Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Уруудсан эдийн засагт сэргэх “цучил” нэмсэн чуулган

Т.ЖАНЦАН


Төрийн ордонд “Монголын эдийн засгийн чуулган-2015” өчигдөр эхэллээ. Энэ удаагийн чуулган манай эдийн засаг хүндэрсэн, гадаадын хөрөнгө оруулалт буурсан, орж ирэх мөнгөн урсгал татарсан цаг үед болж буй юм. Чуулганд оролцогчид болон судлаачид энэ онд манай эдийн засаг хүндхэн хэвээр байна хэмээн тодорхойллоо. Хүндрэлээс гарахын тулд Оюу толгой, Таван толгой, төмөр зам, цахилгаан станц барих гээд бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг яаралтай хөдөлгөх нь зүйтэй гэсэн байр суурьтай  эдийн засагчид олон байна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргасан мэдээлэлд дурдсан таагүй үзүүлэлт  нь төсвийн тэнцлийн тоо баримт юм. Энэ оны эхний хоёр сарын байдлаар төсвийн орлого 745.6 тэрбум төгрөг байв. Гэтэл зарлага нь 930.9 тэрбум төгрөг. Ингээд төсвийн алдагдал 185.3 тэрбум төгрөг гарчээ. Цаашид энэ байдал үргэлжилбэл төсвийн тодотгол хийнэ. Сангийн сайд Ж.Эрдэнэбат ч ийм байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Манай эдийн засагт ажиглагдаж буй бас нэг сөрөг зүйл нь гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч буй явдал. Энэ оны эхний хоёр сард орж ирсэн хөрөнгө оруулалтыг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 242 сая ам.доллараар бага байгаа. Тэр ч бүү хэл нэгдүгээр сарынхаас 82 сая ам.доллараар буурчээ. Тэгвэл эдийн засагчид гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь өнөөгийн хүндрэлийн эх үүсвэр болсон гэж оношилж буй. Иймд манай улсад гадаадаас орж ирэх мөнгийг хэрхэн татах вэ гэдэг асуудал өнөөдөр тулгараад байна. Гадаад валют олж ирэх нэг гарц нь экспортын бүтээгдэхүүн. Гэтэл манай улсын экспортын гол бүтээгдэхүүн нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр уруудсаар. Тухайлбал, энэ оны хоёрдугаар сард экспортод гарч буй нэг тонн төмрийн хүдрийн дундаж үнэ 59 ам.доллар байгаа аж. Мөн зэсийн баяжмал 1312 ам.доллар болжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 700 орчим ам.доллараар буурсан үзүүлэлт юм.

Эдийн засгийн хүндрэлийн улмаас иргэд, аж ахуйн нэгж зээлээ төлж дийлэхгүйд хүрч буй нь Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн судалгаанаас тод харагдана. Тус судалгаанд дурдсанаар банкны системийн чанаргүй зээлийн хэмжээ 10 тэрбум төгрөг буюу 1.5 хувиар өсчээ.

 Ингээд чанаргүй зээл 667 тэрбум төгрөгт хүрсэн үзүүлэлт гарав. Эдийн засгийн нөхцөл байдал цаашид сайжрахгүй бол дээрх тоон үзүүлэлт улам нэмэгдэж магадгүй юм.  

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдийн засгийн чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ гадаадын хөрөнгө оруулалт татахад итгэлцэл чухал байна хэмээн онцолсон. Тэрээр “ Монгол Улсад тулгараад байгаа нийгэм, эдийн засгийн хүндрэл бэрхшээлүүдийг хэрхэн давах талаар бид халуун яриа, хэлэлцүүлэг өрнүүлж зөв гарц шийдэл эрэлхийлж буй билээ. Иймд энэ чуулганаар бодит шийдэл олсон  үр дүн гарна гэдэгт итгэж байна. Итгэлцэл нь эдийн засаг, бизнесийн төдийгүй бидний өдөр тутмын амьдрал, улс төр, хууль, эрх зүйн орчин, нийгэм, гэр бүлд маш чухал гэдгийг бид хэлүүлэлтгүй мэднэ. Оюу толгойн далд уурхайн төслийг урагшлуулахад бидэнд итгэлцэл хэрэгтэй. Бид сөргөлдөгчид биш. Хоёр тал нэг завин дээр явж байгаа хамтрагчид. Ерөнхий сайдын хувьд “Рио Тинто”-гийн ерөнхий захирал ноён Сэм Уолштой хэдхэн өдрийн өмнө уулзахдаа ч бид үүнийгээ харилцан хүлээн зөвшөөрч ойлголцсон. Монголын эдийн засгийн чуулган болж буй энэ өдрүүдэд Таван толгойн  консорциумтай хийж байгаа хэлэлцээр мөн төгсгөлийнхөө шатанд орлоо. Үүнээс гадна шинэ төмөр замын бүтээн байгуулалт, V цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Багануур, Шивээ овоо, Таван толгойн цахилгаан станцын хөрөнгө оруулалт, шинэ үйлдвэрүүд, хурдны замууд, шинэ хороолол, орон сууцны барилга, бусад бүтээн байгуулалтууд араасаа олон олон шинэ хөрөнгө оруулагчдыг татна гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн хэллээ. 

Мөн гадаад валютын нөөцийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Өнгөрсөн онд алтны тушаалт 13 тоннод хүрсэн том өөрчлөлт гарсан. Энэ жил  16-20 тонн болж өсөх төсөөлөл бий. Гадаад валютын албан нөөц өчигдрийн /дөрөвдүгээр сарын-1/ байдлаар нэг тэрбум 290 сая ам.доллар байна. Макро эдийн засаг энэ онд тогтвортой байх нөхцөл бүрдсэн” гэж хэлэв.

Харин улсын төсвийн орлого, зарлагын тухай Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Монгол Улсын төсвийг өнгөрсөн онд хэтэрхий өөдрөгөөр төсөөлсөн.  Сүүлийн жилүүдэд ч ийм байв. Засгийн газар саяхан эдийн засгийн бодит байдалтайгаа нийцсэн төсвийн төсөл хийхийг зорьсон. Гэвч төсвийн алдагдал хэвээр үргэлжилж байна. Одоогоор төсвийн алдагдал 10 гаруй хувьтай байгаа. Бид таван хувьд хүрэхийн тулд 2015 оны төсөвт ахиад тодотгол хийхийг үгүйсгэхгүй” гэсэн юм. Ийнхүү нөхцөл байдал сайнгүй байгаа ч  Монгол Улсын эдийн засгийн чуулган үргэлжилж байна. Итгэлцлийн завинд суусан эдийн засгийн чуулганаас ямар үр дүн гарахыг цаг хугацаа удахгүй харуулах буй заа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан