Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гавьяат аа тохирсондоо шүү…

Олимпын наадам хаяанд дөхсөн энэ цаг үед спорт холбоодууд дор бүрнээ л хичээж олимпын эрхийн тоог 29 д хүргэчихлээ. Уг нь  олимпын эрхийн сүүлийн тулаанд оролцсон  спорт холбоод, тамирчдад үүнээс илүү боломж байсан ч зарим нэг нөхдүүд жаахан хариуцлаггүй л зүйл хийчихлээ. Үүгээр хэн нэгнийг муулахдаа биш,  амжилт үзүүлсэн зарим нэгэн тамирчдад томоос том А дүн тавьж, бахархаад ч ханахгүй  байх юм.   Энэ  эрхэм минь Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар.  Монголын чөлөөт бөхийн холбооноос түүнийг сонгон шалгаруулах тэмцээн эхэлсэн цагаас хойш нөөсөөр  хамгийн сүүлийн эрх олгох тэмцээнд итгэл хүлээлгэж Финляндын Вантаа руу илгээсэн. Гурван ч эрх олгох  тэмцээнд оролцуулахгүй  байсан нь түүнд асар их итгэдэгийн  илэрэл ч байж болох. Гавьяат маань  ч итгэлийг нь алдсангүй.  Тэр алдаад байхааргүй гүндүүгүй сайхан эр хүн л дээ. Лондонгийн олимпын эрх олгох сүүлийн тэмцээнд тэр үнэхээр илүү байлаа. Эхний даваанд Мексикийн Александру Чиртаукуг 2:0, 1:3, 1:1 –ээр, Беларусын Улазислау Андрейг 1:0, 2:0 ээр тус тус ялж, Лондонгийн олимпыг зорих эрхийн төлөөх тэмцэлд Азербайжаны бөх Махмуд Магомедовыг 0:1, 2:0, 4:1 ээр итгэл төгс ялсан. Нэгэнт эрхээ хүртчихсэн тамирчин маань алтан медалийн төлөө Тажикстаны бөх Иван Ноевыг цэвэр ялж  медалийн эзэн болсон. Ингэснээр түүний хувьд гурав дахь олимпын наадмаа зорих тийзээ захиалж чадлаа.  Тэр үнэхээр илүү юм аа…



Хөдөлмөр нийгэмлэгийн Намшир багшийн удирдлага дороос тамирчин болох гараагаа эхэлж сүүлд Арслан клубын Баттулга, цаашлаад шигшээ багийн дасгалжуулагч  Баяраа багшийн дор бөхийн эрдэм мэдлэгийн хуримтлуулсан гавьяат  маань хамгийн анх МУГТ Энхээ багшийн нэрэмжит тэмцээний 37 кг-ын жинд оролцож хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.  Энэхүү амжилт нь тив дэлхийн тэмцээн уралдаанаас хүртэж байсан шагнал урамшуулалаас асар их үнэтэй байдаг хэмээн ярьж билээ. Энэ спортоор хичээллэж эхэлсэн цагаас хойш  улсын удаа дараагийн аварга болж, Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, Бакугийн дэвжээнээс мөнгөн медаль хүртэж ард түмнийхээ магнайг тэнийлгэж билээ. Тэрхүү анхны ДАШТ-ий хүрэл медаль  тамирчинд маань хямдхан  олдоогүй. Гавьяатаас энэхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар асуухад “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс өмнө надад маш хүнд жил тохиосон. Афины олимпын дараа жил нь зүрх жаахан муудаж хүмүүс ч,  барилдаж болохгүй гэхээр сэтгэлээр их унасан. Тэр  жил үнэхээр  хүнд  байсан.  Гэтэл оюутан залуучуудын Униеврсиад наадамд оролцох  боломж  олдсон. Тэмцээн ч маш их өр өгөөжөө өгч Монголоос тавдахь аварга нь би болсон. Энэ амжилт надад маш том урам өгч Будапештын ДАШТ-д амжилт үзүүлж чадах юм байна гэсэн итгэл өгсөн юм. Тиймээс сарын дараа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медаль хүртэж байлаа” хэмээж билээ. Ясны сайн бөх шүү.

     Намбаа жаахан байхаасаа  л өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан. Одоогоос 10 гаруй жилийн тэртээ М.Хойлогдорж багш Дан Коловоос дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  мөнгөн медаль хүртхэд тэрээр “Би 25 насандаа Монгол Улсын гавьяат тамирчин болно” хэмээн бичсэн байдаг. Яг л бичсэнээр нь болсон… Гавьяаттай ярилцаад сууж байхад түүний “эцсийн” зорилго нь Европийн эрхэмсэг дэвжээнд зодоглох юм гэсэн. Түүний хүссэнээр ч бүх зүйл эргэж байх шиг. Одоо өөрийнхөө жинд Монгол Улсаас сонгон шалгаруулах тэмцээний эцсийн дүнг сонсох л үлдлээ. Тэр чаднаа. Хоёр жил гаран Германы Бундеслигт хүч үзэж буй тамирчнаас харийн орны эргэн болчихвий гэсэн муухан бодол ард түмний сэтгэлд “айдас” дагуулж байсан.  Тэгвэл энэ талаар тэрээр “Би хэзээ ч, юу ч амласан иргэншлээ солихгүй. Ард түмнийхээ итгэлийг алдах хүн би биш” хэмээн итгэлтэй амлаж  билээ. 2008 оны Бээжингийн олимпоор жаахан азгүйтсэн алдаагаа хэнээс илүү залруулах тамирчин гэж түүнийг мэргэжилтнүүд үнэлдэг. Тиймээс одоо л нэг итгээд үзэе. Түүнтэй ярилцаад  төгсгөлд нь би “Лондонгийн олимпын аварга болсон цагт тань хамгийн түрүүнд онлайнаар ярилцлага авна шүү” хэмээн тохирсон юм. Таныг аваргалана гэдэгт ч итгэлтэй байгаа… Гавьяатаа тохирсондоо шүү. Европын эрхэмсэг дэвжээнд төрийн дуулалаа эгшиглүүлэх тэр цагт, элэг нэгт Монгол түмэн, тэнгэрт  байгаа хайртай ээж тань таниар бахархах болно оо. Бид итгэж байна…

Ж.Цэцэгмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан