Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2015 оны эдийн засаг нийгмийн Ажилтай орлоготой Улаанбаатар зорилтын хүрээнд энэ онд ажилгүйдлийн түвшинг бууруулах чиглэлээр 9 зорилтыг дэвшүүлээд байна.
Өнгөрсөн оны хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаагаар Улаанбаатар хотод ажилгүйдлийн түвшин 7,9 хувь, ажиллах хүчний оролцооны түвшин 56,5 хувьтай байна.
Иймд ажилгүйдлийн түвшинг бууруулах, ажиллах хүчний оролцооны түвшинг нэмэгдүүлэх үүднээс Хөдөлмөрийн биржийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай нягт уялдаатай ажиллаж 15 мянган ажлын байрыг шинээр бий болгож, 20 мянган иргэнийг байнгын, түр ажлын байраар хангах зорилтыг дэвшүүлсэн.
Ажил хайгч, ажил олгогч хоёрыг ойртуулсан үйл ажиллагаа болох “Хөдөлгөөнт бирж”-ийг алслагдсан дүүрэг, хороодод ажиллуулан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажлын байранд зуучлах, мэргэжлийн сургалтад хамруулах, зорилтот бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг түргэн шуурхай хүргэх юм. Энэ онд нийт 9 дүүргийн 88 хороонд “Хөдөлгөөнт бирж”-ийг хүргэж ажиллахаар төлөвлөсөн. Түүнчлэн зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор оюутны хөдөлмөр эрхлэлт ба цагийн ажил хөтөлбөрийг хэрэгжүүлж, оюутны хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, Хорихоос суллагдах иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хүргэх, хувиараа аж ахуй эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилтуудыг тавин ажиллаж байна.
Ажиллах хүчний судалгаагаар ажилгүй иргэдийн 12,9 хувь нь тохирох ажил олдохгүй, 24,6 хувь нь ажил хайгаад олдохгүй, 10,2 хувь нь тухайн жил сургууль төгссөн, 9,0 хувь нь туршлага байхгүй, 4,7 хувь нь ажил олгогчийн шаардлагад тэнцэхгүй шалтгаантай байгаа юм. Иймд энэ онд ажил, мэргэжилгүй 12 мянга хүртэлх иргэнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн мэргэжлийн болон давтан сургалтанд хамруулж, 60-аас доошгүй хувийг нь ажлын байраар ханган ажиллана.
Мөн иргэдийг байнгын ажлын байраар хангахаас гадна түр ажлын байрыг бий болгож төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбайн засвар үйлчилгээ хийх, явган хүний чулуун гарц тавих, замын нөхөөс хийх, цас цэвэрлэх, давс цацах, зам шүүрдэх, гудамжны гэрэлтүүлэг суулгах, засварлах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд нийгмийн эмзэг бүлгийнхэн болон орлогогүй иргэдийг хамруулан оролцуулж, ажил эрхлэх боломжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 10 мянган иргэнийг түр ажлын байраар хангаж орлоготой болгох юм.
“УБ агро парк”-ийн 100 га талбайг нийслэлийн ажилгүй иргэдэд хуваарилан, туслах аж ахуй эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд 2015 онд 700 иргэнийг аж ахуй эрхлэлтийн болон мэргэшүүлэх сургалтанд хамруулах замаар бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна.