Уулын спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчин Б.Цэвээндаш, олон улсын хэмжээний мастер Б.Ганбаатар, ОУХМ Ц.Цогзолмаа, спортын мастер Б.Элбэгдорж, Л.Баярсайхан тэргүүтэй “Хөх тэнгэр” багийн тамирчид дэлхийн хамгийн өндөр оргил Эверестэд авирахаар өнгөрөгч гуравдугаар сарын 29-нд хилийн дээс алхсан билээ. 4000 метрээс дээш өндөртэй 14 ууланд дайралт хийсэн Хөх тэнгэр багийнхан өнгөрсөн сарын 18-нд Эверестэд үндсэн дайралтаа эхлүүлж маргааш нь оргилоо эзэлжээ. Уулчдаас Б.Цэвээндаш, ОУХМ Ц.Цогзолмаа, Л.Баярсайхан Норвеги, Канадын зургаан уулчин газарчны хамт дэлхийн ноён оргил Эверестийн 8850 метрийн өндөрт гарсан байна. Харин үлдсэн хоёр тамирчны хувьд 8000 метрийн өндөрт гарсан ч биеийн байдлаас шалтгаалан дайралт хийх боломжгүй болсон учир хоригт оржээ. Уулчид эх орноосоо мордохдоо “Удахгүй болох зуны XXX олимпыг зорих баг тамирчдын тугийг Эверестэд мандуулна” хэмээн хэлж байснаар мөрөөдөл нь ийнхүү биеллээ оллоо. Эверестийг эзэлсэн уулчид өнөөдөр эх орондоо ирлээ.