвлөлтөө хийснээ ТОСК-ын захирал А.Гантулга хэлж байлаа. Энэ мэтчлэн төлөвлөсөн орон сууцны жишиг хороолол зөвхөн нийслэлд гэлтгүй орон нутагт, аймгуудад баригдаж эхэлсэн. ТОСК энэ онд хөдөө орон нутагт 11 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Архангай аймгийн 120 айл орон сууц 95 хувь, Увс аймгийн 105 айлын орон сууц 80 хувь Сэлэнгэ аймгийн 126 айл орон сууц 60 хувь, Дархан-Уул аймаг 189 айлын орон сууц 90 хувийн явцтай үргэлжилж байгаа.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганд мэдээлэл хийхдээ эдгээр төслийн талаар дурдсан. “ТОСК-ын үйл ажиллагааны хүрээнд 2014 онд Архангай, Увс, Сэлэнгэ, Дархан-Уул, Ховд, Хэнтий зэрэг аймагт, Улаанбаатар хотод “Буянт-Ухаа I” хороолол, “Буянт-Ухаа II“ хорооллын нэгдүгээр хэсэг нийт 5156 айлын орон сууцны 297 тэрбум төгрөгийн төслийг эхлүүлж 197 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна” гэж мэдэгдлээ. Энэ онд “Буянт-Ухаа II” хорооллын хоёрдугаар хэсэг, VII хороолол, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “Эко-Яармаг” төсөл, Багануур дүүрэг, Говь-Алтай, Хөвсгөл, Орхон аймагт нийт 10709 айлын орон сууцны 814 тэрбум төгрөгийн төслийг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг хэлэв. Эдгээрийг Хөгжлийн банкны “Чингис” бондоос санхүүжүүлж буйг дурдах нь зөв.
Дахин төлөвлөх шаардлага бас хэрэгцээ
Улаанбаатар хотын суурьшлын 27,680 га нутаг дэвсгэрт 21 мянга гаруй га газарт гэр хороолол эзэлдэг. Нийслэлийн нийт хүн амын 68 гаруй буюу 186 өрх гэр хороололд аж төрдөг. 100 мянга гаруй модон жорлонтой учраас гэр хороололд хөрсний бохирдол өндөр хэмжээнд хүрч, ундын ус ч бохирдох аюул учраад байгаа. XXI зууны сая хүнтэй хот гэхэд эсгий гэртээ нүүрс түлж агаараа бохирдуулж, модон жорлонд бие засч хөрсөө бохирдуулсаар байгаа нь хөгжил дэвшил мөн үү. Тиймээс зөвхөн сонгуулийн дөрвөн жилийн мөчлөгөөр хэмжигддэг түрхэн зуур олны санал цуглуулах ажил хийх биш урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэхийг илүүд үзэж НИТХ-ын 17 дугаар хуралдаанаар Нийслэлийн орон сууцны хөтөлбөрийг баталсан билээ. 2024 он хүртэл 20 байршилд дахин төлөвлөлт хийхээр болж, ажлууд эхэлсэн яваа. Ингэхдээ 80-100 мянган айлын орон сууцыг гурван ээлжээр ашиглалтад оруулах ерөнхий төлөвлөгөөг НИТХ-аар баталсан. Нэгдүгээр бүсэд инженерийн шугам сүлжээтэй ойр, дэд бүтцийг хялбар аргаар шийдэх боломжтой Дэнжийн мянга, Чингэлтэй дүүрэгт нийтдээ таван байршилд дахин төлөвлөлт хийж байна. 16109 нэгж талбай, 78 мянга гаруй хүнийг хамруулж байгаа юм.
Үүнээс гадна Азийн хөгжлийн банк, нийслэлийн хамтын санхүүжилтээр Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр хэрэгжиж буй. Энэ бол газраа барьцаалж зээл авч инженерийн шугам сүлжээнд холбогдох, орон сууцанд орох, хөршүүдтэйгээ нэгдэж хотхон барих боломжтой хөтөлбөр. Тав тухтай орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэд хөтөлбөрүүдийг дэмжиж байхад харлуулж, гацаах гэсэн оролдлого ч гарсаар. Айл өрхүүдтэй гэрээ хэлцэл хийхэд цаг хугацаа орох нь мэдээж. Гэвч шинэчлэлийг 80 хувь нь эсэргүүцдэг гэхээр өчүүхэн бага хэсэг нь. Тэдний нэг хэсэг нь хуучин зүйлдээ дассан учир шинэчлэлд дасаж чадахгүй эсэргүүцдэг гэдэг. Нөгөө хэсэг нь эрх ашиг, албан тушаалын төлөө заавал сөрөхийн тулд эсэргүүцэгч болж байна. Хийж буй нэгнээ хардаж, сэрддэг харлуулдаг байдлаар хандахгүй байхыг тохилог орон сууцтай болохыг хүссэн иргэд уламжилсан юм. “Алтан загас”-ны эмгэн шиг аашлаад л байвал эсгий гэртээ амьдарсан сая хол давсан хүн амтай хотын иргэн болж үлдэнэ. Секунд тутамд хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэхдээ бүхнийг үгүйсгэдэг, уруу нь чирдэг хуучирсан хандлагаа гээхгүй л юм бол монголчууд бид хий эргэсээр байрнаасаа хөдөлж ч чадахгүй.