Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Б.Наранбат: Ажлын ачааллыг давахад технологийн шинэчлэл чухал

“Улаанбаатар төмөр зам” хэмээх их айлын арын албанд хүчин зүтгэж, ажлын хүндийг нугалах Вагон ашиглалтын депо байгуулагдсаар таван жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд тус алба цөөнгүй технологийн шинэчлэл хийж, нийт хөдлөх бүрэлдэхүүний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Энэ тухай “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Вагон ашиглалтын депогийн дарга Б.Наранбаттай ярилцлаа.

-Улаанбаатар төмөр замын Вагон ашиглалтын депо байгуулагдсаар таван жил болж. Өрх тусгаарласан ашиглалтын алба гэгч “айл”-ын тухай яриагаа эхлэх нь зөв байх?
-Вагон ашиглалтын депо бол Улаанбаатар төмөр замын хамгийн отгон байгууллага. Хэдий тийм боловч төмөр замын салбарын томоохон аж ахуйн нэгж гэж үздэг. Нийт 570 ажилтан, албан хаагчтай, эх орны хойд хилээс урд хил хүртэл шугаман зам дагуу байрласан 14 техник үйлчилгээний болон хоёр засварын газартайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Манай депо төмөр замын тээврийг хөдөлгөөний аюулгүй байдал ачааны бүрэн бүтэн байдлыг хангасан бүх төрлийн ачааны вагоноор хангах, ачаа ба зорчигчийн вагоны техникийн үйлчилгээг төмөр замын тээврийн нэгдсэн технологид уялдуулан оновчтой зохион байгуулж, УБТЗ-ын вагоны аж ахуйн ашиглалтын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 2009 онд Вагон ашиглалтын депо нэртэйгаар шинээр үүсгэн байгуулсан.  Үүнээс хойш бид ажлын амжилт бүтээлээр дүүрэн таван жилийг үдлээ.

-Вагон үзэгчдийн ажлыг хамгийн хүнд хүчир алба гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй байх?
-Ер нь, бид вагон үзэгч нараа вагоны оточ гэж нэрлэх дуртай. Энэ нэр ч манайханд яг зохисон гэж боддог.Өртөөнд өдөрт орж ирсэн галт тэрэгний вагон бүрийн эд ангиудыг технологит хугацаандаа багтаан түргэн шуурхай шалгаж, эвдрэл, гэмтэл илэрвэл гэмтэлтэй вагоныг засварлаж эрүүлжүүлэн, тээврийн аюулгүй найдвартай ажиллагааг хангах үүрэгтэй.
Галт тэрэг өртөөнд орж ирээд явах хооронд вагоны хүнд, далд гэмтлийг оношилж тогтооно гэдэг асар их мэдрэмж, туршлага, авхаалж шаардсан, минут секунд, миллиметрээр хэмжигддэг нарийн ажил л даа. Өнгөц харахад вагоны техник хэрэгсэл, бүрдэл хэсгүүд, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй мэт боловч цаагуураа хэдэн зуун хүний амь нас, эрүүл мэнд, өчнөөн сая төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг нуруундаа үүрч явдаг хүмүүс. Мэс заслын эмчийн гарт нэг хүний амь байдаг бол вагон үзэгчийн гарт хэдэн зуун хүнийх байдаг. Энэ утгаараа төмөр замдаа чухал хийгээд хүнд хүчир ажлын нэгд тооцогддог.

-Өдрөөс өдөрт өргөжиж, эрчимжиж буй хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад технологийн шинэчлэл чухал шүү дээ. Энэ тухайд?
-Депо байгуулагдсаар өнгөрсөн таван жилийн хугацаанд гурван үе шаттайгаар техник үйлчилгээний газруудынхаа технологийн про­цессуудыг шинэчлэсэн. Мөн урд өмнө байгаагүй депогийн нэгдсэн техно­логийн процесстэй болсон.Үүний үр дүнд үндсэн баталгаат мөртэй Сүхбаатар, Толгойт, Улаан­баатар, Замын-Үүдийн Техник үйлчилгээний газруудын ажиллагааг группийн үзлэгийн технологийн шинэ аргачилалд шилжүүлэн давхца­лаас шалтгаалах галт тэрэгний сул зогсолтыг багасгаж байна. Нэлээн хэдэн газар тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж үйл ажиллагааг нь жигдрүүллээ. Толгойт, Бага­нуур, Замын-Үүд гэх мэт хэд хэ­дэн газар галт тэрэгний авто тоорм­осыг урьдчилсан байдлаар туршиж бэлтгэх хийн компрессор суурилууллаа. Энэ нь галт тэрэгний үзлэгийн технологит хугацааг хэмнэх, галт тэрэгний сул зогсолт, ил­чит тэрэгний халуун зогсолтыг бууруулан үргүй зардлуудыг багасгахад маш үр дүнтэй ажил болсон. Мөн техникийн үзлэгийн засварын чанарыг дээш­лүүлэх, вагоныг бүрэлдэхүүнээс нь салгал­гүй урсгал засварыг түргэн шуур­хай хийж гүйцэтгэх зорилгоор Замын-Үүд техник үйлчилгээний газарт явуулын, бүрэн механикжсан бригадыг зохион байгуулан ажиллаж байна.
Одоогоор манай төмөр зам нь хөрш орны төмөр замуудтай харьцуулахад галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын системүүд нэвтрээгүй, ажиллагаа болгон хүний хүчин зүйлээс хамааралтай технологийн хувьд хоцрогдолтой явж байгаа гэж хэлж болно. Тухайлбал, Хятад, Оросын төмөр замуудад КТСМ-02, TFI төрлийн галт тэрэгний вагон бүрийн техникийн байдлыг замд аяллын үед хянах төхөөрөмжүүд ашиглагдаад 4, 5 дахь үеийн шинэчлэл нь хийгдээд явж байна.Иймээс ч ойрын ирээдүйд эдгээр шинэ дэвшилтэт технологуудаас үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилтыг манай алба, депогийн зүгээс тавин ажиллаж байна.

