Цагаан сарын өмнөхөн Ерөнхийлөгч маань сэтгэлгээний хувьсгал хийхийг Монголчууддаа уриаллаа. Энэ сайн хэрэг. Гэхдээ Ерөнхийлөгч хоёрхон өнгөөр хараад байх шиг. Нэг хэсэг нь юм хийх гээд нөгөө нь юм хийлгэхгүй гээд байгаа мэт. Асуудлыг олон талаас харж, бүрэн ойлгосны үндсэн дээр шийдэж хэвшвэл энэ үнэхээр сэтгэлгээний ХУВЬСГАЛ болох бус уу. Түүнээс лалын ертөнц шиг хорвоог хоёрхон өнгөөр (ажиглаад байхад лалын ертөнц хүмүүсийг атаат дайсан эсвэл ахан дүүс, хүний үйлдлийг нүгэл эсвэл буян гэж хоёрхон өнгөөр хараад байх шиг. Тэгээд ч байнгын алаан талаан, өшөө хорсол буцалж байдаг шиг харагддаг) харж сэтгэлгээний хувьсгалын тухай яривал ухралт болох байх. Би Ерөнхийлөгчтэй мөчөөрхөх гэсэнгүй. Харин ч Ерөнхийлөгч зөв бодолтой, зөв үйлдэлтэй, зөв хүн гэж бодож явдаг.
Хийлгэх, хийлгэхгүйн тухайд яривал учир начирыг юуны өмнө олох хэрэгтэй байх. Ингээд “бүтээх” гээд зүтгээд байгаа улсын чадал, чансааг хийж бүтээсэн ганцхан зүйл дээр нь тогтож дүгнэлт хийх гэж оролдъё.
Зөв хөдөлгөвөл “Оюу толгой”-н Монгол Улс, монголчуудад ирэх ач тус хэмжээлшгүй ихийг энд ярих илүүц биз ээ. Санхүүгийн салбар шинжлэх ухаануудыг чамгүй олон жил судалсан миний хувьд гадаадын “түнш” маань манийг молигодоод “Оюу Толгой”-г “аваад” явчихжээ. Харин хараахан мөнгө болгож амжаагүй юм байна гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрлөө.
Ингээд биднийг хэрхэн молигдож, монголчууд бид хэрхэн бусдын доог, тохуу болж байгаа талаар ярилцья. Миний мэдэж байгаагаар манай тал энэхүү төсөлтэй холбоотой “Хөрөнгө Оруулалтын Гэрээ”, “Хувь Нийлүүлэгчдийн Гэрээ”, “Хувьцаа Шилжүүлэхийг Хязгаарлах Тухай Гэрээ”, “Урьдчилгаа Төлбөрийн Гэрээ” гэсэн дөрвөн гэрээ байгуулсан байгаа ба төслийн бүтээн байгуулалтын зардлын 34 хувийг төлөх үүрэг хүлээснээр тус төслийн мөн хэмжээний хувийг эзэмшихээр тохирч, гэрээ байгуулсан гэж олон нийт ойлгодог. Энэхүү төслийг санхүүжилтийн нэг хэлбэр (аливаа хөрөнгө оруулалтын цар хүрээ, үйл ажиллагаа явуулах салбар, үйлдвэрлэх бүтээгдэхүүн, борлуулах зах зээл гэх мэт олон хүчин зүйлсээс хамааран санхүүжилтийнхээ хэлбэрийг сонгодог) болох төслийн санхүүжилт буюу project finance (энэ төрлийн санхүүжилтийг 400 гаруй жилийн тэртээ анх ашиглаж эхэлсэн гэж үздэг)-ийг ашиглан санхүүжүүлсэн байх өндөр магадлалтай. Энэхүү санхүүжилтийн хэлбэрийн нэг онцлог нь бүтээн байгуулалтын зардлын ихэнх санхүүжилтийг гуравдагч санхүүгийн байгууллагуудаас зээл хэлбэрээр, багаахан хэсгийг төсөл эзэмшигчид (Оюу толгой хувьд Монгол нэг эзэмшигч болох учиртай) хувь эзэмших буюу equity хэлбэрээр хөрөнгө гаргах замаар төслийг санхүүжүүлдэг. Өөрөөр хэлбэл, ихэнх эрсдэлийг гуравдагч санхүүгийн байгууллагууд үүрдэг. Ийм ч учраас тэд бусад хэлбэрийн хөрөнгө оруулагчидтай харьцуулахад харьцангуй “өндөр” нөхцөл, шаардлагуудыг төсөл эзэмшигчдэд тавьдаг. Тухайлбал, тухайн төслийн бүтээн байгуулалт болон түүний дараа үе шатанд төслийн хэвийн үйл ажиллагааг хангахад зайлшгүй шаардлагатай бүхий л өмч, хөрөнгө, төслийн компанийн эзэмшил хувь, гэрээ хэлэлцээр, зөвшөөрөл, лиценз, эрхийг зээл хэлбэрээр санхүүжилт хийж буй гуравдагч санхүүгийн байгууллагууд барьцаанд авдаг ба хэрэв тухайн төслийн үйл ажиллагааг гэрээний дагуу хэрэгжүүлэхэд бэрхшээл тулгарвал зээлийн гэрээнд заасан журмын дагуу бүх бичиг баримтууд, холбогдох бүх өмч хөрөнгийг захиран зарцуулах эрх тэдний эзэмшилд шилжиж, зээлсэн мөнгөө тус төслөөс эргүүлэн гаргаж авах бүх боломжийг хангаж (төсөл хэрэгжүүлэгчийг шинээр сонгох, төсөлтэй холбоотой шийдвэр гарах эрх мэдлийг дахин хуваарилах гэх мэтээр) байх нөхцөлтэйгөөр төслийн бүх гэрээ, хэлэлцээрийг боловсруулж, байгуулдаг. Үүний зэрэгцээ, гуравдагч хөрөнгө оруулагчдын тавьж буй нөхцөл, шаардлагад нийцүүлж, төслийн бүтээн байгуулалт болон үйл ажиллагааны үе шат дахь эрсдэлүүдийг оновчтой хуваарилах маш олон гэрээ, хэлэлцээр байгуулах шаардлага гарч ирнэ. Төслийн санхүүжилтийн эрсдлүүдийг оновчтой хуваарилахад шаардлагатай зарим нэгэн онц чухал гэрээнүүдийг дурдвал:
1. Stability Agreement (Тогтвортой Байдлын Гэрээ)
2. Construction contract (Бүтээн Байгуулалтын Гэрээ)
3. Operation and Maintenance agreement (Үйл Ажиллагаа, Засвар Үйлчилгээний Гэрээ)
4. Input Contracts (Орцын Гэрээнүүд)
5. Off-take Sales Contracts (Бүтээгдэхүүн Борлуулах Гэрээ)
6. Deed of Trust for Escrow Account (Скроу Дансны Итгэмжлэлийн Гэрээ)
7. Construction Loan Agreement (Бүтээн Байгуулалтын Үе Шатны Зээлийн Гэрээ)
8. Term Loan Agreement (Урт Хугацааны Зээлийн Гэрээ)
9. Personal Property Security Agreement (Хөдлөх Хөрөнгө Барьцаалах Гэрээ)
10. Mortgage (Үл Хөдлөх Хөрөнгө Барьцаалах Гэрээ)
11. Pledge of Ownership Interests (Төсөл Эзэмшигчдийн Эзэмшилийн Хувийг Барьцаалах Гэрээ)
