Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Украинд гал зогсоолоо

Украины Ерөнхийлөгч Петро Порошенко өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, гал зогсоох тушаал албан ёсоор армидаа өглөө. Энхийг тогтоох гэсэн магадгүй сүүлчийн оролдлого байж болох энэ  гал зогсоох гэрээг хүндэтгэж, аль аль тал нь амласандаа хүрч, бие биеийнхээ эсрэг гал нээхгүй байхыг П.Порошенко сануулжээ.

Өнгөрсөн пүрэв гарагт Оросын Ерөнхийлөгч В.Путин, Украины төрийн тэргүүн Петро Порошенко, Германы канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар Минскт байгуулсан гал зогсоох гэрээний зүйл заалт бүрийг биелүүлэх ёстой гэж тэр хэлсэн юм. 

Хоёрдугаар сарын 15-нд орон нутгийн цагаар 00:00 цагаас эхэлсэн гал зогсоох гэрээнд зааснаар бол хоёр тал өнөөдрөөс эхлэн мөргөлдөөний бүсээс 50-140 км зайд хүнд зэвсэг техникээ татах ёстой. Хоёр долоо хоногийн дотор зэвсгээ бүрэн татаж дуусах бөгөөд тав хоногийн дотор харилцан олзны цэргүүдээ суллах үүрэг хүлээжээ. Мөн гэрээнд 2015 оны эцэс гэхэд Донецк, Луганск мужид орон нутгийн сонгууль явуулж, улс төрийн хувьд тогтвортой болсны дараа Украин хилийн хяналтыг бүрэн гартаа оруулахаар заажээ.

Донецк, Луганск мужид хүмүүнлэгийн тусламж үзүүлж,  тус мужийн хүн амын нийгмийн халамж, банкны үйлчилгээ авах эрхийг нээх зэргээр эдийн засгийн харилцаа холбоог бүрэн сэргээн тогтоох, бусад муж болон ОХУ-той харилцан хамтран ажиллахад туслах тухай ч гэрээнд зааж өгсөн юм.

Хэрэв биелүүлж чадвал Украины асуудлыг нэг тийш шийдэх энэ гэрээг одоо хэрхэн хэрэгжүүлэхийг олон улс харах л үлдэж байна. Герман, Францын зүгээс нэлээн хүчин зүтгэл, тэвчээр гаргаж байж батлуулж чадсан гал зогсоох гэрээг хэрэгжүүлэх нь эхнээсээ л амаргүй байх нь Дебальцево хотын асуудлаас харагдаж байгаа юм. Стратегийн чухал ач холбогдолтой энэ хот руу салан тусгаарлагчид гал зогсоох гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхээс хэдхэн цагийн өмнө хүртэл гал нээсэр байсан гэдэг мэдээ байна. Салан тусгаарлагчид гэлтгүй Украины арми ч гал нээж байгаа тухай салан тусгаарлагчид гомдоллосон байна.

Украины зүүн хэсэгт өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхэлснээс хойш 5400 хүний аминд хүрээд байгаа зэвсэгт мөргөлдөөн одоо зогссон ч Дебальцевод нөхцөл байдал эгзэгтэй байгааг хоёр тал хоёулаа хүлээн зөвшөөрч байна. Барууны хэвлэлүүд энд Украины арми салан тусгаарлагчдад бүслэгдсэн гэж мэдээлж байгаа бол салан тусгаарлагчид үүнийг үгүйсгэж, Украины хэдэн мянган цэрэг энэ хотод байрлаж байна гэж  байгаа юм. Донецкийн салан тусгаарлагчдын удирдагч Александр Захарченко Дебальцевогийн орчим гал зогсоох гэрээнд хамаарагдаагүй гэж мэдэгдсэн бол  П.Порошенко ч энэ хотод сэрэмжлүүштэй нөхцөл байдал үүсээд байгааг хүлээн зөвшөөрсөн.

Дебальцевог эс тооцвол гал зогсоох гэрээ хэрэгжих боломжтой гэж ажиглагчид үзэж байна. Хэрэв энэ удаагийн гэрээг биелүүлэхгүй, дахин гал нээж эхэлвэл Орост нэмээд хориг тавина гэж Европ  урьдчилан анхааруулсан. Германы канцлер Ангела Меркель энэ гэрээг итгэл найдварын гэгээ болж байгааг онцолсон ч “үгийг үйлдлээр батлах ёстой” гэдгийг мөргөлдөгч талуудад сануулсан юм.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан