Гаалийн ерөнхий газрын Хууль сахиулах, худалдааг хөнгөвчлөх газрын дарга Ё.Бат-Эрдэнээс хойд, урд хөрш рүү гардаг хилийн боомтын ачаалал ямар байгаа талаар тодрууллаа.
-ОХУ руу визгүй зорчих шийдвэр гарсан даруйд Алтанбулаг боомтоор зорчих иргэдийн тоо эрс өсч дараалал үүссэн. Үүнд зарцуулалт хийглсэн үү. Одоо байдал ямар байна вэ?
-Өнөөдрийн байдлаар Алтанбулаг-Хиагтын чиглэлд өдөрт дунджаар 400-500 машин хил нэвтэрч байна. Цагаан сарын өмнө нэг хэсэг ачаалал нэмэгдэж урт дараалал үүссэн. Тэр үед өдөрт 800-1000 машин хил нэвтэрч байлаа. Одоогоор Орос руу гарч буй зорчигчдын тоо хоёр дахин буурсан. Ачаалал нэмэгдсэн үед хоёр гурав хоног хүлээх асуудал гарч байгаа учраас Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар, хилийн хяналтын байгууллагууд ОХУ-ын Хиагт хилийн боомтын хил, гаалийн байгууллагуудтай хоёрдугаар сарын 12-ны өдөр уулзалт хийсэн юм. Үүнээс хойш Оросын гаалийнхан хил нэвтрүүлэх шугамаа нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл Монгол руу орж ирэх урсгалыг гурав, Монголоос Орос руу орох шугамыг хоёр болгож өргөтгөлөө. Өнөөдөр энэ горимоор ажиллаж байна. Мөн ОХУ-ын Буриадын Ерөнхийлөгч Алтанбулагт ирэхдээ цаашид ингэж шуурхай ажиллана гэдгээ илэрхийлсэн. Ийм учраас одоо авто машинуудыг ямар нэг хүндрэлгүйгээр хил нэвтрүүлэх болсон. Урд нь ОХУ руу хил нэвтрэхэд нэг л шугамаар үйлчилдэг байсан юм. Монголын талаас ямар нэг хүндрэл чирэгдэлгүй үйлчилж байгаа.
-ОХУ-ын хил, гаалиар нэвтрэхэд хүнд суртал ихтэй байдаг гэсэн гомдол иргэд тавьдаг. Тэгэхээр цаашид Алтанбулаг-Хиагтаар хил нэвтрэхэд ямар нэг хүндрэл гарахгүй гэж ойлгож болох уу?
-Хойд хөршийн хил гааль хүнд сурталтай байна гэсэн гомдол байнга л гарсаар ирсэн. Энэ талаар манай зүгээс асуудал тавьдаг. Засч залруулах талаар ярилцдаг юм. ОХУ-ын талаас яг тодорхой баримт хүсдэг. Харамсалтай нь бид тодорхой баримт жишээтэй асуудал тавих гэхээр байдаггүй. Тухайлбал, танай ийм дугаартай байцаагч энэ компанийн барааг ингэж саатуулж хүнд суртал гаргасан байна гэсэн асуудал тавья та нар тодорхой материал өгөөч гэхээр манай иргэд, аж ахуйн нэгжүүд цааргалдаг. Дараа нь хил нэвтрэхэд бүр хүнд байдалд орно гэж үздэг юм шиг байгаа юм.
-Тэгвэл ОХУ-тай хийх гадаад худалдааг хөнгөвчлөх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Гаалийн ерөнхий газраас ОХУ-тай хийж буй гадаад худалдааг хөнгөвчлөх зорилгоор Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны Гаалийн алба хоорондын тодорхой нэр төрлийн бараанд хийх гаалийн хяналт шалгалтыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай проткол хэлэлцсэн. Энэ протколд одоо гарын үсэг зурахад тун ойрхон байна. Холбогдох яамдууд хянаж байгаа. Мөн Монголын Гаалийн байгууллага, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын гаалийн хяналт шалгалтыг сайжруулах зорилгоор рентген тоног төхөөрөмжөөр хийсэн үзлэг шалгалтын үр дүн, мэдээлэл солилцох тухай хэлэлцээр хийж байна. Эдгээрт гарын үсэг зурснаар ОХУ-тай хийх худалдаанд нэлээд ахиц гарна. Үүнээс гадна хоёр улсын гаалийн байгууллага хооронд худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хэд хэдэн ажил хийж байгаа. Жишээ нь гаалийн бүрдүүлэлтийн мэдээг цахимаар солилцох. Ирэх сараас энэ ажил эхлэнэ гэсэн хүлээлт бий.
-Замын-Үүд, Алтанбулаг боомтыг транзит тээврийн гол зангилаа болгох тухай ярьж ирсэн. Ийм ч учраас Худалдааны чөлөөт бүс хоёуланд нь байгуулж байгаа. Энэ талаар тодруулж өгнө үү?
-ОХУ-аас ачааны том машин нэлээн орж ирдэг болсон. Тус улс олон улсын “ТИР корней” конвенцод нэгдсэн байдаг. Энэ онд багтаж уг конвенцод Хятад улс нэгдэх зорилт тавьж байгаа юм билээ. Ийм учраас манай нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн ачаа нэмэгдэх хандлага бий. Одоогоор Алтанбулаг, Замын-Үүд боомт хүртэл транзит ачаа тээвэр явж байгаа. ГЕГ-ын Мэргэжлийн зөвлөлийн хурлаар энэ хоёр боомтыг холбосон гол замыг “Гаалийн зам”-аар зарлах шийдвэр гаргасан. Тэгээд тээврийн компаниуд итгэмжлэгдсэн тээвэрлэгчийн эрх авч дээрх хоёр боомтын хооронд ачаа тээх боломж нээгдэнэ. Энэ нь гаалийн байгууллага уг замаар тээвэрлэж буй ачаанд хяналт тавихад дөхөмтэй болох юм. Өөрөөр хэлбэл транзит тээвэр нэмэгдэхээр болж байгаатай холбогдуулан гаргаж буй шийдвэр.
-Одоогоор Замын-Үүд боомтоор зорчигчдын урсгал ямар байна вэ?
-Ер нь баяр ёслол болоогүй жирийн үед ч Замын-Үүд боомт байнга ачаалалтай байсан. Гэтэл тус боомтоор зорчигчдын тоо ч эрс цөөрсөн.