Эдийн засгийн байдал хүндхэн байгаа нь иргэдийн амьдралд илт мэдрэгдэх болсон. Тэгвэл Дэлхийн банк манай улсын эдийн засгийн төлөв энэ оны эхний дөрвөн сард ямар байсан тухай тойм гаргав. Уг тоймд энэ оны эхний улиралд улсын хэмжээнд инфляц 9.3 хувь болж нэг оронтой тоонд орж ирсэн. Оны төгсгөлд Монголбанкны зорилтод түвшин найман хувьд хүрэх бололцоо бий аж. Өнгөрсөн онд инфляц 11 хувьтай гарсан билээ. Дэлхийн банкнаас манай улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар гаргасан тоймд дурдсанаар энэ оны эхний улиралд импортын хэмжээ багасч гадаад валютын хэрэглээ буурчээ. Гэвч гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдээгүй нь төлбөрийн тэнцлийг алдагдуулсан хэвээр байна гэж дүгнэв. Импорт буурсан нь эдийн засгийн өсөлт саарсантай холбоотой. Дэлхийн банкны ахлах эдийн засагч Таехюн Ли “Импортын огцом бууралт цаашид үргэлжилсэн хэвээр байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ онд нэмэгдэх төлөв алга. Энэ нь төлбөрийн тэнцэлд дарамт учруулсан хэвээр байх болно.
Иймд гадаад худалдааны тэнцэлд өөрчлөлт гарахгүйг харууллаа” хэмээн үзэж байгаа юм. Дэлхийн банкны эдийн засагчдын үзэж буйгаар манай улс мөнгө, санхүүгийн хатуу бодлого хэрэгжүүлэх нь төлбөрийн тэнцлийг сайжруулахад туслах аж. Ингээд тус банкнаас гаргасан тоймд манай эдийн засгийг хэрхэн дүгнэсэн тухай зарим тоо баримтаас дор өгүүлье.
Алт олборлолт 10 хувиар буурчээ
Уул уурхайн салбар манай эдийн засгийн гол тулгуурын нэг нь. Тус салбар өнгөрсөн оны сүүлчээр нийт үйлдвэрлэлийн 21 хувийг эзэлж байв. Гэтэл он гарснаас хойш ашигт малтмалын олборлолт буурч нийт үйлдвэрлэлийн 14 хувийг эзлэх болсон байна. Тухайлбал, зэсийн баяжмал, алт, газрын тосны олборлолт буурсан дүн гарлаа. Алт олборлолт өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар буурчээ. Харин нүүрс олборлолт өнгөрсөн жилийнхээс 16 хувиар өссөн дүн гарсан аж. Дэлхийн банкнаас үүнийг нүүрсний зах зээлд сэргэлт ажиглагдах дохио байж магад хэмээв. Зэсийн баяжмалын үйлдвэрлэл буурсан нь Оюу толгойтой холбоотой. Ашигт малтмалын олборлолт буурах болсон гол шалтгаан нь үнэ ханшийн уналт гэж судлаачид дүгнэж байна.
Гадаад валютын 1.3 тэрбум ам.долларын нөөц бий
Манай улсад өнгөрсөн оны эхний дөрвөн сард 294 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж байж. Гэтэл энэ онд 72 сая ам.доллараар буурч 222 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн тооцоо байна. Дэлхийн банкны эдийн засагчид валютын болон депозитын дансаар дамжин орж ирсэн 136 сая ам.долларын хөрөнгийн урсгал төлбөрийн тэнцлийг дарамтыг бага зэрэг бууруулахад хувь нэмэр үзүүллээ. Үүний үр дүнд, төлбөрийн тэнцлийн алдагдал эхний улирлын байдлаар 271 сая ам.доллар гарсан хэмээн дүгнэжээ. Энэ он гарснаас хойш манай улсын гадаад валютын нөөц тогтвортой байгаа аж. Тухайлбал, оны эхэнд 1.6 тэрбум ам.долларын нөөцтэй байв. Тэгээд эхний улиралд 324 сая ам.доллараар буурчээ. Үүнээс гадна Монголбанк Хятадын ардын банктай хийсэн валют солилцооны хэрэгсэл ашиглах болсон нь гадаад валютын нөөцөд эерэг нөлөө үзүүлж буй билээ. Нэг ёсондоо гадаад валютын нөөцийг 1.3 тэрбум ам.долларт хадгалж чадсан байна. Энэ нь импортын гурваас дээш сарын хэрэгцээг хангаж чадах юм. Мөн өнгөрсөн сараас гадаад валютын ханшийн өсөлт саарч эхэлсэн аж. Тухайлбал, сүүлийн таван сарын хугацаанд ам.доллартай харьцах төгрөгийн ханш 5.1 хувиар унажээ. Гэвч өнгөрсөн сараас ханш аажмаар тогтворжиж эхэлсэн байна.