-Гадны технологи нэвтрүүлэхэд зөрүүтэй, дутагдалтай зүйл гарна биз?
-Технологи нэвтрүүлэх тухайд Орос, Хятад гээд аль ч улс орных бай ялгаагүй. Адилхан л төмөр зам, хөдлөх бүрэлдэхүүн учир энэ бол асуудал биш. Харин, хөрөнгө санхүүгийн асуудал л илүүтэй хүндрэл учруулдаг. Ер нь, төмөр замын томоохон тоног төхөөрөмж системүүд асар их үнэтэй байдаг учраас нэвтрүүлэхэд санхүүгийн хувьд түвэгтэй тал бий. Гэхдээ манай замын болоод албаны хэтийн ирээдүйн төлөвлөгөөнд тусгагдсан байгаа. Яваандаа хэрэгжиж, биеллээ олох ажил юм.

-Хэдий сайн техник технологи байгаад вагон үзэгчийн ажлыг бүрэн орлох эсэх нь эргэлзээтэй санагдаж байна?
-Мэдээж хамгийн сүүлийн үеийн технологи байгаад ч хүнийг бүрэн орлоно гэж үгүй. Вагон үзэгчийн ажил бол хариуцлага. Бид яг л яриад байгаа технологи шигээ байх ёстой, нэг үгээр алдаа гаргах эрхгүй. Орос, Хятад гэх мэт төмөр замын систем, технологи өндөр хөгжсөн орнуудад одоо ч гэсэн вагон үзэгчид алхаа бариад ажлаа хийгээд л явж байна. Угтаа, хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх нь технологийн хөгжлийн гол зорилт байдаг шүү дээ. Тийм ч учраас бид цаг үе, хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхахын тулд тэдгээр технологийг нутагшуулах цаг нь ирсэн. Ингэснээр үзлэг засвар чанаржина, хүний хөдөлмөр багасна. Үүнийг дагаад ажлын бүтээмж нэмэгдэнэ, аюулгүй байдал сайжирч учирч болох эрсдэл буурна гэсэн үг.

-Танай алба группийн үзлэгийн технологи нэвтрүүлээд удаагүй байна. Энэ ажил ихээхэн үр дүнтэй байгаа байх?
-Одоогийн байдлаар УБТЗ-ын тээх нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор  автомат алсын удирдлага бүхий өртөө, зөрлөгүүд байгуулж байна. Үүнийг дагаад галт тэрэгний хөдөлгөөний эрчимжилт нэмэгдэнэ. Дагаад манай ажлын ачаалал ч нэмэгдэнэ. Тиймээс л хяналтын системүүдийг даруй нэвтрүүлэх шаардлага тулгарч байна. Ер нь, тасралтгүй өсөн нэмэгдэж буй ачааллаа дагаад техник шинэчлэлийн ажлыг цаг тухай бүрт нь хийж явах ёстой. Тиймээс бид эхний ээлжинд технологидоо шинэчлэл хийх нь зөв хэмээн үзэж энэ ажлыг 2012 оноос эхлүүлсэн. 2012 оноос өмнө хийгдэж байгаагүй группийн үзлэгээр техникийн үзлэг хийдэг болсон. Үндсэн мөртэй техник үйлчилгээний уулзварууд болох Замын-Үүд, Улаанбаатар, Толгойт хамгийн их ачаалалтай байдаг Сүхбаатар зэрэг өртөөнд энэ үзлэгийг нэвтрүүллээ. Үүний дараа Зүүнхараа, Сайншанд, Дарханы техникийн үйлчилгээний газруудад нэвтрүүлэх гэж байна. Энэ нь галт тэрэгний давхцалын үед шуурхай ажиллах бололцоо олгож байгаа юм. Группээр үздэггүй байхад эхний галт тэрэгний үзлэг дуусаагүй байтал хоёр, гурав дахь нь хүлээж байдаг байлаа. Одоо бол ээлжийн вагон үзэгч нар нэг галт тэргийг хоёр талаас нь зэрэг үзэж болж байна, хоёр хуваагдаж хоёр галт тэргэн дээр нэгэн зэрэг ажилладаг болсон гэсэн үг. Энэ мэт техник нэвтрүүлэх чадварыг сайжруулах ажлууд хийгдээд эхэлчихсэн.

