Т.ЖАНЦАН
“Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг амьдрахсан” гэж яруу найрагч Ц.Хулан хэлсэн. Тэгвэл Улаанбаатартаа ийн амьдрах орчин бүрдэж эхлэв. Учир нь “Шинэ Яармаг” орон сууцны хорооллын ажил эхлээд буй юм. Энэ хороолол Богд уулын баруун хойд талд буюу Төв аймаг явах зам дагуу 368.262 ам метр талбайд сүндэрлэнэ. Нэг ёсондоо цэвэр агаарт хотын төвд ойр, түгжрэлгүй замаар гэртээ ирж, ажилдаа явах боломжтой. Хуучнаар наадмын морь барьдаг байсан Яармагийн дэнжид гэсэн үг. Тодотговол “Шинэ Яармаг” төсөл гурван үе шаттай. Эхний ээлжинд 2910 айлын орон сууц, 1100 авто машины дулаан зогсоол барина. Хоёрдугаар ээлжинд 500 авто машины дулаан зогсоол 1410 айлын орон сууц сүндэрлэнэ. Гуравдугаар ээлжинд 2000 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын сургууль, 300 хүүхдийн цэцэрлэг, олон улсын жишигт хүрсэн оношлогоо эмчилгээний төв барих юм. Үүнээс гадна төслийн нийт талбайн 39.5 хувь нь ногоон байгууламж, сагс, хөлбөмбөг, хоккей, теннис зэрэг хүүхдийн спорт тоглоомын талбай байна. Мөн 30.6 хувь нь явган хүний болон дугуйн зам, авто зам байх аж. Үлдсэн 29.9 хувь нь орон сууцны барилга болно.
Тэгэхээр сүүлийн 25 жилийн хугацаанд ийм цогцолбор хороолол манай улсын түүхэнд барьж байгуулаагүй билээ. Бас төлөвлөж ажлаа эхлээгүй юм. Өөрөөр хэлбэл, хүн тааваараа, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлсэн анхны хороолол сүндэрлэх ажил өрнөж эхлэв. Уг хорооллын нэг давуу тал нь хуучин барилга байшин нурааж газраа цэвэрлээгүй.
Нэг үгээр хэлбэл газар дор нь модон жорлон булаагүй эрүүл атар хөрстэй газарт барьж байгаа нь чухал юм. Дэд бүтэцдээ баригдаж хотын төвд бие биенийхээ нарыг хаасан, барилгын суурийг гажих нөлөө үзүүлээгүй гээд дурдаад байвал олон давуу тал “Шинэ Яармаг” төсөлд бий. УИХ, Засгийн газраас 2010 онд “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөр боловсруулан баталсан. Энэ хүрээнд 100 айлын орон сууц барих ёстой. Үүний нэгээхэн хэсэг нь “Шинэ Яармаг” хороолол юм. Энэ төслийг хэрэгжүүлэхэд Хятадын “Экспорт-Импорт” банкнаас жилийн 4.2 хувийн хүүтэй 6-12 жилийн хугацаатай 195 сая ам.долларын зээл авчээ. Үүнийг бидний мэдэх “Чингис бонд”-той харьцуулж үзье. Гэтэл “Чингис бонд”-ын жилийн хүүгээс 0.925 хувиар бага байна. Хөрөнгө оруулалтын энэ бага хүүтэй мөнгийг ашиглаж анх удаа арилжааны банкууд, Монголын Ипотекийн корпорац, Монголын Хөрөнгийн биржийг оролцуулж үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргахаар Засгийн газар төлөвлөөд байна. Үүний үр дүнд урт хугацаатай жилийн 6-8 хувийн хүүтэй, моргейжийн зээлээр иргэдийг орон сууцаар хангах, арилжааны банкуудын өндөр шалгуурыг хөнгөвчлөх, урьдчилгаа төлбөрийг 10-30 хувь болгон бууруулах юм. Товчхондоо Улаанбаатар хот “Утаанбаатар” нэрнээс салах болно. “Шинэ Яармаг” төсөлд одоогоор 2500 монгол залуус ажиллаж байна. Цаашид энэ тоо нэмэгдэж 10 мянга болно.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс “Шинэ Яармаг” хорооллын эхний барилгуудын суурийг тавьж бүтээн байгуулалт нь эхлээд байгаа. Эхний орон сууцнууд ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад орно гэж гүйцэтгэгч компаниудын удирдлагууд хэлж байгаа юм. Энэ хорооллын орон сууцны дундаж хэмжээ нь гурван өрөө буюу 65 ам метр талбайтай. Тухайлбал, нийт орон сууцны 97 хувь нь 50-80 ам метр талбайтай байгаа юм. Энэ нь өнөөгийн орон сууцны эрэлт, иргэдийн хүсч буй талбайн хэмжээтэй нийцсэн гэж төсөл хэрэгжүүлэгчид хэлж байна. Хамгийн гол нь, монголчууд шинэ технологид суралцаж бүтээн байгуулж чаддаг гэдгийг олон улсад харуулах ажил өрнөж эхлэв. Өөрөөр хэлбэл, монголчуудын хүсэл, таашаалд нийцсэн орчин үеийн шийдэл, технологтой орон сууцны хороолол баригдаж байна. Ингээд шинэ төлөвлөлт шийдэлтэй “Шинэ Яармаг” хорооллын ажлын явц ямар байгаатай УИХ-ын дарга З.Энхболд танилцсан билээ.
