Б.МЯГМАР
Жил бүрийн хавар тариаланчид цуглан энэ жил хэдэн тонн буудай тариалах, үр бордоогоо яах вэ гээд их ажлынхаа талаар зөвлөлддөг. Энэ жилийн хувьд дээрхээс гадна буудайг биржээр худалдаалах гэсэн шинэ асуудал хэлэлцэж байна. Жилийн жилд буудайн чанар, үрийн асуудал шүүмжлэл дагуулдаг. Тэгвэл буудайг биржээр арилжаалдаг болбол энэ бүх асуудал шийдэгдэнэ хэмээн албаныхан хэлж байна. Энэ талаар Хөдөө аж ахуйн биржийн Клиринг төлбөр тооцооны захирал Б.Буянхишиг “Энэ жил салбарын шаардлагаар буудайг заавал биржээр арилжаалах болж байна. Яам ТЭДС яагаад үнэ хэлээд байдаг вэ гэвэл гурилын үнийг барих зорилготой. Гурилын үнийг барина гэхээр бизнес эрхэлж байгаа тариаланч гурилын үйлдвэрүүдэд дарамт болсоор ирсэн. Харин үүний оронд үнийг нь чөлөөлбөл зах зээлийн хуулийн дагуу хоорондоо үнээ тохирно гэсэн үг. Ер нь, гурилын үнийг хэт барих гэж оролдох нь өөрөө асуудал дагуулж байгаа шүү дээ. Дэлхийн бусад бүх орон буудайгаа биржээр арилжаалдаг. Хамгийн анх Японд 1600 онд буудайгаа биржээр арилжаалж байсан гэдэг. Манайд улаанбуудайг биржээр арилжаалахад хүндрэлтэй асуудал огтоос байхгүй. Одоо хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн ноос ноолуур, рапсыг биржээр арилжаалж буй туршлага бидэнд бий” хэмээн ярьсан юм. Биржийн арилжаа хэдийгээр шинэ зүйл биш мэт боловч манай орны нөхцөлд олон хүндрэлтэй асуудал тулгарч болох талаар Гурил үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ч.Энхбаяр хэлж байна. Тэрээр “Биржээр арилжаа явуулахад эхлээд тохиролцох хэд хэдэн асуудал бий. Тухайлбал, Гурилын үйлдвэрүүд ямар лабораторыг гол болгох юм. Өөрсдийн үйлдвэрийн лабораторыг уу эсвэл мэргэжлийн байгууллагын лабораторыг уу. Мөн буудайгаа хаана хадгалах, ямар нөхцөлөөр авах, тээврийн зардлаа хэрхэн яаж зохицуулах уу, үүнийг бирж дээр хэрхэн тохирох вэ. ТЭДС бирж дээр ямар үүрэгтэй оролцох юм. Намар авсан буудайгаа хавар үнээр нь зараад байх юм бол бирж дээр шударга үнэ тогтохгүй. Тэгэхээр үүнийг аль аль талаас нь сонгох хэрэгтэй. Улаанбуудайг биржээр арилжаалахын нэг сайн тал нь сайн буудай үнэтэй, чанар муутай цавуулаг багатай буудай хямдхан зарагдана. Ер нь, буудайг биржээр худалдаалах арга нь шударга үнэнийг тогтоодог. Хардлага сэрдлэгийг байхгүй болгох, ажлыг хурдан шуурхай болгодог гээд сайн талтай ч эхний ээлжинд хүндрэлтэй асуудлаа шийдэх хэрэгтэй” гэж байлаа.
ТЭДС-гаас буудайн тонн тутамд нь урамшуулал олгодог. Энэ хэлбэрээр яваад байхаар тариаланчид чанарт бус тоонд анхаарах сөрөг тал гарч байгааг албаныхан хэлдэг. Тэгвэл энэ жил тариаланчид болон үйлдвэрлэгч нарт яамны зүгээс ямар шаардлага тавьж байгаа талаар ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдоос тодруулахад “Чанартай, чанаргүй буудайнд урамшуулал олгоно гэдэг зүйл байгаагүй. ТЭДС-д буудайгаа тушаасан тариланчдад урамшуулал олгож байсан. Энэ жилийн хувьд үйлдвэрлэгч нарт чанар муутай цавуулаг багатай буудай битгий аваач ээ. Авсныхаа дараа энэ чинь цавуулаг багатай байна. Гаднаас чанаржуулагч оруулж ирье гэдэг санал хэлдэг. Тэгэхээр та бүхэн буудай авахдаа чанарт анхаараарай. Бид тэгээд урамшуулал олгоё гэдэг санал тавьж байгаа. Цаашдаа бид чанартай буудай хэрэглэх байх. Өнгөрсөн жил 350 мянган тонн орчим буудай авсан. Энэ жил энэ хэмжээгээ бууруулахгүй, чанарыг нь дээшлүүлье гэсэн зорилт тавин ажиллаж байна. Үнэ чөлөөлөх асуудлыг тариалан эрхлэгчид тавьж байгаа. Ер нь, үнийг төрөөс барьсан зүйл байхгүй. Энэ зөвхөн ТЭДС худалдан авах буудайн үнийг ХХААЯ-наас тогтоодог. Үүнийг төрөөс үнэ тогтоож байна гэж ойлгодог. Тиймээс үнэ бол чөлөөтэй” гэдгийг хэлж байлаа.