-Таны хэлж байгаачлан ачаалал ихсэх тусам ажиллах хүчний шаардлага төдий чинээ нэмэгдэж байгаа байх?
-Дээр дурдсан группийн үзлэгийн технологи шинээр нэвтрүүлсэн гэдгээрээ зарим газруудад орон тоогоо нэмсэн. Дагаад орон нутгаас нь боловсон хүчнээ ажиллуулж ажлын байраар хангаж байна. Анх манай алба байгуулагдахад 490 хүнтэй байлаа. Тухайн үед ашиглалтын хэсгийг тэр чигт нь салгаад ВЧД-I-д байсан инженер техникийн ажилтнуудаа авч ашиглалтын чиглэлээ хариуцуулж ажиллуулсан. Үүнээс гадна вагон үзэгчийг аль болох орон нутгаас нь авахыг зорьдог юм. Тэгэхгүйгээр Зүүнхараагийн үзэгчийг Замын-Үүд рүү ажилла гээд явуулчихаж болохгүй биз. Очоод орон гэргүй, таних хүнгүй газар хүн тогтвор суурьшилтай ажиллаж чаддаггүй. Тиймээс бид энэ тал дээр ихэд уян хатан байхыг хичээдэг.

-Өнгөрсөн жил өртөө бүрт сургалтын тренежёр бий болгосон байх аа?
-Вагон үзэгч, ажилчдынхаа ур чадварыг сайжруулах, сургалтын чанарыг дээшлүүлэхийн тулд өнгөрсөн жил бүх техник үйлчилгээний газрууддаа нэг стандарт хангасан сургалтын тренежёр хийж жигдрүүллээ. Энэ нь сургалтын арга барилыг зөрүүгүй, жигд болгох сайн талтай. Нэг техник үйлчилгээний газар нь тренежёр байхад нөгөөд нь байхгүй байх жишээтэй. Байлаа ч эд анги дутуу, жигд биш байлаа. Гэтэл депогоос нэг сургалтын хөтөлбөр гаргатал нөгөө л байхгүйн зовлонгоос болж, Техник үйлчилгээний газар болгон дээр сургалт жигд хэрэгжиж чаддаггүй. Тиймээс энэ ажлыг нэг мөр цэгцлэх нь чухал байсан. Одоо бид нэг хөтөлбөрийг олон газар зэрэг хэрэгжүүлж ажилчдынхаа дад­лага туршлагыг сайжруулж, онолын мэдлэгийг болоод дадлага туршилгыг жигдрүүлэхэд анхаарч байна.

-Таны хувьд төмөр замын салбарт хэчнээн жил ажиллаж байна?
-Би 11 дэх жилдээ энэ салбарт ажиллаж байна. Анх вагон үзэгчээс ажлын гараагаа эхэлж байлаа. Дараа нь Дархан вагон засварын газарт вагоны слесарь, Сүхбаатар техник үйлчилгээний газар вагон үзэгчээр ажиллаж байгаад Зүүнхараа вагон депод автотормосны засварчин хүртэл хийж байлаа. Цаашлаад Зүүнхараад тоног төхөөрөмж хариуцсан инженерээр ажиллаж байгаад энэ албандаа томилогдсон юм. Анх энд ирээд засвар хариуцсан инженер хийж байгаад Вагон ашиглалтын депо байгуулагдахад даргаар нь ажиллаж эхэлсэн дээ. Манай албаны хувьд ч залуу боловсон хүчнээ дэмжиж ажиллах бодлого барьдаг.

-Аавыг тань төмөр замд 40 гаруй жил ажилласан, Орос, Монгол хоёр орны хүндэт төмөр замчин хүн байдаг гэж дуулсан юм байна?
-Тийм, манай аав төмөр замд замчнаас авахуулаад Сүхбаатар техник үйлчилгээний газар вагон үзэгч, техникийн агент, петогийн даргаар ажиллаж байгаад дээшээ дэвшиж Зүүнхараа вагон депод ашиглалт хариуцсан орлогч дарга хүртэл хийж байсан хүн. Дараа нь хойд бүсийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан байцаагч хүртэл хийж байлаа. Миний мэдэхээр төмөр замд 42 жил ажилласан Орос, Монголын хүндэт төмөр замчин. 42 жилийн ажил, амьдралаа төмөр замд тэр дундаа вагоны албанд зориулсан аавын минь хөдөлмөрийг төр, түмэн үнэлж өнгөрсөн жил Алтан гадас одонгоор шагнагдсан.

1 Сэтгэгдэл
Ene muu golog depogiin darga hiij bgaa yumuu. Yamar ch chadvargui amitan sh dee.
Хамгийн их уншсан