Б.СЭВЖИДМАА
Борис Немцов хэзээнээс л сөрөг хүчий удирдагч гэх нэртэй байсан ч амьсгал хураасныхаа дараа амьд ахуй үеэсээ ч алдаршсан гэхэд буруудахгүй. Тэрээр улс төрд тодорхой хэмжээний байр суурь эзэлсэн нэгэн байсан ч барууныхан түүний үхлийг ноцтойгоор хүлээн авч буй шиг нөлөө бүхий нэгэн байгаагүй нь үнэн. Түүний хэвлэлд өгсөн хамгийн сүүлчийн ярилцлага нь Америкийн “Newsweek” сэтгүүлд хэвлэгдсэн доорх яриа юм. Борис Немцов гэж хэн байсан, ямар үзэл бодол, байр суурьтай, юуны төлөө зорьж тэмцэж явсныг энэ ярилцлага илтгэх биз ээ хэмээн уншигчдадаа хүргэж байна.
-Сөрөг хүчнийхэн гудамжинд гарч жагссаар л байна. Гэхдээ Орос дахь дэглэм урьдын адил чанга хатуу хэвээрээ л байна. Орос орон ер нь өөрчлөгдөж байна уу?
-Яг одоогоор бид бүгд живж байна. Владимир Путиний бодлогын улмаас мөнгөний ханш унаж, эдийн засаг нурж, улс орноороо живж байна. Манайх 500 тэрбум ам.долларын хадгаламжтай байсан шүү дээ. Түүхэндээ анх удаа хөгжлийн агуу том алхам хийж болохоор байсан.
Орос орны ямар ч удирдагч ийм таатай нөхцөлд төр удирдаж байгаагүй. Гэтэл өнөөдөр эдийн засаг эрс уначихаад байна. Бидэнд одоо юу байна. Хоёр оронтой тоогоор яригдах инфляц, рублийн уналт, салхинд хийссэн 150 тэрбум ам.доллар л байна.
Барууны орнууд, АНУ, Европ бүгдээрээ л урагшилж байхад манай Засгийн газар юу хийж байна. Юмны үнэд зориудаар нөлөөлж, өөрсдийнхөө хүмүүсийг ТУЗ-д нь суулгахын тулд төрийн өмчит компаниудаас татаас авч байна. Хамгийн гутамшигтай нь асар өндөр өртөгтэй Украины дайнд орсноор баруунтай ямар ч утга учиргүй сөргөлдөөн эхлүүллээ. Энэ ухаангүй бодлогын хор уршгийг одоо бид бүгд мэдэрч байна. Үүнээс өөрөөр байх арга алга. Тийм ч учраас би гудамжинд гарч жагсч байна. Энэ бол оросууд нийтээрээ амиа хорлохын эсрэг жагсаал юм. Энэ жагсаалыг зөвхөн сөрөг хүчнийхэн өдөөгөөд, зохион байгуулаад байгаа юм биш, оросууд бүгдээрээ дэмжиж байгаа.
-Оросууд бүгдээрээ ч биш байх аа. Хэрэв тийм бол хэдэн зуун мянгаараа жагсах байсан болов уу. Оросуудын 80 хувь нь Путинийг дэмжиж байгаатай харьцуулахааргүй цөөн хүн танай жагсаалд оролцож байна...
-Хүмүүс энэ солиотой улс төр юу руу хөтөлж, хээл хахууль яаж цэцэглэж буйг харж байгаа. Гэхдээ тэд одоо хүртэл удирдагчдаа итгэсээр байгаа. Учир нь, тэр оросуудын тархийг маш сайн угаадаг. Тэдний тархинд барууныхны эсрэг вирус халдварлуулж, дэлхий дахиныг байлдан дагуулж гайхашруулах ганц арга зам нь хүч хэрэглэх, хүчирхийлэл үйлдэх, түрэмгийлэх гэсэн итгэл үнэмшил төрүүлдэг.
Путин ард иргэдээ харийнхныг үзэн яддаг болгон програмчилж байна. Тэр хуучин Зөвлөлтийн дэглэмийг сэргээх хэрэгтэй гэж ятгадаг, энэ дэлхий ертөнц дэх Оросын байр суурь гадаад ертөнц биднээс хэр их айж байгаагаас шалтгаална гэж үздэг. Энэ бүхэндээ итгүүлж үнэмшүүлэхийн тулд Геббельс маягийн суртал ухуулга хийдэг. Гэхдээ оросуудын, украйнчуудын цусыг урсгаж буйн хариуцлагыг зөвхөн Путин хүлээх ёстой юм биш. Жишээлбэл, Нэгдүгээр сувгийн захирал Константин Эрнест, төрийн мэдээллийн агентлаг “Россия Сегодня”-гийн дарга Дмитрий Киселёв зэрэг жентельмэнүүд ч хариуцлага хүлээх ёстой. Тэд яг Йозиф Геббельсийн энгийн зарчмаар олны сэтгэл хөдлөл дээр тоглож, худал мэдээллээ дахин давтан цацсаар байна. Энгийн ард иргэд рүү чиглэсэн энэ суртал ухуулга тэдэнд юу ч бодох зай завсар өгөхгүй байна. Харамсалтай нь, энэ систем ажиллаад, үр дүнгээ өгөөд байна. Тийм ч учраас Путиний рейтинг өндөр хэвээр байгаа юм. Тиймээс өөр сонголт бий гэдгийг оросуудад харуулах нь бидний нэн даруй хийх ажил. Нойрноосоо сэрэх цаг хугацаа маш бага үлдлээ.
