Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Б.Лхагважав: Эдийн засгийн өнөөдрийн хүндрэл хуульчлагдаагүй өмч тойрсон ”зодоон”-той холбоотой

Т.ЖАНЦАН

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч Б.Лхагважавтай эдийн засгийн өнөөгийн тогтолцооны талаар ярилцлаа.

-Эдийн засгийн хямрал бизнес эрхлэгчдэд хүнд цохилт болж байна. Тэгэхээр бизнес эрхлэгчдэд өнөөдөр тулгамдсан ямар асуудал байна вэ?  
-Эдийн засгийн хүндрэл одоо хямрал боллоо. Үүнээс гарах арга замыг бүгд хайж байна. Энэ хямралыг гэтлэх арга замыг гаднаас бус дотоодоос хайх ёстой. Өөрөөр хэлбэл, баялаг бүтээгч нартаа найдаж байж эдийн засгийн аюулгүй, найдвартай тогтвортой байдлаа   хангаж чадна гэсэн саналыг би хоёр жилийн өмнөөс тавьж ирсэн.  Энэ саналаа 2008 оны хямралын үед ч тавьж  байсан. Би өөрийн энэ зарчимдаа тууштай байгаа. Учир нь, 95 аж ахуйн нэгж, малчин, тариаланч, ажил үйлчилгээ эрхэлж буй хүмүүсийн хөдөлмөр зүтгэл дээр л манай улсын эдийн засаг тогтоно. Түүнээс биш дарга нар зохицуулж эдийн засаг бий болгодоггүй. Иймд баялаг бүтээгч нартаа л найд гэж байгаа юм.
Сүүлийн хоёр жил манай улсын макро эдийн засгийн алдаатай бодлогын улмаас аж ахуйн нэгж, иргэд бүгд хохирсон. Төрийн буруу бодлого, өндөр инфляц зэрэгт бүгд төлбөр төлдөг. Тухайлбал, аж ахуйн нэгжүүд өнгөрсөн таван жилд хуримтлуулсан бүх ашигаа алдлаа.  Том ч бай, жижиг ч бай бүх компани олсон ашгаа идэж дуусаад тэглэсэн. Нөгөө талаас инфляцын татвар гэсэн тодорхойлолт бий. Өнөөдөр төгрөгийн ханш 30 хувиар унасан. Төгрөгийн ханш ингэж сулрахад төлбөрийг нь Монгол Улсын зах зээл дээр ажиллаж буй АНН-үүд төлсөн. Нэг ёсондоо бүх аж ахуйн нэгж, ажил, үйлчилгээ авч буй иргэд  төллөө.  Жишээлбэл, одоо ярилцаад сууж буй чи, бид хоёр тэр инфляцын төлбөрийг төлж шатсан байгаа. Энэ бол макро түвшний асуудал.  
Ерөнхий гаргалгаа нь гэвэл манай улсын эдийн засаг 2011 онд 17.6 хувиар өсөөд уналаа. Одоо 7.2 хувь байна. Тэгэхээр сүүлийн хоёр жилд том дүнгээр өссөн макро эдийн засаг  микро эдийн засаг руу шилжиж чадалгүй хямрал эхэллээ. Мөн    2013, 2014 онд Монголбанк, Засгийн газар хоёр нийлж маш их мөнгө зах зээлд оруулсан. Тухайлбал, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, бондын хоёр тэрбум шахуу ам.долларыг  эдийн засагт хийсэн юм. Гэтэл микро эдийн засаг тэнхэрч чадахгүй байгаа юм. Тэгэхээр санхүүгийн шинэчлэл хийхгүй  бол болохгүй нь. Учир нь эдийн засгийн өндөр өсөлт, тэр их мөнгийг  шингээж үлдэх зүйл бол компаниудын санхүүгийн тайлан бланс. Хэрэв нийт АНН-ийн 70-80 хувь нь санхүүгийн нэг тайлан бланстай байсан бол макро эдийн засагт гарсан хоёр том ололтыг шингээж чадах байсан.  Иймээс санхүүгийн шинэчлэл хийе гээд байгаа юм. Манай МҮХАҮТ  энэ оныг “Санхүүгийн шинэчлэлийг дэмжих жил” гэж зарлаад байна.