Төсөвт тодотгол хийхийг зөвлөв
Төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй хэвээр. Өмнөх жилүүдтэй харьцуулахад төсвийн орлого нэмэгдсэн хэдий ч төлөвлөсөн орлого 7.2 хувийн алдагдалтай гарлаа. Энэ нь гадаад худалдааны татвартай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, Гаалийн татвар, НӨАТ болон импортын барааны онцгой татвар, аж ахуйн нэгжийн татварын орлого бүрдэхгүй байгаа аж. Орлого тасарч байгаа нь Сангийн яамыг төсвийн гүйцэтгэлд онцгой хяналт тавин зарлагыг хязгаарлах нөхцөлд хүргэж буй юм. Учир нь, он гарснаас хойш төсвийн орлого нь нийт зарлагын төлөвлөгөөний 70 хувьд л хүрсэн байна. Ялангуяа төсвийн хөрөнгө оруулалтын зарлага дөнгөж 29 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд орлогын хомсдолын гол ачааг үүрэх болсон аж. Энэ нь төсвийн хөрөнгө оруулалт бараг бахгүй болж цалин, тэтгэвэр, тэтгэмжээ л тавих хэмжээнд байна гэсэн үг юм.
Монгол Улсын төсвийн тогтвортой байдлын тухай хуульд төсвийн алдагдал ДНБ-ий таван хувиас хэтрэхгүй байхаар заасан байдаг. Иймд Сангийн яам хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэхийн тулд төсвийн тодотгол хийх шаардлагатай хэмээн Дэлхийн банкнаас зөвлөлөө.
Нийт гадаад өр ДНБ-ий 175 хувьд хүрсэн байна
Улсын гадаад өр өнгөрсөн онд 20.9 тэрбум ам.доллар байв. Энэ нь өмнөх жилээсээ 1.9 тэрбум ам.доллараар нэмэгдсэн үзүүлэлт. Ингээд манай улсын гадаад ДНБ-ий 175 хувьд хүрлээ хэмээн Дэлхийн банкнаас тооцоолж байна. Гадаад өрийн хэмжээ ингэж өсөхөд Засгийн газар болон хувийн компанийн зээл гол үүрэг гүйцэтгэсэн. Засгийн газрын болон гадаадын шууд хөрөнгө оруулалттай компани хоорондын өр зээл нэмэгдсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл хувийн компанийн өр ч үүнд орсон гэж хэлж болно. Өнгөрсөн оны байдлаар хувийн компаниудын хоорондын өр зээл нийт гадаад өрийн 51 хувийг эзэлж буй билээ. Засгийн газрын тавьсан болон баталгаа гаргасан өр 24, төв банкны гадаад өр төлбөр 7.5 хувийг тус тус эзэлж байна. Тухайлбал, Засгийн газар “Чингис бонд”-ын 1.5 тэрбум, хөгжлийн банкны 580 ам.долларын зээл авсан. Энэ нь гадаад өрийн хэмжээ нэмэгдэхэд гол үүрэг гүйцэтгэжээ. Ингээд Засгийн газрын гадаад зээл ДНБ-ий 54 хувьд хүрсэн аж. Харин Монголбанкны гадаад өр төлбөр өнгөрсөн онд байдлаар 1.5 сая ам.доллар байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд банкуудын гадаад өр 52 хувиар өссөн бол, бусад хувийн хэвшлийн өр 71 хувиар өссөн судалгаа гарчээ. Энэ нь томоохон банк болон компаниуд олон улсын санхүүгийн зах дээр зээл, бонд их хэмжээгээр гаргаж байгааг илэрхийлж буй юм.