Уго Чавесыг хүнд өвчнөө дийлэлгүй нас барахад венесуэльчууд түүний өөрөө “тодруулсан” залгамжлагч Николас Мадурог дараагийн Ерөнхийлөгчөөрөө тун амархан хүлээн зөвшөөрсөн. Гэвч Николас Мадуро бол Уго Чавес биш гэдэг нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хангалттай харагдаж, венесуэльчууд Ерөнхийлөгчдөө итгэл алдраад байна.
Одоо түүний рейтинг 22 хувьд хүртлээ уначихаад байгаагаас ард түмэн нь Николас Мадурог хэрхэн дүгнэж буйг харж болно. Ерөнхийлөгчийн рейтинг ийн унахад Венесуэлийн эдийн засгийн нөхцөл байдал ч ихээхэн нөлөөлсөн. Улсын төсвийн гол орлого нь нефтийн экспортоос орж ирдэг тус улсын эдийн засаг газрын тосны үнэ унасныг дагаад хямраад байгаа юм. Тус улсын мөнгөн тэмдэгт боливарын ханш навс унаж, хар зах дээр нэг ам.доллар 200 боливар хүрэх болжээ. Гэтэл Засгийн газар ам.долларын ханш хамгийн ихдээ 50 боливар л байх ёстой, тийм хэмжээнд байгаа гэж мэдэгдэж байгаа аж.