-Тэгэхээр санхүүгийн шинэчлэл хэрхэн хийх, хууль эрх зүйн орчноо яаж өөрчлөх ёстой вэ?
-Өнөөдөр ихэнх аж ахуйн нэгж хоёр тайлантай яваа. Монголд 43 мянган нягтлан орчин үеийн санхүүгийн стандартаар төгссөн. Үүнээс 23 мянга нь мэргэжлийн ажлаа хийж байгаа. Гэтэл тэдний хийж буй ажлыг аваад үзвэл 70-80 хувь нь хуурамч тайлан гаргадаг. Энэ тайлан нь татварын байцаагчаас өөр хэнд ч хэрэггүй. Ийм хуурамч зүйл гаргахын тулд 23 мянган хүн ажилладаг. Тэдгээр нягтлангийн оюуны хүч, гаргаж буй санхүүгийн зардал, мэдлэг чадвар хий хоосон зүйл болоод өнгөрч байна. Үүнийг халж нэг л тайлан бланс гаргая гээд байгаа юм.  Бид нэг зөв тайлан бланс гаргаж байсны ид шидийг 2008 онд үзсэн. Тухайн үед 43 мянган компани байлаа. Тэгээд  Татварын зарим хууль, Нийгмийн даатгалын хууль хэрэгжүүлэхээр 2856 нь санхүүгийн тайлан блансаа нэг болгож шинээр эхэлсэн юм. Сүүлийн зургаан жилд эдгээр компанийн орлого 3-5 дахин нэмэгдсэн. Учир нь нэг тайлан бланстай болсон компани хөрөнгөө дахиад зөв хуваарилдаг. Дараа нь тэр компанийн эзэд хөрөнгө оруулагч болдог. Тухайн үед тэр компаниуд дөрвөн тэрбум ам.доллар буюу ойролцоогоор 5.6 их наяд төгрөгийн орлого ил болгосон. Тэгээд энэ мөнгө нь дотоодын хөрөнгө оруулалт болж эдийн засгийн хямралыг даваад гарсан юм. Тэр үед нийт компанийн хоёр л хувийг ашигласан. Одоо яриад байгаа Эдийн засгийн ил тод байдлын хууль, Эдийн засгийн өршөөлийн хуулиар ашиглаагүй үлдсэн 98 хувийг эзэлж буй компаниудыг зөв тайлан бланст оруулах зорилготой. Санхүү нь зөв бол хөрөнгө оруулалт зөв болно. Тэгээд дотоодын хөрөнгө оруулалтаа дэмжинэ гэсэн үг. Энэ өнцгөөс нь харж дээрх хоёр хуулийн төсөлд МҮХАҮТ хоёр сарын хугацаанд идэвхтэй ажилласан юм. Эдгээр хууль УИХ-ын намрын чуулганаар батлагдаагүй. Гэвч дөрвдүгээр сард УИХ-ын чуулган эхлэхээр эхний хэлэлцэх асуудал байх болов уу гэж найдаж байна. 

-Гадаадаас баахан хөрөнгө оруулалт, ам.доллар ороод ирвэл хямралаас гарна гэж яриад байна л даа?