-Яагаад?
-Яагаад гэвэл Орос маш хурдан фашист орон болж хувирч байна. Аль хэдийнэ нацист Германы суртал ухуулгыг ашиглаад эхэлсэн хойно. Бас халдлага түрэмгийлэл үйлддэг тусгай бригадтай боллоо. Хэдэн арван мянган сайн дурынхан, сэжиг бүхий этгээдүүдийг Москвад авчирч байна. Тэд Путиний зургийг бариад дайтна гэж тангараглаж байна. Яг л Гитлерийн Герман шиг. Энэ бол зөвхөн эхлэл.
-Гэхдээ Оросын эрх баригчид Украиныг л фашизмын аюулаасаа сэрэмжлүүлээд байгаа шүү дээ?
-Ирээдүйн фашистууд нь фашизмын эсрэг үзэлтнүүд байдаг гэсэн үг бий. Украинд фашизм тогтоно гэнэ ээ. Утгагүй юм. Оросыг харъя л даа. Шашны удирдагч шиг нэг лидер дээр суурилсан том нам, илүүдэл хэдэн дагуул намтай. Хэдэн жилдээ нэг удаа өрөвдмөөр хуурамч сонгууль хийдэг. Маш түрэмгий гадаад бодлоготой, нийгмээ цэрэгжүүлсэн ийм дэглэмийг фашист гэхээс өөр юу гэх вэ. Гэхдээ Путин бол яг фашист биш. Тэр өнгөрсөн үеийн зарим элементүүдийг Зөвлөлтийн үеийн зарим арга туршлагатай хольж, орчин үеийн хосолмол фашизмыг үүсгэсэн. Яг л Украины дайн шиг. Тэнд дайн болоод байдаг, оросын цэргүүд байлдаад байдаг. Гэвч Кремль үгүйсгэсээр л. Донецкт болоод буй үйл явдалд ямар ч хамаагүй мэт жүжиглэсээр. Гэхдээ хамгийн үнэн нь гэвэл Орост фашизм оршиж байна. Энэ бүхнийг зогсоохгүй л бол үр дагавар нь сүйрэлд хүргэнэ.
-Путин Украин дахь байр сууриа таван минут тутамд өөрчилдөг. Гэхдээ фашист санаануудаа хэзээ ч ил гаргаж байгаагүй...
-Тийм гэж үү. Тэр бүхий л дэлхийг захиргаандаа оруулахыг хүсдэг. Барууны орнууд биднээс ч сул дорой гэж тэр ил тод хэлдэг шүү дээ. Украинчууд дангаараа улсаа тохинуулж чадахгүй, зөвхөн Путин л тэдэнд туслаж чадна гэж хэлдэг.
Тэр дэлхийн дэг журмыг дахин шинээр тогтоож, Орос өөрийн нөлөөллийн орон зайд тодрон гарч ирэх ёстой гэж хэлдэг. Кремль үндэсний цөөнх, тэдний хэл соёлыг ашиглаж хөрш орнуудаа дотроос нь хагарган бутаргадаг. Энэ хамгийн аймшигтай.
-Оросын дийлэнх иргэд Засгийн газар нь дэг журам тогтоож, тогтвортой байдлыг хангаж байгаа гэж итгэдэг. Яагаад гэвэл тэнд удирдагч гэж байна. Бас тодорхой бүтэц, зохион байгуулалт байна. Харин сөрөг хүчинд юу байна? Хэн сөрөг хүчний удирдагч юм бэ? Та юу эсвэл шоронд суугаа Алексей Навальный юу?
-Би бол Нэгдсэн Ардчилсан хүчний удирдагчдын нэг. Бидний дотоод эрэмбээр бол бусдыг байлдан дагуулж чаддаг, улс төрийн өөр өөр үзэл бодол, сонголтыг төлөөлж чадах удирдагчид бий. Гэхдээ өөрчлөлт хийх бидний хүсэл зорилго нэг юм. Энэ солиотой эрчүүдийг эрх мэдлээс нь авч хаяад ардчиллыг сэргээн тогтоох нэгдсэн шаардлага бий. Тийм ээ, Засгийн газар заримдаа яг л бульдозер шиг биднийг арчаад өнгөрдөг. Алексей Навальныйг жагсаал цуглаанаас хол байлгахын тулд одоо шоронд хорьж байна. Гэхдээ Украины Майданд ч ганц удирдагч байгаагүй шүү дээ. Удирдагчдын хувьд хэн, хэд байх нь чухал биш. Хамгийн гол нь Орост агуу их өөрчлөлт хийх санаа юм.
