Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
П.СҮХБААТАР: МОНГОЛЧУУД ЗООСОН МӨНГӨ ХЭРЭГЛЭЖ ДАДААГҮЙ


2015 оны нэгдүгээр сарын 28-нд Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээн авснаа дэлхий даяар зарласан. Энэ түүхэн үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачилгаар Монголбанк 50 гр жинтэй 4000 ширхэг мөнгөн зоосыг цутгуулжээ. Зоосыг  тус банкны зоос цутгагч гэрээт байгууллага “Койн Инвест Траст” компаниар цутгуулсан байна. Үүлэн дээгүүр морьтой хүүхэд давхиж буй дүрстэй “Гурван сая дахь иргэн” гэсэн бичигтэй зоос нь зөвхөн цуглуулагчдын хүрээнд тарах гэнэ. Энэ талаарх мэдээллийг Монголбанкны Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал П.Сүхбаатараас лавлалаа.

-“Гурван сая дахь иргэн” зоосыг нийтийн хэрэглээнд биш цуглуулагчдын хүрээнд тарахаар л хийсэн бололтой. Тэгэхээр цуглуулагчид ямар үнээр хаанаас авч болох вэ?
-Энэ зоосыг 4000 шир­хэг үйлдвэрлэсэн. Нэг нь 80 мянган төгрөгийн үнэтэй. Монголбанкны Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газарт хандаж авч болно.

-Монголбанкнаас зөв­шөөр­лөөр, өөрөөр хэлбэл яг хэдэн төрлийн зоос цутгасан байдаг юм бэ?


-Тэмдэглэлт үйл явдал, нэр хүндтэй хүмүүс, улстөрч гэсэн сэдвээр гадаадын зоос цуглуулагчдын хүсэлтийг харгалзан Монголбанк зөвшөө­рөл олгон “Койн инвест траст”-д зоосоо цутгуулдаг. Өнгөрсөн оноос өнөөг хүртэл 20 төрлийн зоос гаргаад байна. Манай гаргасан зоос олон улсын зоос сонирхогчдоос өндөр үнэлгээ авч, үзэсгэлэнгээс шилдгээр шалгарах нь олон. Өөрөөр хэлбэл, дэлхийн зоосны зах зээлд өндөр байр суурь эзэлж олон шагнал хүртдэг. Тухайлбал, 2012 онд үйлдвэрлэсэн 15,5 гр жинтэй “Чоно” мөнгөн зоос 2014 онд Москвад болсон олон улсын дурсгалын зоосны наймдугаар уралдаанаас “Оны шилдэг зоос”, “Шилдэг технологи”, 2014 онд Испанийн эзэн хааны зоосны үйлдвэрээс “Дэлхийн шилдэг зоос”, 2015 онд Берлиний дэлхийн мөнгөний үзэсгэлэнгээс  “Хамгийн шилдэг зоос” шагнал хүртсэн. Ер нь, ховор ан амьтны цувралаар хийсэн зоосууд маань олон улсын үзэсгэлэнгээс жил дараалан шагнал авч байгаа.

-Олон улсын зоосны үзэсгэлэн худалдаа ямар дав­тамжтай болдог вэ?

-Олон улсын зоосны үзэсгэлэн худалдаа жилд хоёр удаа болдог. Энэ нь Европ, Ази тивд нэг нэг удаа болно. Аль болох шинэлэг санаатай, хэв загвар бүхий зоос гаргасан нь амжилт олдог юм. Жишээ нь, тухайн зоосыг шилдэг тех­нологи, санаачилга, хо­ворд­­сон ан амьтны төрлөөр нь байр эзлүүлдэг. Гэхдээ ихэнх зоосыг нь алт, мөнгөөр цутгадаг.
 
-Ер нь манай улсад зоос цуглуулдаг хэдэн хүн байдаг юм бол. Энэ талаар танд мэдээлэл бий юү?

-Яг нарийн тоон мэдээлэл байхгүй. Зоос цуглуулагч олон бий. Учир нь, манайд хуучин болон шинээр гарсан зоосыг авах хүсэлт их тавьдаг юм. Монголын зоос цуглуулагчдын холбоо гэж байдаг. Тэд өөрсдөө захиалгаар зоосоо хийлгэх нь ч бий. Жишээ нь, Хубилай хааны 800 жилийн ой энэ онд тохионо. Үүнд зориулж зоос гаргах захиалгаа өгөөд байгаа. Монголбанкнаас Монголын 37 их хаадын зоосны цуглуулга гаргах төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Жилд 4-5 зоос хийлгэнэ. Төслийн гол зорилго нь үндэсний түүхийн агуулгатай зоосыг олон нийтийн хүртээл болгоход оршино.

-Монголын зоос үйлд­вэр­лэлд ямар ямар сэдвээр бүтээгдэхүүн гаргасан байдаг вэ?

-Улстөрч, шилдэг удирдагч нарыг мөнхөлсөн зоос нэлээд бий. Тухайлбал, Оросын хаад, мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннедиг дүрсэлсэн зоос цутгуулсан. Үүнээс гадна бай­галийн өвөрмөц тогтоцтой газ­руудаар сэдэвчилсэн зоос бий.

-Тэгэхээр бид дотооддоо зоос үйлдвэрлэх боломж хэр байдаг юм бол?

-Бид дотооддоо хийж болно. “Зоос гоёл” компаниар хийлгэж болно. Гэхдээ олон улсын стандартад тохирсон шаардлагад арай л хүрэхгүй байгаа.

-Та дээр түүхэн үйл явдлыг мөнхөлсөн зоос гар­гадаг гэж  ярьсан. Энэ онд түүхэн үйл явдлыг өгүүлсэн  ямар зоос гаргах вэ?

-Дэлхийн хоёрдугаар дайн бол хүн төрөлхтөнд тохиосон гамшигт үйл явдал. Энэ онд Ялалтын 70 жилийн ой тохионо. ОХУ-ын нэг компани манайд хандан 10 мянган ширхэг  цэвэр мөнгөн зоос хийлгэсэн. Энэ нь гүйлгээнд гарсан байгаа. Монголын зоос сонирхогч цуглуулагч нарт зориулж цөөн тоогоор авч ирсэн. Үүнийг сонирхож буй иргэд, цуглуулагчид манай газарт хандаад авч болно. Энэ зоос бол цэвэр мөнгө.

-Танаас нэг зүйл асуух­гүй өнгөрч болохгүй нь. Монгол Улс зоосон төгрөг ашиг­ладаг. Гэтэл гүйлгээнд тэр бүр ашиглахгүй юм. Энэ талаар тодорхой хариулт өгөөч?

-Зоосон төгрөг манайд бай­гаа. Тухайлбал, 20, 50, 100, 500 төгрөгийн зоос бий. Нэг хэсэг автобусны тасал­­бар авахад хэрэглэдэг байсан. Манайхан зоосон төг­рөг хэрэглэж дадаагүй.Үүнээс гадна үйлчилгээний байгууллагуудад үүнийг тоолох машин алга. Орчин нөхцөл бүрдээгүй тул гүйл­гээнд гаргахгүй байна. Түүнээс биш гүйлгээнээс хас­сан шийдвэр гараагүй. Бага хэмжээгээр мөнгөний хариултад өгөөд гүйлгээ хийж байгаа.
Манайхан заавал цаа­сан мөнгө л хариултад авах гээд байдаг. Зоосон мөн­гийг хадгалж явахад хэцүү, хаяж үрэгдүүлнэ гэсэн иргэдийн тогтсон ойлголттой холбоотой. Тэгээд цаасан дэвсгэрт нэхээд байдаг юм шиг байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан