Б.МЯГМАР
Манай улсын эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж урд хормойгоороо хойд хормойгоороо нөхдөг байдалтай эвлэрсээр өнөөг хүрсэн. Ийн алдагдалтай ажиллаж байгаагаас нүүрсээ худалдан авч дийлэхээ больж эрчим хүчний хомсдолд орох аюул ойрхон байгааг мэргэжлийнхэн байнга л анхааруулдаг. Хэдийгээр суурь үнэ гэдэг утгаараа цахилгаан дулааны үнийг төрөөс зохицуулж байдаг жил ирэх бүр бага багаар нэмэгдүүлсээр байна. Харин энэ нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч буй. Эдгээр бэрхшээлээс гарах гарцыг хайхаар “Эрчим хүчний хэлхээ холбоо” уулзалтыг энэ сарын 17, 18-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. Зүүн хойд азийн орнуудын шинжээчдийн түвшний уг уулзалт нь “Зүүн хойд азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд зохион байгуулагдаж буй. Хуралд төр, хувийн хэвшил, ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон зэрэг Зүүн хойд Азийн орнуудын Эрчим хүчний судалгаа шинжилгээний хүрээлэнгүүдийн төлөөлөл, олон улсын болон хувийн хэвшлийн 16 байгууллагын 24 эрдэмтэн судлаач оролцохоор болжээ. Олон улсын хэмжээний томоохон уулзалт болох гэж байгаад эрчим хүчний салбарынхан ихээхэн ач холбогдол өгч байна. Уулзалтаар монголчууд сэргээгдэх эрчим хүч ашиглан дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй эрчим хүч экспортлох талаар ч хэлэлцэхээр товложээ. Энэ талаар Эрчим хүчний Эдийн засгийн хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Г.Энхболор “Эрчим хүчний хүрээлэнгээс эрдэмтдийг нь урьж оролцуулна. Хурлын илтгэл гурван хэсгээс бүрдэнэ. Эхнийх нь уламжлалт эх үүсвэрээр өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглан хэрэглээгээ хангах тухай, хоёрдугаарт сэргээгдэх эрчим хүч, гурав дахь нь дэд бүтцийн чиглэлд илүү анхаарах юм. Манай талаас нэгдүгээр хэсэгт шинжлэх ухааны доктор, Эрчим хүчний сайд байсан Батхуяг илтгэл тавина” гэдгийг хэлсэн.
хангах боломжтой
Энэ үеэр Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн захирал Б.Амарсанаагаас цөөн асуултад хариулт авлаа.
-Эрчим хүчний системийг хөгжүүлэх ямар гарц байгаа вэ. Эрчим хүчний хэлхээ холбоо уулзалтаар хөндөх асуудлыг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтран анх удаагаа Зүүн хойд азийн бүс нутгийн эрчим хүчний хэлхээ холбоо нэртэй олон улсын уулзалт зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд манайхтай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг судлаачид, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төлөөлөл, хувийн хэвшлийнхнийг оролцуулна. Уулзалтаар эрчим хүчийг алдагдалгүй үйлдвэрлэх боломж, гарц, эрчим хүчний эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх арга зам, зөв оновчтой өндөр ашигтай технологи нэвтрүүлэх, бүс нутгийн хэмжээнд эрчим хүчний асар их нөөцтэй болон их хэмжээний эрчим хүч импортлогч гүрнүүдийн сонирхол, уялдаа холбоо, сонирхолд нийцүүлсэн төсөл хөтөлбөр юу байгааг ярилцаж, хэлэлцэнэ. Жишээ нь Азийн супер сүлжээ байж болно. Энэ асуудлыг ойрын ирээдүйд шийдвэрлэх арга замыг хайна. Үүгээрээ энэхүү олон улсын хурал өндөр ач холбогдолтой. Бид хурлаас гарсан санаачлагыг амжилттай хэрэгжүүлж чадвал одоогийн технологи шинэчлэгдэж, алдагдалтай ажилладаг байдал аяндаа арилна.
-Манай улсын эрчим хүчний нөөц ямар байна вэ. Цаашдаа илүү хямд үнэтэй, өндөртэй ашигтай эрчим хүч дотооддоо үйлдвэрлэх боломж бий юу. Мөн манай улс ОХУ, БНХАУ-аас эрчим хүчний хувьд хэр хамааралтай байгаа вэ?
-Суурилагдсан хүчин чадлаар 900 орчим мвт-ыг үйлдвэрлэж байгаа. Сүүлийн үеийн мэдээгээр ОХУ-аас бага хэмжээний эрчим хүч өнгөрсөн сард импортоор авсан. Өмнө нь авч байснаас багассан. Энэ нь өнгөрсөн хоёр жилд гурав, дөрөвдүгээр цахилгаан станцын 50 болон 123 мвт-ын өргөтгөлүүд ашиглалтад орсонтой холбоотой. Цаашдаа эрчим хүч гаднаас импортлох нь багасч байна. 2030 он хүртэлх хэтийн зорилгоо тодорхойлсон бичиг баримтыг яамнаас гаргасан. Энэ зорилгод Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болох зорилго тавиад байна. Манайд эрчим хүчний хангалттай нөөц бий. Гагцхүү хууль эрх зүйн болон хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах хэрэгтэй. Байгаа нөөцөө оролцуулаад хямд эрчим хүчийг өндөр технологи ашиглан үйлдвэрлэж чадвал Зүүн хойд Азийн орнуудыг эрчим хүчээр хангах боломжтой.