-Танд өөрийн гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл алга. Тэгэхээр сөрөг хүчний хувьд та дуу хоолойгоо хүссэнээрээ хүргэж чадахгүй. Тэгээд ч гудамжинд гарч, Оросын эрх баригчдын дайсан болж байна. Орост хэзээ ч Майданых шиг зүйл болохгүй гэж Путин хэлсэн. Та яаж ялъя гэж бодож байна?
-Бид бол реалист хүмүүс. Засгийн газар олон жилийн турш биднийг дайсан мэтээр ойлгуулсаар ирсэн нь үнэн. Тийм ч учраас олонх оросуудын хувьд бид дайсан, тэрслэгчид. Би хамгийн солиотой зүүдэндээ ч Москвад Майданыг зохион байгуулах гэж оролдохгүй. Путин Янукович биш. Хэрэв улс үндэстэн нь өөрийнх нь эсрэг босвол хэрхэн дайтахдаа энэ олон жилийн турш бэлтгэсээр ирсэн хүн. Түүнд хамгаалалтын хүчирхэг аппарат бий. Дээр нь фанат цэргүүдтэй. Ямар ч том жагсаал цуглааныг цус урсгаад амархаан дарж чадна. Үүний оронд бид оролдоод үзэх хэрэгтэй.
-Гэхдээ оросууд бол украинчууд биш. Тэр тэсрэх цэг хүртэл их хол байгаа мэт санагдана.
-Тийм болохоор л бид аль хэдийнэ итгэл үнэмшлээ олсон хүмүүс дээрээ төвлөрөх хэрэгтэй байгаа юм. Жагсаал цуглаан хийснээр бид дэмжигчдийнхээ тоог барагцаалах боломжтой болж байгаа юм. Эндээс бид хэмжээ хязгааргүй биш ч бодитой хүч байгаа гэдгийг харж авлаа.
Өнөөдрийн Орост гудамжинд жагсана гэдэг асар их зориг шаардана. Зоригтой, идэвхтэй, өөрийнхөө тав тухыг бодохоос илүү сэтгэж чаддаг, айдсаа дарсан эрэлхэг хүмүүс л жагсаалд оролцож чадна. Энэ бол зөвхөн эхлэл. Магадгүй дараа нь бид өөрсдийн хүмүүсээ Москвагийн хотын захиргаанд оруулах боломжтой болно. Нийслэлд илүү нээлттэй сэтгэдэг хүмүүс байгаа учраас хотын зөвлөлд хоёр суудалтай болоход л том амжилт болно.
-Энэ зорилго дэндүү чамлалттай, жижиг биш гэж үү? Гэтэл та цаг бага үлдсэн гээд байдаг...
-Тийм ээ, цаг хугацаа дэндүү хурдан өнгөрч байна. Эдийн засгийн хямрал улс төрийн үйл явцыг улам хурдасгаад байна. Орост олон хүн Путинийг дэмжиж байна. Яагаад гэвэл өнгөрсөн хэдэн жилд тэр тэдний амьдралын түвшнийг дээшлүүлж чадсан.Гэхдээ оросууд тэнэг биш. Энэ бүхэн хаанаас бий болсныг мэдэх болно. Нефтийн үнэ өндөр байгаагийн ачаар тэдний амьдрал дээшилсэн гэдгийг тэд ойлгож мэдэж байгаа. Гэхдээ газрын тосны энэ их нөөцийг хулгайлах биш үр дүнтэйгээр ашиглавал амьдрал нь бүр илүү дээрдэнэ гэдгийг ч удахгүй мэдэх болно. Одоо харин цалин, тэтгэвэр нь амьдралд хүрэлцэхээ болиод ирэх үед хүмүүс сэрэх биз ээ.
-Тэгээд амьдрал нь хэцүүдсэнд барууныг буруутгахаа болино гэж үү?
-Тийм ээ, одоо бол тэд барууныг л буруутгаж байна, хориг тавилаа гээд. Гэвч үнэн учир шалтгаан нь өөр гэдгийг ойлгож эхэлж байгаа. Барууныхан харин ч маш зөөлөн хандаж байгаа. Орост үүссэн хямрал бол хоригийн үр дүн биш, харин Путиний солиорлын хор уршиг. Гэтэл хоригийн эсрэг арга хэмжээ гэгчийг тэр даруй гаргаж ирсэн. Гэвч шийтгэлийг нь бид, оросууд л амсч байна.
Ганц энэ ч биш. Түүний агуу их орон наад захын зүйлээ ч үйлдвэрлэж чаддаггүй гэдгийг тэр баталлаа. Путин өөрөө үлгэрт гардаг хувцасгүй хаан гэдгээ харууллаа. Гэсэн ч тэр Украиныг орхихгүй. Дахин хориг тавиулахаар эрсдэлтэй үйлдэл хийсээр байх болно. Арми, цагдаа цэргийнхэндээ хэдэн тэрбумаар нь зарцуулна.
-Эдийн засгийн хямрал Гитлерийг засгийн эрхэнд гаргасан. Харин Путиний тухайд тэр аль хэдийнэ дээр гарчихсан.
-Тэгэхээр түүнд байгаа ганц л зам бол унах, ялагдах.