Б.ШИРНЭН
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-ын Улсын ахлах байцаагч Ж.Очирхуяг, Б.Ариунаа, Улсын байцаагч К.Жархынбек, М.Мөнхбаяр нар өнгөрсөн онд арилжааны 13 банкны үйл ажиллагаанд шалгалт хийж, есөн банк нь шимтгэл болон хураамж зэргээр зээлдэгчдээс зээл олгоход гарах зардлыг давхардуулан авч байгаа зэрэг зөрчил илрүүлсэн юм. Харин арилжааны банкууд дээрх асуудлын хүрээнд шүүхийн маргаан үүсгэснээр хоёр дахь шатны шүүх хурал энэ сарын 11-ний өдөр боллоо.
Ингээд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх банкуудын давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ШӨХТГ-ын улсын байцаагч нарын гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэжээ. Ингэснээр анхан шатны шүүхийн тогтоол хүчин төгөлдөр хэвээр үлдэж байгаа бөгөөд банкууд Хяналтын шатны шүүхэд хандвал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх юм.
Шүүх: ШӨХТГ-ын шаардлага банкны хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй байна
ШӨХТГ нь арилжааны банкуудад “Өөрийн банкны зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамжийн талаар мэдээллийг зээлдэгчдэд бүрэн, үнэн зөв өгч байх”, “Зээлийн шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх”, “Зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай уялдуулан тогтоох” гэсэн үндсэн шаардлага тавьсан. Гэхдээ банкууд “...ШӨХТГ нь хяналт шалгалтыг үндэслэлтэй, шударга явуулах, шалгуулагчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндэтгэх зэрэг хуулиар тодорхойлсон төрийн хяналт шалгалтын зарчмуудыг илтэд гажуудуулсны дээр Банкны тухай хуулийн 5.1-д заасан “...Монголбанк, төрийн бусад байгууллага банкны үйл ажиллагаанд оролцохгүй бөгөөд удирдлага, шийдвэрт нь хууль бусаар нөлөөлж болохгүй” тухай зарчмыг зөрчиж, банкны үйл ажиллагааг хууль бусаар хязгаарлах нөлөөлөхөд чиглэсэн үйлдэл гаргасан” гэж үзсэн юм. Тиймээс арилжааны банкууд ШӨХТГ-ын газрын “Улсын байцаагчийн албан шаардлага”, “Улсын байцаагчийн дүгнэлт” зэргийг хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, шийдвэрлэж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүссэн юм.
Харин шүүх бүрэлдэхүүн ШӨХТГ-ын албан шаардлагад тусгасан дүгнэлтийг авч хэлэлцээд, “зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамжийн талаар мэдээллийг зээлдэгчдэд бүрэн, үнэн зөв өгч байх, зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай уялдуулан үндэслэлтэй тогтоох” гэх шаардлага нь нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй гэж үзжээ. Түүнээс гадна зээл олгох үйл ажиллагаатай холбогдуулан банкнаас зээл авах гэж буй этгээдийн үйл ажиллагаатай танилцах, дүгнэлт гаргуулах, бизнесийн үйл ажиллагаанд аудит хийх, барьцаа хөрөнгийн үнэлгээний тайланг бодит байдалд нийцэж буй зэрэг судалгааны ажилд тодорхой зардал гардаг гэдгийг үгүйсгээгүй, мөн хуулиар хориглоогүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн юм. Гэхдээ ШӨХТГ-ын дээрх шаардлага нь “зардлыг бодитой тооцоонд тулгуурлан нөхөж авах, зээл хүсэгчдэд энэ талаар урьдчилан таниулж зөв бодитой мэдээллийг ойлгоход дөхөм байдлаар хүргүүлэх, талууд харилцан зөвшөөрч зээлийн гэрээнд тусгах нь иргэний эрхийн чөлөөт хэлцлийн зарчимд нийцэж байгаа шаардлага” болсон гэж шүүх бүрэлдэхүүн үзжээ.
Банкууд: Зөвхөн Монголбанк л биднийг хянах эрхтэй
“Төв банкны тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.4-т “Монголбанк нь банкны үйл ажиллагаанд хяналт тавих” чиг үүрэгтэй гэж заасан бөгөөд арилжааны банкны үйл ажиллагаанд зөвхөн Монголбанк өөрийн хянан шалгагчаар хяналт тавих эрхтэй гэж заасан байдаг аж. Тиймээс ШӨХТГ-ын улсын байцаагч нар нь хуулиар тусгайлан олгогдоогүй асуудлаар хяналт шалгалт явуулсан нь хууль бус гэж банкууд маргаж байгаа юм.
Гэхдээ шүүх бүрэлдэхүүн ШӨХТГ-ын газрыг “Тус газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн” гэж тодорхойлсон. Үүнээс гадна “Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуй эрхлэгч, байгууллагад хяналт шалгалт хийж дүгнэлт гаргана, “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах”-аар заасан нь ШӨХТГ-ын үйл ажиллагааны бүрэн эрхэд хамаарах харилцаанд хамааралтай байх тул улсын байцаагч нар хяналт шалгалт явуулсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй хэмээн шийдвэрлэсэн байна.