-Бид 2013-2014 онд зөвхөн том мөнгөөр авч гарах гээд унасан юм шүү. Баялаг бүтээгчдэд бүгдэд нь хандалгүйгээр зөвхөн хэсэгхэн хүмүүст хандаад их хэмжээний мөнгө өгч таван төрлийн бүтээгдэхүүний үнийг барьчихъя гэж явсан. Ингэснээр өнөөдөр чөлөөт зах зээлийг буцаагаад алж байгаа юм. Өнөөдөр тэр үнэ тогтооход оролцсон ихэнх зүйл нь цаашаа мөнгө өгөхгүй эдийн засгаа дампууруулах байдалд оруулаа. Мөн зах зээлийг шууд хоёр хуваасан. Төрөөс маш хямдхан мөнгө авдаг нэг хэсэг бизнесмэн гарч ирсэн. Нөгөө талд нь арилжааны банкнаас 17-20 хувийн зээл авч байдаг бизнесменүүд гэж бий болсон. Ийм нөхцөлд хүн тэнэг л биш бол төр нь дөрөв дахин бага хүүтэй мөнгө өгөөд байхад тийшээ л явахыг бодно биз дээ. 

-Өнөөдөр манай улсын нийт экспортын 90 хувийг ашигт малтмал эзэлж байна. Иймд үнэ ханшийн уналт манай эдийн засагт шууд нөлөөлдөг боллоо. Тэгэхээр Голланд өвчнөөс ангижрахын тулд   эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийх ёстой гэж зарим судлаачид  хэлдэг. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Би сүүлийн 23 жилийн эдийн засгийн түүхэнд тулгуурлаж үзэл бодлоо илэрхийлдэг. Манай эдийн засгийн эзлэхүүн  2010 оноос хойш 10 дахин томорлоо. Үүнд өмч нөлөөлж буй юм. Дахин хэлэхэд 1990 онд хүн хувийн өмчтэй болох хүсэл тэмүүлэл манай эдийн засгийг босгож байв. Дараа нь мал аж ахуй, орон сууц гээд өмч нэмэгдсэн. Тэгээд 2000 оноос хойш эдийн засаг сэргээд ирэхээр татвар хураалтаар улсын төсөв нэмэгдэж эхэлсэн байдаг. Ингээд улсын төсөв буюу нийтийн мөнгөөр ажил, үйлчилгээ үзүүлэх бизнес хөгжих болсон юм. Мөн 2006 оны үеэс газрын хэвлийн баялаг эргэлтэд орсон. Өөрөөр хэлбэл мал аж ахуй, орон сууцнаас хэд дахин том өмч эдийн засгийн эргэлтэд орж ирсэн гэсэн үг. Энэ бүхэн манай эдийн засгийг тэлж томрох гол үндэс болсон.  Нөгөө талаас газар газрын хэвлийн баялаг төрийн өмч юм. Гэтэл энэ өмчийг хуульчлаагүй байгаа. Манай эдийн засгийн өнөөдрийн хүндрэл хуульчлагдаагүй өмч тойрсон зодоон болж байгаатай холбоотой. Төрийн нийтийн хамааралтай өмчийн газрын хэвлийн баялаг төрийн эрх мэдэлд гарсан этгээдүүдийн өмч болдог. Ийм учраас Төрийн нийтийн хамааралтай өмчийн хуулиа хурдан батлах ёстой.  Манай Үндсэн хуульд хувийн болон нийтийн өмчийг хүлээн зөвшөөрнө. Аливаа өмчийг хуулиар хамгаална гэсэн заалт бий. Гэтэл бид төрийн нийтийн хамааралтай хамгийн том өмчөө хуулиар хамгаалаагүй байна. Тэгэхээр өнөөдрийн хямралын гол гогцоо нь төрийн нийтийн хамааралтай өмчийн эзэн солигдсонтой холбоотой. Жишээ нь, 2013 онд Таван толгойг зогсоосон удаатай. Эзэд нь солигдоод цэвэрлэгчээс өгсүүлээд даргыг нь хүртэл сольж шинэ бүрдэлдэхүүн томилохын тулд гурван сар үйл ажиллагааг нь зогсоосон. Энэ хугацаанд нүүрсний үнэ хоёр дахин унасан. Гэтэл нэг тонн нүүрсээ 70 ам.доллараар нийлүүлэх гэрээг үүн шиг муу гэрээ алга гэж байсан чинь дараа нь 30 ам.доллараар ч өгч чадахаа байсан юм. Тэгэхээр том өмч дээрх зодоон, менежментийн асуудлыг даруй хуульчлахгүй бол Монголын эдийн засгийг татаж унагасаар байна.

-Тэгэхээр эрх баригчид өөрсдийн эрх ашгийн төлөө Төрийн нийтийн хамааралтай өмчийн тухай хуулийг албаар батлахгүй байгаа юм биш биз гэсэн хардлага байна?
-Уул уурхайн бизнесийн  гол үндэс нь геологи хайгуул байдаг. Манай улс геологи хайгуулын ажлаа зургаан жил зогсоосон.  Тухайн үед Монгол Улсын газар нутгийн 50-иад хувь нь лиценз нэрээр гадаадынханд очих магадлалтай болоод байсан. Лицензийн хөдөлгөөн замбараагүй болж улсад татвар төлөхгүй маш их мөнгө тэнд эргэлдэж байв. Энэ хөдөлгөөнийг хянахын тулд хайгуулын лиценз олгох ажлыг зогсоосон. Одоо дахин олгож эхэллээ. Уг нь үүнийг нэг жил зогсоож хурдан цэгцлэх ёстой байсан гэж би боддог.  Мөн уул уурхайн бизнест тодорхой хэмжээгээр хашилт хийсэн хуулиуд гарсан. Эдгээр хууль нь нэмэх, хасах хоёр талтай. Хамгийн гол нь хайгуулаа л хурдан хийж эхлэх хэрэгтэй байсан юм. Дээр нь Төрийн нийтийн хамааралтай өмчийг тодорхой болгох ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Өмчийн хуулийн төсөл боловсруулж байгаа юм билээ. Үүнд бүх зүйл их тодорхой болж ирэх байх. Өмч нь хуульчлагдвал түүнийг хэн эзэмших эрх нь тодорхой болно.  Үүнд Засгийн газар, аж ахуйн нэгжүүд, иргэд яаж оролцох нь тодорхой болно.  Мөн хайгуул, олборлолт, бүтээгдэхүүнээ борлуулах шатанд яаж оролцох тодорхой болох учиртай. Уул уурхайг дамжсан олон бизнес  дагаж явдаг.  Өнөөдөр манай уул уурхай мэргэжлийн биш хүмүүсийн бизнес болсон тул гацаад байгаа юм. Манай улсын 1997, 2006 оны Ашигт малтмалын хуульд адилхан хайгуулын лиценз авсан этгээд ашиглалтын лиценз заавал өөрөө авдаг. Гэтэл геологич хүн дараа нь ашиглалтын инженер болж байна гэсэн үг. Уг нь, хоёр өөр мэргэжлийн хүн. Геологич хүн эрдэс баялаг олоод Эрдэнэсийн санд бүртгүүлээд л ажил нь дуусах учиртай. Бас болоогүй ашиглалтын лицензээ авсны  дараа мөнгө босгох хөрөнгө оруулалтын эдийн засагч болдог. Яагаад гэвэл өөрөө хөрөнгөгүй тул ордоо барьцаалж гаднаас мөнгө олох ажил ундарна. Дээр нь хууль болно. Гэтэл энэ нь тус тусдаа маш үнэ цэнэтэй мэргэжлүүд. Тэгэхээр энэ бүгдийг ганц геологич хийгээд байхаар манай уул уурхай дампуурчихаад байгаа юм. Үүнээс гадна уул уурхайн мэргэжилгүй хэн нэгэн геологич болоод эхэллээ.

-Цөөн хүн амтай асар их баялагтай ард түмнийг ядуу амьдруулж байгаа нь манай төр алсын бодлого төлөвлөгөөгүй байгаагийн шинж гэсэн шүүмжлэл бий. Үүнийг та юу гэж бодож байна вэ?
