Б.МЯГМАРЖАВ
Манай улс хэдхэн хоногийн өмнө гурван сая дахь иргэнээ хүлээн авсан. Дээр, дооргүй л бөөн баяр болж, “Монголын үрс маш олон болтугай” хэмээн бэлгэшээж байна. Гэвч төрөх эмнэлгийн ор нь хаанаа ч хүрэлцэхгүй тулгар биетэй эхчүүд нь коридорт төрөх нь энүүхэнд байгаа байдал хаа сайгүй. Баянзүрх дүүргийн 300 мянган иргэнд “Амгалан” төрөх гэх 45 ортой эмнэлэг үйлчилж буй гээд бодохоор асуудал шийдэл хүлээсэн хэвээр. Энэ талаар өнөөдрийг хүртэл холбогдох албан тушаалтнууд нь ярьж байгаа ч тусыг эс олов. Төрөх эмнэлэг барина хэмээн барилгын шав тавьж тууз хайчилдаг ч сууринаасаа өндийхгүй хэдэн жилийн нүүр үздэг нь хэвийн үзэгдэл болсон гэхэд хилсдэхгүй.
“Амгалан” төрөх эмнэлгийн шавыг анх 2010 онд тавьж, 2013 онд ашиглалтад оруулна гэж байсан ч өнөөдөр сураг алдарсан. Хамгийн сүүлд УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийнхэн очиж байдалтай нь танилцаж, Засгийн газраас санхүүжилт гаргуулж дөрөвдүгээр сар гэхэд ашиглалтад оруулахын төлөө ажиллана гэж байсан. Иймээс иргэд дөрөвдүгээр сар гэхэд Амгалан төрөх эмнэлэг шинэ байрандаа орно гэсэн хүлээлт тээж үлдсэн. Энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбатаас тодруулахад ““Амгалан” амаржих газрын шинэ барилга зургадугаар сарын 1-нд ашиглалтад орно. Гэхдээ энэ төрөх эмнэлэг шинээр ашиглалтад орлоо гэхэд нийслэлд ор нэмэгдэж байгаа гэсэн үг биш.
Нэг төрөх нь татан буугдаад шинэ барилгад шилжин орж байна гэсэн үг” гэсэн юм. “Амгалан” төрөхийн барилга ашиглалтад орвол тус эмнэлгийн урт дараалал тодорхой хэмжээгээр буурна хэмээн олон хүн итгэж явсан. Гэтэл ёстой нүглийн нүдийг гурилаар хуурав гэгч болж орхих нь. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй гэдэгчлэн төрөх эмнэлэг шинэ байранд орлоо ч Баянзүрх дүүргийн эхчүүдийн дараалал буурахгүй нь тодорхой гэнэ. Гэвч нөгөө талаас төрөх эмнэлгийн ачаалал багасахгүй ч өнгө зассан шинэ байранд эмнэлгийн тусламж үйлчилгээ авна гэдэг нь нэг талаас авууштай.
Дөрөвдүгээр төрөх эмнэлэг хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байна
Нийслэлийн эхчүүдийн хувьд асуудал болсон төрөх эмнэлэгийн хүрэлцээний асуудал Яармагт барьж буй Эх хүүхдийн эрүүл мэндийн төв буюу дөрөвдүгээр төрөх эмнэлэг ашиглалтад орвол захаасаа нэг юм шийдэгдэх боломжтой гэнэ. Тус төв нь 300 ортой баригдахаар төлөвлөгдсөн. Анх 19 тэрбум төгрөгөөр барихаар төсөвлөж, идэр есийн хүйтнээс халгалгүй 2010 оны арванхоёрдугаар сарын 30-нд шав тавьж, тууз хайчилж байлаа. Гэвч дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй гэдгээс шалтгаалан ажил нь зогсч өнөөдрийн байдлаар гурван засгийн газрын нүүр үзэх нь. Урагшгүй ноён ухаангүй албатын балгаар төрийн ажил цалгардаж олон эмэгтэй эх болох гэдэг нь нэг талаар шийтгэл мэт болж. Төрөх эмнэлгийн ор хүрэлцээгүйгээс амаржихаар ирсэн эхчүүдийг хэд дахин буцаадаг. Гэтэл хотын нэг захаас машингүй, тэр байтугай таксины мөнгө ч үгүй, амьдрал хүнд олон эх ирж буцсаар байгаа. Энэ бүгдийг ор хүрэлцээгүй гэх шалтгаанаар зардал чирэгдэл болсоор.
Үүний улмаас замдаа эхийн бие хүндрэх, урагт сөргөөр нөлөөлөх зэрэг үй түмэн сөрөг асуудалтай тулгарсаар. Харамсалтай нь одоогоор Яармагт баригдаж буй Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн барилга хэзээ ашиглалтад орох эсэх нь тодорхойгүй хэвээр.
