Т.ЖАНЦАН
Нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын “Coal Mongolia-2015” чуулган болов. Манай улс нүүрсний нөөцөөр тэргүүлэгч орны нэг гэгддэг. Иймд уг чуулганыг хайгуул, олборлолт, боловсруулах төслүүдэд хөрөнгө оруулалт татах, байгаль орчинд ээлтэй шинэ технологи нэвтрүүлэх, Монгол Улсын нүүрсний салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмэр оруулдаг хэмээн дүгнэдэг. Энэ удаагийн чуулганд АНУ, ОХУ, БНХАУ, Канад, Австрали, Япон, Энэтхэг зэрэг 100 гаруй орны төлөөлөгчид ирж оролцсон. Нүүрсний үнэ унасан ч өнгөрсөн онд манай улсын экспорт нэмэгдсэн. Тухайлбал, 19.5 сая тонн нүүрс экспортолж улсын төсөвт 272 тэрбум төгрөгийн орлого оруулсан тооцоо гараад байгаа юм. Ингээд уг чуулганы үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Ашигт малтмалын газрын Нүүрс судалгааны хэлтсийн дарга Б.Алтсүхтэй ярилцсанаа уншигч танд хүргэе.
-Нүүрсний үнэ унасан нь уг салбарыг хүнд байдалд орууллаа гэдхюм. Та салбарын асуудал эрхэлсэн мэргэжлийн хүний хувьд үүнтэй санал нийлэх үү?
-Хүмүүс нүүрсний салбарыг дэндүү харлуулж ярьж байна. Тухайлбал, нүүрсний салбар уналаа, элгээрээ хэвтлээ гэдэг. Гэтэл тоон үзүүлэлтээр унаагүй шүү дээ. Өнгөрсөн онд 19.5 сая тонн нүүрс экспортолсон. Манай улс одоогоос арван жилийн өмнө нэг ч тонн нүүрс гадаадад худалдаалдаггүй байв. Зөвхөн цахилгаан станцад нүүрс олборлож өгдөг салбар байсан. Тэгээд 2008 онд жилд таван сая орчим тонн нүүрс экспортолдог болсон. Иймд энэ салбарын үйлдвэрлэл жил ирэх тусам өсч ирлээ. Мөн өмнө нь нүүрс боловсруулах талаар огт ярьдаггүй байлаа. Өнөөдөр нүүрс боловсруулах талаар олон компани төсөл гаргаад ТЭЗҮ нь батлагдаж буй. Зарим нь бага оврын үйлдвэр ашиглалтад оруулж бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн. Үүнээс гадна нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын чуулганыг тав дахь жилдээ зохион байгуулж байна. Уг чуулганд оролцогчдын тоо буураагүй. Энэ удаад нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдаас 400-500 төлөөлөгч ирж оролцсон. Тэгэхээр манай нүүрс дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд хэвээр байгаа юм.
-Өнөөдөр нүүрс боловсруулах талаар ихээхэн анхаарах болсон гэлээ. Ямар ямар бүтээгдэхүүн гарган авах төсөл, хөтөлбөр хэрэгжиж судалгаа хийж байна вэ?
-Өмнө нь, нүүрс боловсруулна, шингэрүүлнэ, хийжүүлнэ гэж нэлээд алсын зайнаас, ирээдүйд гэж ирээд ярьдаг байлаа. Тэгвэл өнөөдөр энэ байдал үгүй болж бодит төслүүд хэрэгжиж эхэлж байна. Эхний ээлжинд нүүрс угаах үйлдвэр байгуулагдах болсон. Өөрөөр хэлбэл, хагас боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулалт чамгүй хийх болсон. Ингэснээр нүүрсийг баяжуулж чанар, зэрэглэлийг нь өндөрсгөж буй юм. Үүнээс гадна хэд хэдэн коксжуулах үйлдвэр баригдаж үйл ажиллагаа нь эхэллээ. Тухайлбал, Өмнөговь аймагт “Энк” компани коксын үйлдвэр байгуулсан. Уг компани нүүрсийг гүн боловсруулж металлургийн кокс, шатах хий, коксын давирхай, баяжуулсан нүүрс гарган авах судалгаа шинжилгээ туршилт явуулсан. Үүний үр дүнд 1.2 сая тонн нүүрс гравитацын аргаар угааж баяжуулахаас гадна кокс үйлдвэрлэж байна. Бас хагас кокс үйлдвэрлэх хэд хэдэн үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болсон. Мөн нүүрс шингэрүүлэх дөрвөн үйлдвэрийн төсөл хэрэгжиж буй. Тухайлбал, “Энержи ресурс” компанийн Багануурын уурхайг түшиглэсэн “Багануур Энержи”, “МАК” компанийн Адуунчулууны уурхайн нүүрсийг шингэрүүлэх төсөл бий. Бас Хятадын “Синопек” групптэй хамтарч нүүрс хийжүүлэх үйлдвэр байгуулахаар санамж бичигт гарын үсэг зурсан. Одоо төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулагдаад явж байна. Ингэснээр Улаанбаатар хотыг нүүрсний хийгээр хангаад илүү гарсныг нь Хятадад экспортлох юм. Нүүрсийг боловсруулж буй бас нэг хэлбэр бол эрчим хүч, дулаан гарган авч буй явдал. Ингээд нүүрсийг ашиглах, боловсруулах бүр нэр төрлөөр нь тодорхой амжилттай ажиллаж байна гэж хэлж болно.
-Энэ онд хэдэн тонн нүүрс экспортлох боломжтой вэ. Улсын төсөвт нэлээд доогуур байхаар тооцсон?
-Манай хэлтэс компаниудын уулын ажлын төлөвлөгөөг үндэслэн судлаад энэ онд 20 сая тонн нүүрс экспортолно гэсэн санал өгсөн. УИХ төсөв батлахдаа 15 сая тонныг экспортолно гэж тооцсон юм. Миний хувьд бидний судалгаагаар гарсан хэмжээний нүүрс борлуулах боломжтой гэж бодож байна.
-Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын чуулганаас ямар үр дүн гарах хүлээлт байна. Энэ онд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх төлөв байгаа вэ?
-Одоо нүүрсний салбарт хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж шаардах нь тийм ч оновчтой биш. Учир нь, нүүрсний орд ашиглах 240 тусгай зөвшөөрөл бий. Үүнээс 100 орчим нь уурхай нээхэд бэлэн болж улсын комисст шалгуулж хүлээн авсан дүгнэлт хийлгэсэн. Энэ онд нүүрсний 59 уурхай ажиллахаар уулын ажлын төлөвлөгөөгөө манай агентлагт гаргаж өглөө. Эдгээр уурхайн хүчин чадлыг тооцоод үзвэл манай улс жилд 100 сая нүүрс олборлож чадна. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний хөрөнгө оруулалт төвлөрсөн байна гэсэн үг. Тэгэхээр үүн дээр нэмж хөрөнгө оруулалт татаад шинээр уурхай нээх нь тийм ч оновчтой биш. Харин хөрөнгө оруулалтаа чанаржуулах, нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хамгийн чухал зорилт бидэнд бий. Өнөөдөр энэ л чухал байгаа юм. Үүнээс гадна дэд бүтэц байгуулах шаардлага тулгараад байна. Нүүрс овор хэмжээ ихтэй ашигт малтмал. Иймд нүүрсний тээвэр, ложистиг байгуулахад хөрөнгө оруулалт татах нь манай улсын гол зорилт болох юм.
-Засгийн газраас нүүрс, цахилгааны үнийг энэ онд чөлөөлнө гэж байгаа. Энэ нь хэр оновчтой шийдвэр гэж та үзэж байна вэ?
-Нүүрсний үнийг чөлөөлөхөөс өөр арга байхгүй. Харин эрчим хүчний үнийг чөлөөлөхөд сайн судалгаа хийж болгоомжтой хандах учиртай гэж бодож байна. дэлхийн улс орнууд эрчим хүчний үнийг тэр бүр чөлөөлдөггүй. Их болгоомжтой ханддаг. Учир нь, эрчим хүчний үнэ иргэдийн аж амьдрал, үйлдвэрлэлд шууд нөлөөлдөг юм. Манай улс өнөөдөр эрчим хүчний нүүрсний үнийг чөлөөлөөгүй байгаа нь уурхайнууд хөгжихгүй, өрсөлдөгч гарч ирэхгүй, алдагдалтай ажиллах, эрчим хүчний салбартаа хүндрэл үүсгэх нэг үндэс болсон гэж бодож байна. Нүүрсний үнийг чөлөөлчихвөл уурхайнууд нүүрсний чанар, тээвэр, боловсруулалт зэргээр өрсөлдөнө. Энэ нь эрчим хүчний нүүрсний үнэ буурах нөхцөл бүрдүүлж ч болох юм.
-Тэгэхээр одоо ашиглаж байгаа эрчим хүчний нүүрс олборлогч уурхайнуудад хэдэн жил ашиглах нөөц байна вэ?
-Манай улсад нүүрсний нөөц хангалттай. Өнөөдөр ашиглаж байгаа Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний ордыг гүйцэд судлаагүй гэж хэлж болно. Тухайлбал, Багануурын уурхайн нөөц саяхан шинэчлэгдэж 700 гаруй сая тонн гэж тогтоогдсон байгаа. Одоогийн ашиглаж байгаа хэмжээгээр тооцвол тогтоогдсон нөөцийг нь 50-60 жил ашиглах боломжтой юм. Тэгэхээр эрчим хүч гаргах, хийжүүлэх, шингэрүүлэх зэргээр ашиглахад хангалттай нөөц бий.