-Өмчийн хэлбэр, хэмжээ солигдох бүрт бизнесийн шинэ менежмент, мэдлэг чадвар хэрэгтэй байдаг. Үүнийг хангаж өгөх мэргэжилтэн манайд одоохондоо алга. 1990 оноос хойш бид чөлөөт зах зээлийн үед ажиллах төсөв, санхүү, банкны систем, төр, аж ахуйн нэгж ямар байдгийг мэдэхгүй байсан. Бүгд алдаж оноод иймэрхүү дүнтэй яваад би харин гайгүй байна гэж боддог. Чөлөөт зах зээлийн үеийн мэдлэг, чадвар эзэмшсэн залуус   одоо л гарч ирж байна. Өнөөгийн хамгийн гол хүндрэл юу вэ гэвэл мэдлэг чадвар эзэмшсэн залууст суудлыг нь тавьж өгөх ёстой. Гэтэл манай эмгэнэл бол 1990-ээд оноос хойш нүдэн балай, чихэн дүлий, аз эзээр ажиллаж ирсэн нөхөд өнөөдөр төрийн бүх аппаратад шигдсэн байна. 

-Та компаниудыг хоёр тайлантай байна гэж хэлж байсан. Татвар өндөр байгаа учраас хоёр тайлан гаргадаг гэж бодож байна уу?
-Манай татварын хэмжээ  харьцангуй бага. Тоон дүнгээр бага ч гэлээ татвар авч байгаа процесс, татварын давхардалт их. Ингээд процессын алдаанаас болоод хүмүүс тэр бага татварын ашгийг үзэж чадахгүй байна. Жишээлэхэд, барилгын салбарыг аваад үзье. Барилгын материал ханган нийлүүлж байгаа газруудын бичиг баримтын буруугаас болж барилга барьсан этгээд ялд уначихаад байгаа юм. Зуун айл, 44-ийн захаас барилгын материал авахад буруу падаан өгсөн байдаг. Саяхан гэхэд л 2200 компанид НӨАТ-ын асуудал үүсч байсан нь үүний нэг жишээ. Тэгээд НӨАТ-тай бараа авсан этгээд тэр буруу падаан өгсөн этгээдийн ялыг өмнөөс нь үүрээд байгаа юм. Татварын үндсэн зарчим гэж бий. Аливаа татвар төлөгч нь өмнөх үйл ажиллагааныхаа татварыг төлөхгүй. Гэтэл манайд эсрэгээр. Энэ процесс л маш хүнд болгодог. Нөгөө талаар бол НӨАТ нь цэвэр хяналтын систем. Иргэн Д мөнгөө төлөөд бараа, үйлчилгээг авах агшинд төлдөг татвар. Мөнгө өгөх үед төлж байгаа хэрэг. Тэгэхээр энэ бол мөнгөн суурьтай өөр бүртгэлийн систем юм. Гэтэл манайх үүнийг нягтлан бодох бүртгэлийн суурь гээд падаан бичсэн л бол мөнгө хамаагүй гээд явчихдаг. Ингээд хольж хутгаад 1997 оноос хойш монголчуудыг үнэхээр “жижигрүүлчихсэн”. Манай НӨАТ-ын 10 саяын босго нь Монгол компаниудыг үнэхээрийг өчүүхэн жижиг болгоход маш их үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд босго тоо тогтоосон, буруу, процессын алдаатай хуулиуд нь Монгол хүн, Монгол аж ахуйн нэгжүүдийг агшааж байна. Аж ахуйн нэгжийн албан татварт гурван тэрбумаас дээш орлоготой бол 25 хувийн татвар төлнө гэж заасан. Гэтэл энэ бол  2006 оны зургаан сард батлагдсан хууль. Тэр үеэс хойш энэ гурван тэрбум чинь бараг 10 тэрбум болчихсон яваа. Хуульд тоо орж ирэхийн нэг аюултай тал нь энэ байдаг. Инфляц, мөнгөний уналтыг тооцож чадахгүй байж байх хооронд нөгөө аж ахуйн нэг чинь шууд өндөр татвар төлөгч болж хувирдаг. Инфляцаас болоод тэр. Саяхан 10 хувийн татвар төлж байсан бол одоо инфляцаас болоод 25 хувийн татвар төлж байна. Гэтэл тэр нь үнэ цэнэ бий болгоод өгч байгаа татвар биш зүгээр л мөнгөний уналтаас болоод өгч байгаа татвар. Энэ бол шууд процессын алдаа. Иймэрхүү зүйлсээ бид уян хатан харах хэрэгтэй. Манай татварын бодлого, татварын хууль, татварын систем гэсэн гурван зүйл нийлээд хамтдаа нэг зүйлийн төлөө ажиллах ёстой. Иргэнийхээ өмчийг хамгаалах, иргэнийхээ аж ахуй эрхлэх чөлөөт байдлыг хангах руу тэр том аппарат ажиллаж байх учиртай. Гэтэл манайд аль өмнөх социйн үеийн зарчмаар яг эсрэгээр ажилладаг. Одоо энэ манай татварын системийн бодлого чинь ер нь хүнийг өмчгүй болгох, хүнийг яланд унагах, хүнийг дарамтлах, шударга бус зах зээлийг бий болгох руу чиглүүлээд байгаа юм.

