Хоёрдугаар сарын 17-нд буюу мягмар гарагт Японы зүүн хойд нутагт 6.9 баллын хүчтэй газар хөдөллөө гэж тус улсын Цаг уурын үндэсний удирдах газар мэдээллээ.
Японы Хоншю арлаас зүүн зүгт Мияко хотоос 220 орчим км зайтай газар далай дор орон нутгийн цагаар 08 цаг 15 минутад газар хөдөлсөн гэж АНУ-ын Геологийн алба мэдээлжээ. Газар хөдлөлтийн голомт 10 км-ын гүнд байсан байна.
Иватэ мужид өндөр нь нэг метрээс давж болзошгүй цунамийн түгшүүр зарлажээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр, тус мужийн эрэг хавийн хотуудын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна.
Газар хөдлөлтийн улмаас амиа алдсан болон байшин барилга эвдэрч сүйдсэн тухай мэдээлэл байхгүй байна. Газар хөдлөлт атомын цахилгаан станцын ажилд нөлөөлөөгүй гэж “Tohoku Electric Power” компани мэдээлжээ. Харин “Japan Railway” компани “Shinkansen” хурдны галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоосон байна.