Хувийн хэвшлийг төрөх эмнэлгийн асуудлыг шийдэхэд татан оруулна
Хувийн хэвшлийг хүүхдийн эмнэлэг болон төрөх эмнэлгийн асуудлыг шийдэхэд татан оруулах нь зүйтэй хэмээн төр засаг үзэж байгаа гэнэ. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын захирамж гарчээ. Хувийн хэвшлийг хүүхдийн болон төрөх эмнэлгийн барилгын ажил гүйцэтгэхэд дэмжих 12 чиглэл гарсан байна. Тухайлбал, бизнес эрхлэгч хүүхдийн юм уу төрөх эмнэлэг барихаар бол газар болон тусгай зөвшөөрлийг нь ямар нэг асуудалгүйгээр олгох гэнэ. Ер нь, хариуцлага өндөр, хэцүү салбар хэмээн хувийн хэвшлийнхэн оролцох дургүй байдаг гэдгийг албаныхан хэлж байсан. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат “Монгол Улс зах зээлийн харилцаанд ороод 30 жил болж байна. Эрүүл мэндийн салбар зах зээлийн харилцаанаас гадна үлдсэн ганц салбар. Тиймээс үйлчилгээний чанар, хүртээмж нь хуучин байсан социализмын үеэрээ л яваад байгаа. Гэтэл зах зээлийн харилцаатайгаа уялдаад зарим салбар нь 100 хувь хувьчлагдсан. Тухайлбал, эмийн салбар байна. Тэгэхээр хувийн хэвшлийн байгууллага нь ашгийн төлөө байдаг, төрийн байгууллага нь орж ирсэн мөнгийг тараадаг нь менежментгүй болсон хэрэг. Иймээс үүнийг сайжруулахын тулд менежментийн гэрээгээр гүйцэтгүүлье гэсэн хувилбар байна. Гэхдээ эрүүл мэндийн салбар гурван шатлалаар эмнэлгийн тусламж үзүүлж байдаг. Анхан, дунд, гурав дахь шатлал гээд. Анхан шатнынх нь тэртээ тэргүй төрийн үйчилгээг гэрээгээр үйлчилж байгаа хувийн хэвшлийн байгууллага гээд хуульдаа заасан. Мэдээж 15 жил явсан юм чинь дэлхийн жишгээр хувийн хэвшилдээ хандах ёстой. Зарим эмнэлгийн тухайлбал, яамны дэргэдэх 16 эмнэлгийн үр дүн харагдахгүй байгаа. Тиймээс эмнэлгүүдийн бие даасан байдлыг хангуулаад хариуцлагыг өөрсдөөр нь үүрүүлж, энэ байгууллага нь ашгийн биш юмаа гэхэд менежментийн байгууллага байх ёстой юм гэдгийг бодлогын хувьд зөвшөөрч байгаа” гэж байсан юм.
Түүнчлэн төрөх эмнэлгээс гадна хүүхдийн эмнэлгийн асуудал яригдсаар байна. Хүйтний улирал эхэлж томуу, томуу төст өвчин дэгдэхэд дүүргүүдийн хүүхдийн эмнэлгийн ачаалал хэд дахин нэмэгдэж хэвтэх оргүй хүүхдүүд мөн л коридор бараадан хэвтэн эмчлүүлэх хөөрхийлөлтэй дүр зураг биднийг угтдаг. Иймээс саяхан Зам тээврийн яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгох, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг гуравдугаар шатлалын эмнэлэг болгоно хэмээн ярьж байсан. Гэвч Зам тээврийн яамны барилга хүүхдийн эмнэлэгийн стандартад нийцэхгүй гээд больсон. Нэг хэсэг бөөн сенсааци тарьж чухам л хоёрдугаар сар ашиглалтад оруулна гэж байсан ч ийн асуудал нөгөө талд шийдэгдсэн. Энэ талаар холбогдох албаны хүнээс лавлавал “Зам тээврийн яамыг эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжгүй гэдгийг анхнаасаа хэлж байсан. Гэсэн ч болно бүтнэ гээд бөөн чирэгдэл үүсгэсэн. Нэг Засгийн газар гарч ирэнгүүтээ эмнэлгийг албан байгууллага, албан байгууллагыг эмнэлэг болгоно гэдэг. Би бол үүний эсрэг байгаа. Харин энэ барилгыг зараад зарсан мөнгөөр нь хүүхдийн эмнэлэг барих юм уу бусад эмнэлгийг бэхжүүлэхэд зориулж болох юм. Энэ талаар Засгийн газрын хуралдаанд оруулсан. Төрийн албан хаагчдын тусгай эмнэлгийг нийслэлийн гуравдахь шатлалын эмнэлэг болгоно” хэмээн ярьсан юм.