-УИХ-аар Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Эдийн засгийн өршөөлийн тухай хууль хэлэлцэх гэж байна. Энэ хууль үр дүнгээ өгч чадах болов уу?
-Н.Алтанхуяг Ерөнхий сайд байх үед “Эзэн 100 хөтөлбөр”, энэ хоёр хуулийн төсөл дээр ажиллаж байсан. Би шууд хэлдэг байсан “Наад хоёр хуулиа гаргачих аа. Тэгээд төр өөрөө бараг март. Төрийнхөн бүгд гадагшаа нэг жил явчихаад ир. Бид нар өөрсдөө зохицуулаад юмаа хийчихсэн байж байя. Эцсийн эцэст баялаг бүтээгч 900 мянган хүнийг чинь авч явах хууль. Тэдэндээ эрх чөлөө өгье” гэж. Гэтэл одоо яг үүний эсрэг эрүүгийн хуулиар, цагдаагаар, авилгатай тэмцэх газраар бүгдийг нь дарамтлаад жаахан баялаг бүтээж байгаа хүмүүсийнхээ нурууг нь авах гээд байгаа байдал харагдаж байна. Чөлөөт зах зээлийн үед чөлөөтэй хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийнхээ эрх чөлөөг хангахгүйгээр тэднийг дарамталж байгаад хямралаас гарсан тохиолдол байдаггүй юм. АНУ ч бас тэгэж явж байсан юм билээ. Англи мөн адил. Гэтэл одоо хэдэн намууд, улс төрийн бүлгүүд хоорондоо зөвшилцөж чадахгүйгээс энэ асуудал гарч ирж байна.
Харин Эдийн засгийн өршөөлийн хуулийн дотор Татварын ерөнхий хуулийн 74-р зүйл ороогүй нь өөрөө дахиад бас алдаатай. Яагаад гэвэл 2008 онд гаргасан хоёр давуу хуулийг ашиглаж чадаагүй хөөрхий жирийн нэг бизнесмэн, компани маш их шалгалтад орсон. Бүгд торгууль тавиулсан. Үүнийг төр нэг удаа чөлөөлөх ёстой. Жишээлэхэд, Татварын Ерөнхий газар 2011 онд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийг үндэслэж хүү торгууль алданги тавьсан. Үүгээр 174 тэрбум төгрөгийн хүү торгууль алданг ногдуулсан юм. Гэтэл өнгөрсөн онд 674 тэрбум болсон байгаа. Хүү торгууль алданг нь дөрөв дахин өссөн хэрэг. Энэ бол цаана нь аймшигтай том шалгалт явагдаж байна гэсэн үг. Баялаг бүтээгч нараа буцаагаад л нуга нуга дарж байгаа явдал. Энэ бол шударга бус. Үүнийг л засъя гээд байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан