Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Форум /Тос/ өнгөрсөн онд болсон билээ. Энэ үеэр арилжааны банкууд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хөрөнгө оруулалт хийх, зээл олгох зэрэг санхүүгийн шийдвэр гаргахдаа тухайн бизнесийн үйл ажиллагаа байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөөтэй эсэхийг харгалзан үзэх шаардлага тавьдаг болсноо зарласан. Ялангуяа уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр зэрэг байгаль орчин, нийгмийн өндөр эрсдэлтэй салбаруудад тусгай шаардлагууд тавих юм. Мөн банкууд өөрсдөө ус, цаас, эрчим хүчний хэмнэлттэйгээр үйл ажиллагаа явуулна. Жишээлбэл өнөөдөр барилга орон сууцны хороолол барихдаа нийт талбайн 20 хүртэлх хувийг зүлэгжүүлэх, ногоон байгууламж барих стандарт бий. Энэ нь бодит амьдрал дээр хэрэгжихгүй өнөөг хүрсэн. Хэрэв уг стандартыг мөрдөхгүй бол банкнаас зээл олгохооргүй болсон. Нэг ёсондоо хянахад хүндрэлтэй, стандарт биелүүлэхгүй байгаа төсөл хөтөлбөрт байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээ хийхэд банкны салбар дэмжин ажиллах юм. Уг ажлыг тодорхой үе шаттайгаар албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн мэдэгдэлд арилжааны банкны захирлууд өчигдөр гарын үсэг зурлаа. Тухайлбал, ирэх зургадугаар сарын 1-нээс эхлэн 50 сая төгрөгөөс дээш дүнтэй зээлд байгаль орчин, нийгмийн аюулгүй байдлын үнэлгээтэй байх нөхцөл шаардлага тавих болов. Энэ нөхцөл шаардлагыг биелүүлсэн төсөл хөтөлбөр л санхүүжилт авах бололцоотой гэсэн үг юм. Үүнээс гадна банкууд төв байр болон салбарууддаа тэргэнцэртэй иргэдэд зориулсан зам, гарц тавих юм. Мөн зарим АТМ-ыг харааны бэрхшээлтэй иргэд ашиглах боломжтой ярьдаг болгох аж. Бас хөгжлийн бэрхшээлтэй иргэд банкны салбараар дараалал харгалзахгүй үйлчлүүлэх нөхцөл бүрдүүлж байна. Ингээд энэ талаар зарим албан тушаалтнаас тодруулснаа дор хүргэе.
Д.Батсайхан: Зургадугаар сараас өмнө 300 сая ам.долларын бонд гаргана
Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайханаас банкных нь үйл ажиллагаа ямар байгаа талаар тодруулав.
-Банкууд зээлээ хумьж эхэлсэн. Танай банкны хувьд ямар байна вэ?
-Төрийн банк одоогоор зээл олгохдоо хязгаарлалт тогтоогоогүй. Хэвийн байгаа.
-Зээлийн чанар, эргэн төлөлт ямар байгаа бол?
-Банкны системийн чанар муудсан зээлийн дундаж хэмжээ бага зэрэг өссөн. Гэхдээ манай банкны чанар муудсан зээл буурсан. Тухайлбал, нийт активт эзлэх чанаргүй зээл одоогоор 0.5 хувьтай байна. Хугацаа хэтэрсэн зээл нийт активын 0.9 хувийг эзэлж буй юм. Банкны системийн дундаж нь 5.4 хувьтай гарсан.
-Тэгвэл хадгаламжийн хэмжээ ямар байна вэ?
-Хадгаламж аажмаар өсч байна. Гэхдээ өсөлтийн хурд харьцангуй саарсан. Энэ нь эдийн засгийн нөхцөл байдал, улирлын шинж чанар, хэрэглээний эрэлттэй холбоотой. Тухайлбал, нэгдүгээр сард монголчуудын хэрэглээ хамгийн их байдаг. Өнгөрсөн онд манай банкинд хадгалуулсан мөнгө 16 хувиар өссөн. Нийт банкны системийн дундаж өсөлт найман хувьтай байгаа.
-Төрийн банк бонд гаргах тухай яриа гарч байсан. Энэ ажил ямар шатанд явна вэ?
-Бид 300 сая ам.долларын бонд олон улсын зах зээлд гаргана. Энэ тухай УИХ-ын тогтоол гарсан. Одоо Засгийн газрын тогтоол гарвал ажил үргэлжлэх юм. Зургадугаар сар гэхэд багтаах бодолтой байгаа.
-Тэгэхээр манай банкуудад олон улсын зах зээлээс мөнгө босгох боломж байна гэсэн үг үү?
-Тухайн банкны онцлогоос хамаарна. Гадаадын хөрөнгө оруулагчид банкуудыг үнэлнэ. Мөн олон улсын аудитын компаниуд үнэлгээ хийж байгаа. Тэгээд аудит болон рейтингийн үнэлгээг үндэслээд хөрөнгө оруулагч тал эднийд мөнгө байршуулахад эрсдэлгүй гэж үзвэл мөнгө босгох бололцоо бий. Төрийн банкны хувьд “Мудийз”, “Пич” гэсэн рейтинг тогтоодог хоёр том байгууллагаар үнэлгээ хийлгэсэн. Мөн олон улсын аудит хийдэг “Эрнест Янг” компаниар сүүлийн дөрвөн жилийн санхүүгийн тайландаа аудит хийлгэсэн. Тэгээд ямар нэг материаллаг зөрчилгүй, үнэн зөв тайлагнасан байна, үнэлгээ авсан байгаа.
-Банкууд байгаль орчин, нийгэмд халтай төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээргүй боллоо. Танай банкинд байгаль орчны үнэлгээний мэргэжилтэн бий юу?
-Бид ийм үнэлгээ хийж, зээл олгох зарчимдаа баримталдаг. Хийх ч ёстой. Зээлийн бодлого журамдаа байгаль орчинд хор хөнөөлтэй бизнесийг санхүүжүүлэхгүй гэж заасан байдаг. Мөн архи, тамхины бизнесийг санхүүжүүлдэггүй.