Ч.Пэрэнлэй: Өөрийн орны онцлогт тохирсон сонголтыг хийх хэрэгтэй
Монголын тариалан эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Пэрэнлэйгээс тариалалттай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.
-Буудайгаа биржээр арилжаалбал чанарт нь ахиц гарах талаар ярьж байна. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Төрөөс гурилын үнийг олон жил барилаа. Гурилын үнийг барьсан учир тариаланчдын буудайны үнэд асуудал гардаг. Үүнийг урамшууллын аргаар шийдэж ирсэн. Хэрэв биржээр арилжаалах юм бол үнэ чөлөөлөгдөж, зах зээлийн зарчимдаа орно. Үүнийг бид дэмжиж байгаа. Гэвч биржээр арилжаалахдаа эхнээс нь тооцоо судалгаатай ажиллах хэрэгтэй. Сүүлдээ бирж маань цаас авдаг газар болох вий хэмээн эмээж байна. Үнэ найдвартай тогтох нь зөв. Гэтэл гурилын үйлдвэрүүд эргэлтийн хөрөнгөгүй байхад гадаадын улсууд үнэ өгөөд буудай авах вий. Үүнээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Улаанбуудайг стратегийн бүтээгдэхүүн гэдэг өнцгөөс харах учиртай. Үүнийг нэлээд сайн сурталчлахгүй бол асуудал гарч магадгүй. Манайд буудайг биржээр борлуулахад гол хүндрэлтэй асуудал нь агуулах. Гурилын үйлдвэрүүд, ТЭДС л цөөн хэдэн агуулахтай. Гурилын үйлдвэрийн агуулахад буудайгаа оруулчихаад үнэ ярих юм бол тэртээ тэргүй нэгэнт хашаанд нь буусан буудайг буцааж авна гэж байхгүй. Өмнө нь ингэж л ирсэн. Иймээс тээвэр, олон аж ахуйн нэгжтэй, хадгалах сав багатай нөхцөлд өөрийн орны онцлогт тохирсон сонголт хийх хэрэгтэй шүү дээ. Тэрнээс биш шууд гадаадын оронд ингэдэг, манайх ингэнэ гээд шилжиж болохгүй.
-Энэ хавар тариалан эрхлэгчдэд төрийн зүгээс ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ. Саяхан тариаланчид маань багагүй эсэргүүцэл үзүүллээ?
-Гол асуудал өнгөрсөн жил гурилын үйлдвэрүүдэд тариаланчид буудайгаа өгсөн. Өнөөдөр мөнгөө авч чадаагүй тариаланч олон байна. Хаврын тариалалтаас өмнө шийдэж чадалгүй тариагаа тарина гэвэл олон бэрхшээл тохиолдоно. Зөвхөн Булган аймгийн хэмжээнд саяхан хэлэлцүүлэг хийхэд 30 гаруй аж ахуйн нэгж тэрбум гаруй төгрөгийн авлага байна гэсэн. Ганц аймагт л гэхэд ийм байхад цаана нь тариалангийн гол бүс нутагт Орхон, Дарханд хэр хэмжээний тоо гарахыг мэдэхгүй. Мөн ТЭДС-гийн дэмжлэгийг тодорхой болгох хэрэгтэй. Шатахуун ургамал хамгаалалт үрийн гээд дэмжлэг олгодог. Гэтэл үүнийг бүгд л сангаас авах гээд байгаа юм шиг ойлголт төрдөг. Харин санд 50-500 га газарт тариалан эрхэлдэг жижиг тариаланчдаа дэмжих хэрэгтэй. Том аж ахуйн нэгжүүд бол нэг үеэ бодвол санхүүгийн хувьд тогтвортой болсон.
-Манай улс буудай экспортолно гээд л яриад байгаа. Ер нь, ийм боломж бий юу?
-Хаврын тариалалт хаяанд ирлээ. Тариаланчид энэ жил тариагаа яаж тарих вэ гэдгээ толгойдоо боловсруулсан л байгаа. Одоо хөрсөн дээр буулгах л үлдсэн. Харин хөрсөн дээр хэрхэн буулгах вэ гэдгийг төрийн байгууллагууд яаж хандах вэ гэдгээс харагдана. Тариаланчдад хэдхэн гол асуудал байдаг. Нэгдүгээрт, буудайгаар дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангачихлаа. Одоо харин экспортын баримжаатай больё. Бид уул уурхайгаас илүүтэй ургадаг алтаа гадаадад гаргах юм бол илүү ашигтай. Тухайлбал, сүүлийн хоёр жил тосны ургамал экспортоллоо. Ингээд 60 тэрбум төгрөг олсон. Цаашдаа тэжээлийн ургамал ихээр тарих хэрэгтэй. Ер нь, дотоодынхоо хэрэгцээг хангасан бол экспортын асуудлыг л ярих хэрэгтэй.