З.Энхболд: “Шинэ Яармаг” төсөл төр хувийн хэвшлийн хамтарсан үлгэр жишээ хороолол
/Монгол Улсын Их Хурлын дарга/
-Шинэ Яармаг” хорооллын ажил эхэллээ. Энэ хорооллыг хэрхэн яаж барих юм бол. Хөрөнгө оруулалт, ажиллах хүчнийг нь яаж шийдэх вэ?
-Улаанбаатар хотын хүн амын олонхи гэр хороололд амьдарч байгаа. Тэр бүр ажил олддоггүй. Орон сууцны эрэлт, хэрэгцээ их юм. Ийм учраас Хятадын “Экспорт-Импорт”банкнаас зээл авч эхний барилгуудаа барих гэж байна. Энэ ажлыг эхлүүлээд хэд хэдэн зүйлийг бодсон. Тухайлбал, “Шинэ Яармаг” хорооллыг барихад зөвхөн монголчууд ажиллана. Ингэхдээ гэр хорооллын ажилгүй иргэдийг дайчлах юм. Тэднийг барилгын мэргэжилд сургаж тохирсон ажилд нь томилно.
-Тэгвэл хэдэн хүн ажиллана гэж тооцож байна вэ?
-Ажлын байранд нь сургаж 2500 хүнийг байнгын орлоготой болгоно. Энэ төсөлд ТОСК, Хөгжлийн банк гээд хувийн компаниуд оролцож байна. Нэг үгээр хэлбэл төр хувийн хэвшил хамтарч ажиллаж буй үлгэр жишээ төсөл юм. Цаашид “Шинэ яармаг” төслийн жишгээр 1.5 сая ам.доллар хүртэлх зээл авах боломж бий. Үүнийг Сангийн сайд Хятад улсад айлчлахдаа дахин баталгаажуулсан. Газар нь байгаа бол Улаанбаатарын бүх дүүрэгт ийм төсөл хэрэгжүүлж болно. Монгол Улсыг бүхэлд нь орон сууцжуулахад хэдэн зуун мянган иргэн ажилтай болж тав тухтай амьдрах орчин бүрдэнэ.
-”Шинэ Яармаг“ хорооллын бүтэц, төлөвлөлт нь ямар байх бол?
-Яармагийн дэнжийн 970 га газрыг барилгажуулахад Улаанбаатар хотын орон сууцны хэрэгцээний чамгүй хувийг шийдэж чадна гэж бодож байна. Сургууль, цэцэрлэгийг цогцоор нь төлөвлөсөн. Энд орон сууц авах иргэд жилийн найман хувийн хүүтэй зээл авч болно. Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл даргатай гадаад, дотоодын архитектурууд ирж уулздаг гэсэн. Тэгээд манай гэр хорооллыг хараад дэлхийн бүх хотыг төлөвлөж дууссан. Иймээс Москва, Бээжинд мөрөөдөж байсан шиг барилга байгууламж барих боломжтой гэж хэлдэг байгаа юм. Тэгээд бид гэр хорооллыг барилгажуулах ажилд зүтгэж чадна гэдэг юм билээ. Учир иймээс бид бүх айл өрхийг орчин үеийн орон сууц, ажил орлоготой, өөрсдөө бүтээн байгуулж чадах боломж бүрдүүлнэ. Тухайлбал, Буянт-Ухаа хорооллыг хэлж болно. Зөвхөн зээлдэгчийн хяналтын инженер гадаад хүн байна. Бусдыг нь монголчууд гүйцэтгэх юм. Тэгэхээр нэг сумаар хоёр туулай буудна гэдэг шиг хямд өртгөөр барьсан барилгад бид амьдарч, ажиллах нөхцөл бүрдэж байна.
Ж.Эрдэнчимэг: Сард 800-1.5 сая төгрөгийн цалинтай ажилд сургаж авна
/“Шинэ Яармаг” төслийн хэрэгжүүлэгч “Делта констракшн” компанийн ерөнхий захирал/
-“Шинэ Яармаг” хороололд ажилчдаа сургаж авна гэсэн. Одоо хэдэн хүн сургаж байна вэ?
-Бид өнөөдөр 20 гаруй хүн сургаж байна. Бид 45 хоногийн сургалтыг үйлдвэрлэлийн дадлагаар хийлгэнэ. Өөрөөр хэлбэл, барилга барих явцад дагалдангаар ажиллуулах юм. Тэгээд үндсэн ажилтнаар авах юм. Гэхдээ нэг анхаарах зүйл бий. Тухайн хүний хийж чадах мэргэжлээр сургаж ажилд авна. Цаашдаа ажиллах хүчний тоо нэмэгдэнэ.
-Энд ажиллаж буй хүн сард хэдэн төгрөгийн цалин авах вэ?
-Дахин хэлэхэд сонирхсон, хийж чадах мэргэжлээр сураад үндсэн ажилтан болно. Сурах хугацаандаа сард 150 орчим мянган төгрөгийн тэтгэмж авна. Өөрөөр хэлбэл МСҮТ-д сурч буй оюутны тэтгэмжтэй адил гэсэн үг. Төгсөөд ажилд орохдоо эзэмшсэн мэргэжил хийж буй хөдөлмөрөөс нь шалтгаалж сард 800-1.5 сая төгрөгийн цалин, орлоготой болно.
-Танай сургалтын төв хэзээнээс ажиллаж эхлэх вэ?
-Сургалт энэ сарын 03-наас /өнөөдрөөс/ эхэлнэ. Ингээд долдугаар сарын 20 гэхэд ажлын байртай болно. Цаашид хүмүүсийг ажлын байртай болгох сургалт үргэлжилнэ.