Н.БАТ
Хөгжлийн банк буюу “Засгийн газрын” банкны шилэн дансанд зочиллоо. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн сарын 20-нд тус банкнаас МИАТ компани 930.875.040 төгрөгийн зээл авчээ. Мөн М.Баянмөнх, Ч.Нэргүй, Д.Ганбат, Н.Тэмүүлэн нарын албан томилолтын зардалд тус бүр 5.370.786 төгрөг зарлагаджээ.
Харин тус банкинд хамгийн их зээлтэй компани нь “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Таван толгой” байгаа юм. Өөрөөр хэлбэл төрийн томоохон компани нь “охин”-тойгоо хамт өр тавьжээ. Шилэн дансанд Эрдэнэс Монгол компани 5 тэрбум 500 сая төгрөгийг зээлийн хүү төлөлт хэмээн Хөгжлийн банкинд орлогодсон бол Эрдэнэс Таван толгой компани хоёр сарын дотор 1 тэрбум 925 сая болон 694 сая, 640 сая төгрөгөөр гурван удаагийн орлогоор зээлийн хүү төлжээ.
Өөрөөр хэлбэл тэдний зүгээс зээлийн хүүнд 8 тэрбум 759 сая гаруй төгрөг төлжээ. Энэ бол төрөөс олгож буй зээл учраас арилжааны банкуудыг бодвол хүүгийн харьцангуй бага хувьтай байгаа гэсэн үг. Тэгвэл Хөгжлийн банкнаас алдарт 1,5 тэрбумын бондоос олгосон нэгэн томоохон зээл бол “888 төсөл”. Одоогоор тус төсөлд хамрагдаж, зээл авсан аж ахуйн нэгжүүд ажилжааны есөн банкинд зээлийн хүү төлж байгаа аж. Хөгжлийн банкинд тус төслөөс зээлийн хүү гэсэн орлогоор 430 сая 409 мянга гаруй төгрөг хоёрдугаар сарын 27 гэсэн огноотой оржээ.
Өөр нэг онцлох зүйл бол Төрийн орон сууцны корпорацын зээл хамрагдсан иргэд зээлийн хүү болоод зээлээ тун сайн төлж буй бололтой. Багагүй мөнгө тэндээс орлогодсон байгаа юм. Хөгжлийн банкны цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого зарлагын мөнгөн гүйлгээ гэдгийг орлого зарлагаар нь ангилан нэгтгэж үзвэл Хөгжлийн банк гэдэг статусыг нь татан буулгах цаг нь болжээ гэдгийг илтгэнэ. Харин Хөгжлийн банкны зүгээс Хятадын Хөгжлийн банкинд 7 тэрбум 150 сая 299 мянган төгрөгийн зээлийн хүү төлсөн бол “Кредит Свисс” банкинд өнгөрсөн сарын 2-нд зээлийн хүү хэмээн 10 тэрбум 856 сая 870 мянган төгрөг зарлагаджээ.
Хэрвээ үндсэн зээлээ төлж эхэлбэл хэдий хэмжээний мөнгө зарлагадах нь тодорхой болох биз. Үндсэндээ Хөгжлийн банк хэрхэн энэ мөнгийг төлөх нь эргэлзээтэй гэсэн үг.
Хэдийгээр бондын мөнгөөр санхүүжсэн зарим төслүүдийн үндсэн зээл төлөгдөж эхлээгүй одоогоор зээлийн хүү төлж байгаа гэж тайвширмаар байвч энэ бол бондын үндсэн зээлийг төлөх хэмжээний мөнгө биш гэдгийг хаа хаанаа мэдэж байгаа юм.
Энэ оны нэгдүгээр сарын 5-наас гуравдугаар сарын 20 хүртэлх орлогыг багцаалбал 16 тэрбум 190 сая төгрөг байгаа бол зарлага нь 20 тэрбум 290 сая төгрөг давжээ.
Хэрвээ Хөгжлийн банк төрийн нөмөр дор үйл ажиллагаа явуулдаггүй арилжааных байсан бол аль эрт дампуурлаа зарлаа байлгүй.