Гэтэл дээр дурдсан дөрвөн гэрээ дотор эдгээрээс нэг нь ч багтахгүйг харж болно. Тэгэхээр ямар учиртай эдгээр онц чухал гэрээнүүдийг бид үзэж хянаагүй төдийгүй (миний дээр дурдсан дөрвөн гэрээг манай талтай хийсэн бүх гэрээ гэж ойлговол) энэ талаар яагаад сонсооч үгүй байна вэ, эсвэл хийгээгүй юу зэрэг асуулт ар араасаа гарч ирнэ. Эдгээр гэрээг хийж, эрсдлүүдийг зохистой хуваарилахгүйгээр санхүүжилтийн хамгийн их эрсдэлийг үүрэгч гуравдагч санхүүгийн байгууллагууд энэхүү төсөлд орох ямар ч боломжгүй. Эдгээр гэрээнүүд нь ийм хэлбэрийн санхүүжилтийн хувьд амьд организмд ус агаар ямар чухал зүйл байдагтай адил зүйл (энэ зайлшгүй хэрэгцээг тайлбарлавал, нэлээд цаг зав орох төдийгүй мэргэжлийн түвөгтэй асуудлуудыг хөндөх учир үүгээр хязгаарлав) юм. Оюу толгой шиг том төслийн хувьд дээр дурдсан ихэнх гэрээ тус бүр нь ижил зорилготой хэд хэдэн гэрээнээс бүрдэх багц гэрээ байх өндөр магадлалтай. Ингээд гэрээ тус бүр дээр тогтож ярилцья:
1. Stability Agreement (Тогтвортой Байдлын Гэрээ)
Олон улсын практикт, энэхүү гэрээ нь төсөл хэрэгжих улсын Засгийн газар болон төсөл эзэмшигч (эсвэл төсөл санаачлагчдын)-ийн хооронд, төслийн бүтээн байгуулалт болон үйл ажиллагааг явуулах орчныг тогтворжуулах замаар тухайн төслийн хөрөнгө оруулалтыг хамгаалах зорилготой байгуулагддаг. Тус гэрээ нь төслийн орчны дараахь “тодорхойгүй байдал”-ыг зохицуулахыг зорьдог:
-Засгийн газрын Баталгаа: тус улсын Засгийн газрын эрх мэдлийн хэрэгжүүлэлтээс үүдэлтэй улс төр, хууль эрх зүй болон санхүүгийн (валютын олдоц, ханш, гадагш шилжүүлэх боломж г.м.) эрсдэлийг зохицуулах;
-Төслийг албадан улсын өмч болгох эрсдэл;
-Төсөлд шаардлагатай бүх лиценз, зөвшөөрлүүд;
-Мөнгө валюттай холбоотой асуудлууд;
-Татвар хураамж, хөнгөлөлт;
-Хууль эрх зүйн хамгаалалт;
-Дайн, бослого самуун, бүх нийтийг хамарсан ажил хаялт болон улс төрийн хүчирхийлэл;
-Тодорхой салбарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл;
-Төсөл хөгжүүлэх онцгой эрх болон
-Төсөл эзэмшигчид болон Засгийн газрын харьяа байгууллага, агентлагуудын хоорондын хамтын ажиллагаа зэрэг болно.
Энэ гэрээ нь гадаадын байгуулагууд өөр ямар нэгэн улсын нутаг дэвсгэр дэх төслийн үйл ажиллагаанд оролцож байгаа нөхцөлд зайлшгүй (ялангуяа улс төр, эдийн засгийн орчин нь тогтворгүй хөгжиж буй орны нутаг дэвсгэр дээр хэрэгжиж буй төслийн хувьд) байх ёстой гэрээ юм. Ийм чухал гэрээгүйгээр яаж? Гэтэл...
Олон улсын практикт түгээмэл тохиолддог “Тогтвортой Байдлын Гэрээ”-ний дээрх заалт, зохицуулалтуудыг манай талтай байгуулсан “Хөрөнгө Оруулалтын Гэрээ” гэгчдээ тусгаж өгсөн нь “Хөрөнгө Оруулалтын Гэрээ” нэрээр далдлан үнэн хэрэгтээ “Тогтвортой Байдлын Гэрээ” байгуулсан болохыг харуулж байна.
