Уул уурхайн сайд Р.Жигжид уул уурхайн салбарын эрх зүйн орчин болон өнөөгийн байдлын талаар сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.
-“Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлгээс ямар үр дүн гарна хэмээн хүлээж байгаа юм бол?
-Хоёр дахь удаагаа “Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлэг хийлээ. Анхны хэлэлцүүлгийг Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлого батлагдахын өмнө зохион байгуулсан. Тэгээд цаашид уул уурхайн салбар ингэж хөгжинө гэдгийг тайлбарлан таниулсан юм. Үүнээс гадна тулгамдаж буй асуудлуудаа төр хувийн хэвшил хамтарч шийдэх уриалга гаргасан. Одоо энэ уриалгаа дүгнэж байна. Өнөөдөр манай улс эрдэс баялгийн талаар баримтлах бодлоготой боллоо. Мөн хоёр гол хуулиа өөрчилөв. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Газрын тосны салбарын хуулийг шинэчлэн найрууллаа. Эдгээртэй холбоотой баримт бичиг, эрх зүйн акт өөрчлөгдсөн. Тэгэхээр хууль эрх зүйн орчин хэрхэн шинэчлэгдэв, цаашид ямар ажил хийхээ энэ хэлэлцүүлгээр таниулж буй юм. Уг хэлэлцүүлгийг жил бүр зохионо. Гол үр дүн нь өнгөрсөн оны ажлаа дүгнэдэг, тухайн жилд тавьж буй зорилтоо салбарынхандаа таниулах, мэдээлэл өгөх явдал. Мөн энэ хэлэлцүүлгээс урилга гарна. Бас мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүдтэй хэрхэн хамтран ажиллахаа тодорхойлох юм. Ийм л үр дүн хүлээж байна даа.
-Уул уурхайн салбар өнгөрсөн онд ямар байсан хэмээн дүгнэв?
-Өнгөрсөн онд ашигт малтмалын экспортын тоо хэмжээ буураагүй. Дэлхийн эдийн засаг, зах зээлийн байдлаас шалтгаалж үнэ буурсан тул манай улсад орох орлого багассан. Бид уул уурхайн салбарын эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой, тодорхой, ойлгомжтой, хөрөнгө оруулагчид өрсөлдөх чадвартай болсон гэж үзэж байгаа. Одоо үүнийгээ манай улсыг сонирхож байгаа хөрөнгө оруулагчдад ойлгуулан таниулах хэрэгтэй юм. Ингэснээр гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх, дотоодын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сэргэнэ гэсэн хүлээлт бий.
-Ашигт малтмалын хуульд дахин өөрчлөлт оруулах тухай ярьж байна. Ер нь уул уурхайн салбарын эрх зүйн орчны ямар ямар шинэчлэлт хийх шаардлага байгаа юм бэ?
-Эрх зүйн шинэчлэлээ цаашид үргэлжлүүлнэ. Гол шинэчлэлээ хийсэн. Одоо Газрын хэвлийн тухай хууль, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангахтай холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Дээр нь ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Тухайлбал, төр стратегийн ордод хувь эзэмших асуудал гардаг. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордын 50 хүртэлх хувийг төр эзэмших боломжтой. Хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол 34 хүртэлх хувийг төр эзэмшиж болно. Олон улсад тодорхой хувь эзэмшихэд дүйх хэмжээний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авдаг хувилбар бий. Иймд энэ хувилбарыг санал болгосон хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Мөн стратегийн ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого баримталж байгаа. Тухайлбал, Гацууртын алтын ордыг ашиглах тогтоолын төсөл УИХ-д өргөн барьсан. Эдгээрээс гадна уул уурхайн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахих зайлшгүй шаардлагатай. Уул уурхайн яамнаас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулахтай холбоотой асуудалд анхаарч байна. Тэгээд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцэд нэгдэх эрх зүйн актыг бүрдүүлэн ажиллаж байгаа.
-Тухайн ордод хувь эзэмшихтэй тэнцэх нөөц ашигласны татвар ногдуулдаг болно гэлээ. Уг хуулийн төсөл батлагдсанаар Оюу толгойн 34 хувиа Засгийн газар зарах нь гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ талаар тодруулж өгнө үү?
-Энэ хууль Оюу толгойд үйлчлэхгүй гэж бодож байна. Стратегийн 15 орд бий. Үүнээс гадна 39 ордын жагсаалт байдаг. Эдгээр ордод гадаадын хөрөнгө оруулагчид орж ирж ажиллаж болно. Тэр үед аль хувилбарыг нь сонгох вэ гэдгээ тухайн цаг үед нь шийдээд явах хууль юм. Төр стратегийн ордод хувь эзэмшсэнээр ногдол ашиг авна. Энэ нь тодорхой үнийн дүн бүхий мөнгөн орлого. Уг мөнгийг ногдол ашгаар эсвэл тусгай төлбөрөөр авах л ялгаа байгаа юм. Ногдол ашиг авахаар тухайн компани үйл ажиллагаа явуулж тодорхой ашиг гарсны дараа мөнгө хуваарилдаг. Тэгэхээр цаг хугацаа алддаг. Мөн үйл ажиллагааны явцад компанийн зардал өсөхийг үгүйсгэхгүй. Зардал өсвөл бидний авах ашиг багасна. Тусгай төлбөр бол тухайн ордыг ашиглах ТЭЗҮ-д нь үндэслэж борлуулалтын орлогоос нь тодорхой хувийг авах хэлбэр. Гэхдээ ердын рояалти нь хэвээр байх юм. Өөрөөр хэлбэл, тэр тусгай төлбөр бол нэмэгдэл татвар гэж ойлгож болно.
-”Урт нэртэй” хуульд гар хүрэх нь буруу гэсэн эсэргүүцэл гарч байгаа. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийхэд чухал ач холбогдолтой сайн хууль. Бид энэ хуулийг хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тэгэхдээ энэ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзсэн. Оруулах өөрчлөлтын төслөө УИХ-д өргөн барьсан.
-Хууль эрх зүйн орчин сайжирсан ч энэ онд хөрөнгө оруулалт төдийлэн нэмэгдэхгүй гэсэн төсөөлөл гарч байгаа. Хууль эрх зүйн орчны шинэчлэл хэзээнээс үр ашгаа өгнө гэж харж байна вэ?
-Аливаа зүйл үечлэлтэй байдаг. Өнөөдөр эрдэс баялгийн салбарын уналт дэлхий даяар үргэлжилж байна. Тодорхой хугацааны дараа эргээд сэргэнэ. Үүнийг нэг улс, нэг этгээд шийдэж чадахгүй. Зөвхөн зах зээлийн эрэлт нийлүүлэлтээр шийдэгддэг асуудал. Тэгэхээр сэргэх мөчлөгийг нь угтаж хөрөнгө оруулалт татах чадвараа нэмэгдүүлж байгаа юм.