Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах комисс ажилдаа ханцуй шамлан орлоо. Улсын баяр наадмыг зохион байгуулахад нийт нэг тэрбум 457 сая төгрөг зарлагадъя хэмээн наадмын салбар хороод төсвөө илгээжээ. Гэтэл холбогдох хүмүүс нь хянаж шалгаад, танаж 870.9 сая төгрөгт багтаан наадамлах шийдэлд хүрсэн байна. Тэгэхдээ баяр наадмын орлогоос 210 сая, нийслэлийн төсвөөс 380 сая, өнгөрсөн жилийн наадмын орлогын “үлдэгдэл” 47 сая, Засгийн газрын нөөц сангаас 120 сая төгрөг гарган дээрх мөнгийг босгохоор болжээ. 870 сая төгрөгөөс эрийн гурван наадмын бай шагналд 280 гаруй сая, бэлтгэл ажилд 246.2 сая, баяр наадмыг зохион байгуулахад 236.4 сая төгрөг тус тус зарцуулахаар төлөвлөсөн байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ жилийн баяр наадмаар 500 орчим аж ахуйн нэгжид худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгохоор төлөвлөсөн аж. Нийт зөвшөөрлийн 60 гаруй хувь буюу 300 нь хуушуур хийх зөвшөөрөл байх гэнэ. Хүй долоон худагт 100 орчим аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохыг Сонгинохайрхан дүүрэг хариуцуулжээ.
Ч.Ганхуяг наадмын нээлт, хаалтыг найруулна
Ардын хувьсгалын 91 жилийн баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг зохион байгуулахыг урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуягт даатгалаа. Хүндэтгэлийн концертыг УДБЭЧ-ын Д.Ганболд, “Хувьсал” продакшны найруулагч Г.Цоггэрэл, туслах найруулагчаар Л.Болд, “Улаанбаатарын үдэш” цэнгүүнийг н.Одгэрэл хариуцахаар болов.
Наадмын ерөнхий найруулагч Ч.Ганхуяг “Нээлтийн үйл ажиллагааг уран сайхны тоглолтоос илүүтэй ёслол хүндэтгэлийн байдалтай хийхээр сценари гаргасан. Монгол орны өнцөг булан бүрт суугаа үндэстэн ястны төлөөлөл болгон гол зохиомжоо хийсэн. Аль болох дуу хөгжим бага, зан үйл, ёслол хүндлэл тал руу хандсан.
Төв асрын өөдөөс харсан үзэгчдийн суудлыг Засгийн газрын ордныг санагдуулам сэтгэгдэл төрүүлнэ” гэхчлэн зарим нэг нууцаа задлав. Төрийн хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагч Д.Ганболд улиг болсон бус шинэлэг хийнэ гэдгээ илэрхийлэв. “Барга, Буриад, Дарьганга, Дөрвөд үндэстний хамгийн шилмэл дуунуудыг сонирхуулна. Тайзны голд Монгол гэрийн гадна, дотно байдал, ахуй амьдрал хөдөлгөөнт байдлаар гарч, байнга өөрчлөгдөнө. Жишээ нь, баруун аймаг гэхэд үхэр тэрэг, хойд зүгийнхэн гэхэд цаа буга, говийнхон гэхэд тэмээгээр нүүдэллэж буй малчдын онцлог тус бүрийг харуулна. Үүнээс гадна Монгол орны үзэсгэлэнт газруудыг ч тайзан дээр дэлгэцээр сонирхуулна” гэв.
Автомашинд “Ү”, “Г” зөвшөөрөл олгохгүй
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд өнгөрсөн жил 3000 орчим машинд зөвшөөрөл олгосон бол 2012 онд 5000 болгон нэмэгдүүлжээ. Энэ жилийн хувьд автомашины “Ү”, “Г” зөвшөөрлийг олгохгүй “А”,”Б”, “ДК”,”Ж” гэсэн зөвшөөрөл олгохоор болжээ. “А”зөвшөөрөл-940, “Б” нь -3800, “ДК”-50, “Ж”-50 тус тус олгохоор болжээ. Сурын талбайн ойролцоохь газрыг чөлөөлж, 2000 орчим авто машины зогсоол байгуулахаар шийдвэрлэжээ. Хүй долоон худаг чиглэлд 22-ын товчоо хүртэлх 10.6 км замын өргөтгөл, товчооноос цааш долоон км замын хучилт хийж, наадмаас өмнө дуусгах юм байна.
Төв цэнгэлдэх хүртэлх замын ачааллыг багасгах үүднээс “Нарантуул” олон улсын худалдааны төвийн уулзварын урд талын төмөр зам дээгүүр автомашин гардаг болгох ажлыг зургадугаар сарын 20 гэхэд дуусгахаар болов.
Ерөнхийлөгч 36 саяар үдийн зоог барина
Баяр наадмын орой Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их тэнгэрийн аманд хүндэтгэлийн зоог барьдаг. Өнгөрсөн жил энэхүү хүндэтгэлийн зоогт 1200 зочин уригдаж, 30 сая төгрөг зарцуулжээ. Харин энэ жилийн хувьд өнгөрсөн жилийнхээс бага мөнгө төсөвлөсөн учир нэмэгдүүлэх санал оруулав. Мах, шатахууны үнэ нэмэгдсэн байхад ядаж нэг хүний хоолыг 35 мянгаар бодож 36 сая төгрөгөөр хүндэтгэлийн зоог барих боломжтой гэцгээв.
Ерөнхий сайд асраа голжээ
Хүй долоон худагт наадамчин олонд зориулсан сандал хүрэлцдэггүй талаар жил бүр шүүмжлэл дагуулдаг. Тэгвэл энэ удаа уг хүсэлтийг харгалзан үзэж, үзэгчдэд зориулсан асар барихаар төлөвлөжээ. 30 метрийн урттай, гурван эгнээ бүхий суудал барихад зориулан 75 сая төгрөг төсөвлөжээ. Өнгөрсөн жилийн баяр наадмаар Ерөнхий сайд С.Батболд Хүй долоон худагт очиж морины уралдаан үзэхдээ тухалсан асраа голжээ. Бүр ирэх жилийн наадмаар засч сайжруулаарай гэдэг даалгавар өгсөн аж. Харин төсөв мөнгөө гаргахдаа Ерөнхий сайдын хүсэлтийг биелүүлэхээ мартчихаж. Үүнийг хэрхэн зохицуулах вэ гэдэг хүсэлтийг наадмын салбар хорооныхон гэнэтхэн санал оруулав.
Шадар сайдын аминчхан гуйлт
Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссын хуралдаанд Шадар сайд М.Энхболд оролцсон юм. Салбар хороодын санал хүсэлтийг сонссоны дараа тэрээр ийн ярилаа. “Өнгөрсөн жилийн баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааны үеэр алдаа их гарсан. Ерөнхийлөгч наадмын үйл ажиллагааг нээж үг хэлэхийг зарлахгүй удсан. Есөн хөлт цагаан туг орж ирэх ёстой хугацаанаасаа дөрвөн минут хоцорсон, нээлтийн үйл ажиллагаа эхлэхгүй удсан зэрэг алдаа гарсан. Сүүлдээ чиний, миний буруу гээд хоорондоо шидэлцээд өнгөрсөн. Энэ жил энэ алдаагаа давтахгүй хүн бүр дор бүрнээ хариуцлагатай ажиллаарай. Төрийн хүндэтгэлийн үйл ажиллагаа гэдгийг алхам бүртээ санаарай” хэмээн аминчлан гуйв.