Бас нэг ноцтой зүйл нь энэхүү гэрээнд “Бодит Байдлын Тайлан & Баталгаа буюу Representations & Warranties (утгачлан орчуулав)” бүлэг байхгүй байгаа явдал юм. Аливаа бизнесийн үйл ажиллагааг явуулахад тухайн бизнестэй холбоотой бодит нөхцөл, байдлын талаар үнэн зөв мэдээлэлтэй байж, түүн дээрээ үндэслэн талууд тус бизнесийг амжилттай явуулах нөхцөл бүрдэнэ. Эс бөгөөс, тухайн бизнесийн үйл ажиллагаа ямар ч таамаглашгүй үр дүнд хүрч болох юм. “Бодит Байдлын Тайлан буюу Representations” нь гэрээнд оролцогч нэг тал нь нөгөө талдаа тухайн бизнесийг эрхлэхэд шууд болон шууд бус нөлөөлөх нөхцөл байдлынхаа талаар баримтжуулан “тайлагнаж” байгаа явдал ба энэ хэсэгт санаатайгаар эсвэл санамсаргүйгээр ямар нэгэн худал мэдээлэл өгсөн бол тухайн төслийг бүхэлд нь хүчингүй болгох хүртэл ноцтой асуудал үүсэх учиртай. Харин “Баталгаа буюу Warranties” нь тухайн хэсэгт заасан нөхцөл байдлыг цаашид хэвээр хадгална гэсэн үүрэг амлалт өгч байгаа явдал ба хэрэв энэ амлалтаа зөрчвөл гэрээний заалтыг зөрчиж байгаа хэрэг болно.
Үнэн хэрэгтээ манай тал, гэрээнд оролцож буй нөгөө талаасаа “чи хэн бэ?”, “энэхүү гэрээг хэрэгжүүлэх чадвартай эсэх”, “хэнтэй, ямар хэлбэрээр хамтрах вэ?”, “хэн хэн ямар үүрэг гүйцэтгэх вэ?”, “хаанаас ямар хэлбэрийн санхүүжилт авах вэ?” гэх мэт үй түмэн асуултад хариулт авахын зэрэгцээ “би тэгэхгүй, ингэхгүй” гээд л ёстой долоон булчирхайгаа тоочуулж, “ам, өчиг”-ийг нь авалгүй энэхүү гэрээ гэгчийг (энэхүү гэрээн дэх “үл бүтэх” үй түмэн заалтыг энд эс дурдав) байгуулжээ.
Энэ нь хударгагүй түншид луйвар хийх нөхцөлийг бүрдүүлж өгсөн хэрэг.
Ингэснээр түнш маань бидний хувьд зөвхөн “төсөл хамтран эзэмшигч” төдийгүй “хөрөнгө оруулагч”, “бүтээн байгуулагч”, “оператор, засвар үйлчилгээ эрхлэгч”, “борлуулагч”, “тээвэрлэгч”, “инженер”, “геологийн лаборатор”, “өрөмдөгч” гэх мэт хэрэгтэй дүрд, дуртай үедээ хувилдаг, мэдэхгүй чадахгүй зүйлгүй нэгэн “шидтэн” болон аяглах нөхцөл бүрджээ. Бодит байдал дээр дээрх ажил үүргийн зөвхөн “төсөл эзэмшигч”-ийн үүргийг гүйцэтгэж, бусад бүх ажлыг өөр өөр компаниар гүйцэтгүүлж байгаа.
Ингэснээр “түнш”-д наад зах нь өөрийг нь төлөөлөн манай талтай гэрээ хийсэн компаниа дураар сольж холих боломж олгож байгаа юм. Мөн цаашид яригдах бүх гэрээг биднээс халхлах боломжийг өгч байна.
Ийнхүү “түнш” шидтэн болон хувирч хөшигний цаана жинхэнэ төсөл эзэмшигч компаниа байгуулж, жинхэнэ хамтрагч нартайгаа (биднээс далд) гэрээнүүд байгуулан биднээс мөнгө зувчуулах бүхэл бүтэн “машин” зохион бүтээж, хэдийнэ угсарч дуусаад одоо товчлуурыг нь дарахаа тэсч ядан хүлээж байгаа нь бодит үнэн юм. Тэр ч байтугай “машин”-аа хэдийн туршиж эхлээд эхний 2,3 тэрбум ам.долларыг (бид бүтээн байгуулалтын гэрээ, түүний нөхцөлийг мэдэхгүй учир тэдний яриад байгаа анхны хөрөнгө оруулалт болох 4,4 тэрбум ам.долларыг өөрөө бас маш их эргэлзээтэй тоо) зувчуулахаар “ширэн” нүүрлэж эхлээд байна. Гэтэл бид (Улсын Их Хурал, Засгийн Газрын хариуцлагатай гишүүд, ТУЗ-ийн дарга гэх мэт) ТЭЗҮ-ийн хэдэн тоо яриад сууж байгаа нь үндсэн асуудлаас ямар алсад байгааг харуулж байна. Энэ асуудал бүтээн байгуулалтын гэрээг ярих үед улам тодорхой болно.
“Түнш”-ийн бүтээсэн энэхүү “хар хайрцаг” хэдий бидэнд цул нэг зүйл харагдаад байгаа боловч дотор нь орж сонирхвол маш олон ашиг сонирхол зөрчилдсөн, төрөлжсөн үүрэг, даалгавар бүхий олон эд ангитай (олон оролцогчтой), өөр хоорондоо гэрээний хатуу нөхцөлүүдээр зохицуулагддаг маш нарийн түвэгтэй, өндөр үр ашигтай харилцаа, хамаарал бүхий “түвэгтэй агрегат” юм.
Чухамхүү энэ “хар хайрцаг” бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхлэхээр түүний олон нүх сүв, эд анги чинь маниас саасан мөнгөө “түнш” болон түүний хамсаатнууд руу өдөр, шөнө өглөө үдэшгүй юүлж өгнө шүү дээ. Иймээс л тэд энэ машинаа биднээс нуугаад байгаа хэрэг. За ингээд, хар хайрцагны доторхи эд ангиудыг сонирхож, яагаад “түнш”-ээ хардаад байгаагаа та бүгдэд сонирхуулья.
2. Construction contract (Бүтээн Байгуулалтын Гэрээ) – Багц гэрээ
Энэхүү гэрээ нь тус гэрээнд заасан шаардлагыг бүрэн хангаж ажиллах чадвартай төслийн барилга, байгууламжийг хатуу тогтсон эсвэл “таамаглахуйц” үнээр байгуулж, товлосон өдөрт хүлээлгэн өгөхтэй холбоотой бүх харилцааг зохицуулах зорилгоор төслийн компани болон бүтээн байгуулагч хоёрын хооронд байгууллагддаг. Төслийн бүтээн байгуулалтын үе шатанд гэрээний хоёр талын хооронд дээрхи хатуу нөхцөлүүдээс үүдэлтэй байнгын “сөргөлдөөн” үүсч байдаг. Төслийн энэ үе шатанд гарах үндсэн эрсдэлүүд нь:
-Бүтээн байгуулалтын зардал өсөх;
-Бүтээн байгуулалтыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа товлосон өдөрт амжихгүй байх;
-Төслийн барилга, байгууламжийн үйл ажиллагаа гэрээнд заасан шаардлагыг хангаж ажиллаж чадахгүй байх;
Хэрэв гэрээний үнэ сонирхол татахааргүй бол бүтээн байгуулагч тогтмол үнэтэй бүтээн байгуулалтын гэрээ байгуулж, дээрх эрсдлүүдийг дангаараа үүрэхээс зайлсхийдэг ба эрсдэл хуваарилах төрөл бүрийн арга замын тусламжтайгаар төслийн компани болон бусад төслийн оролцогчдод эрсдэл үүрүүлэхийг зорьж хэлэлцээрт оролцдог. Өөрөөр хэлбэл энэхүү гэрээ болон бусад гэрээгээр дээрх эрсдлүүд гарвал хэн хэрхэн хариуцахыг маш нарийн зааж өгсөн байдаг.
Олон улсын практикт Төслийн Бүтээн Байгуулалтын Гэрээнд түгээмэл тусгагддаг заалт, нөхцөлүүдийг жагсаавал:
-Гүйцэтгэх бүх ажлын нарийвчилсан жагсаалт (a detailed, all-inclusive scope of work)
-Төслийн бүтээн байгуулалтыг гүйцэтгэхэд шаардлагатай бүх ажлын тогтоосон үнэлгээ (a fixed price for all of the work necessary to complete the project)
-Төслийн байгууламжийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн шаардлага, баталгаанууд (performance guarantees and warranties)
-Гүйцэтгэлийн шаардлагыг хангаагүй болон бүтээн байгуулалтыг оройтуулсны төлөө хийх нөхөн төлбөр (liquidated damages for failure to satisfy performance guarantees and for late completion)
Бүтээн байгуулалтын гүйцэтгэл урьдчилан тогтоосон шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгах Гүйцэтгэлийн Хяналт (performance tests to confirm completion within the performance guarantees)
Бүтээн байгуулагчийн санхүүгийн чадавхийн баталгаа (assurances of financial creditworthiness of the contractor) гэх зэрэг болно.
Ингэхээр ийм төрлийн гэрээний аль ч хэлбэрийг ашигласан зардал хэтрэлт гэдэг ойлголтыг нэг долларын ч илүү дутуугүй байхаар зааж, хэн хэрхэн хариуцаж, хэн санхүүжүүлэхийг маш нарийн зааж өгдөг байх нь. Бусад эрсдэлүүдийг мөн адил оновчтой хуваарилах учиртай.
Энэ гэрээ бидэнд тодорхойгүй байгаа нь “түнш”-д “толгойдоо орсон мөнгө”-ийг манай талд мэдүүлэн төслийн ашгийг зохиомлоор бууруулж, манайд ирэх мөнгөнөөс саах нэг хэрэгсэл болж байгаа юм.
Энэ хэрэгсэл хэдийнэ эзэндээ “ид шид”-ээ үзүүлэн, манай тал эсрэг ажиллаад эхэлсэн бололтой.
Иймээс, нэгдүгээрт энэхүү гэрээнд нэгдээгүй манай талаас “бүтээн байгуулалтын зардлын өсөлт” гэгчийг манайд үүрүүлэх гэж оролдох нь утгагүй хэрэг, хоёрдугаарт ийм их, тухайлбал, “Оюу Толгой”-н бүтээн байгуулалтанд гарсан гэх төсөвлөсөнөөс бодит зардал 40~50 хувиар хэтрэх нь бараг боломжгүй зүйл юм.
Бүтээн байгуулалт бүрэн дуусаагүй учир цаашид энэ зардлын хэмжээг хэд ч дахин “өсгөж мэдүүлж” болзошгүй.
Бүтээн байгуулалтын үе шатанд хамгийн их эрсдлийг үүрэгч гуравдагч санхүүгийн байгууллага болон төслийн компани өөр өөрсдийн инженерийн алба эсвэл хөндлөнгийн инженерийн компанийн тусламжтай бүтээн байгуулалтын явцад (гүйцэтгэлийн чанар, зардал, бүтээн байгуулалтын төлөвлөгөө, зураг, шаардлаганд нийцэж байгаа эсэх г.м.) хяналт тавьдаг. Гэтэл бид бүтээн байгуулалтын зардал ярихдаа ТЭЗҮ бариад явж байгаа шүү дээ.
Үргэлжлэл бий...
Л.Сансараа
/Lsansara@yahoo.com/