“Улаанбаатар төмөр зам” ХНН Монгол түмний уламжлалт баяр Цагаан сарын босгон дээр тухайн жилд зарласан хөдөлмөрийн уралдаанаа дүгнэж, ажил мэргэжил, бүтээн байгуулалтаараа хошуучилсан алба, хэлтэс, салбар нэгж, цех, хэсгийн хамт олон болон мэргэжлийн аваргуудыг тодруулж, урамшуулдаг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу энэ сарын 12-нд Замын удирдлага шилдгүүдээ хүлээн авч, шагналыг нь гардууллаа.
Хөдөлмөрийн уралдааны нэгдсэн дүнгээр Чойр зангилаа тэргүүн, Сайншанд зангилаа дэд Зүүнхараа зангилаа гутгаар байрыг тус тус эзэллээ. Харин Хөдөлгөөнтэй шууд холбоотой албадаас Хөдөлгөөн зохион байгуулалтын албыг I байр, Зүтгүүрийн аж ахуйн албыг II байр, Вагоны аж ахуйн алба, Дохиолол холбоо, мэдээлэл эрчим хүчний алба, Хяналтын албыг III байрт, Хөдөлгөөнтэй шууд бус холбоотой алба, хэлтэс, төвүүдээс Хууль зүйн алба эхний, Хүний нөөцийн алба удаах, Санхүү нягтлан бодох бүртгэлийн алба, Техникийн бодлого, зураг төслийн төв III байрт тус тус тодорсон юм. Түүнчлэн, Хөдөлгөөнтэй шууд холбоотой салбар нэгжүүдээс I байрыг Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо, II байрыг Сайншанд татах хэсэг, III байрыг Сүхбаатар өртөө, Улаанбаатар дахь вагон депо эзлэв. Хөдөлгөөнтэй шууд бус холбоотой салбар нэгжүүдээс Чулуун завод тэргүүлж ,Тээврийн дээд сургууль, Рэйлком төв удаах байрыг эзэллээ.
УБТЗ-ын 2014 оны шилдэг даргаар Вагон ашиглалтын депогийн дарга Б.Наранбат, шилдэг инженерээр Улаанбаатар зүтгүүрийн депогийн инженер Х.Сүрэнжав нарыг өргөмжилж, мэргэжил бүрийн төлөөлөл болсон 26 хөдөлмөрийн аварга тодруулсан юм.
Энэ үеэр Замын дарга Л.Пүрэвбаатар “УБТЗ ХНН-ын хамт олон хөх морин жилдээ Сүхбаатарын одонгоор шагнуулсан, өмнөх оны амжилтаа бататгаж 21 сая тонн ачаа тээвэрлэснээс эхлээд техникийн шинэчлэл, бүтээн байгуулалт, ажлын амжилтаар оргилуун байлаа. УБТЗ-ын хамт олон өмнөх ажлаа дүгнэхтэйгээ зэрэгцүүлэн ирэх жилийнхээ зорилтыг бас тодорхойлдог уламжлалтай. Энд нэгэн зүйл онцлоход, өмнө нь шинэ зүтгүүрийнхээ засвар үйлчилгээг гадагш явуулж хийлгэдэг байсан бол одоо манай зүтгүүрчид энэхүү засвар үйлчилгээг өөрсдөө хийх түвшинд хүрчээ. Энэ нь манай мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргадаг сургалтын бааз, залуу боловсон хүчний чадвар дээшилж буйн илрэл юм. Ингээд та бүхний ажил үйлст амжилт хүсье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэв.
Энэ удаагийн шагналын хур төрийн дээд одон медаль, тэр дундаас хос “Алтан гадас” одонгоор эхэлснээрээ онцлогтой байв. Уг нэр хүндтэй шагналаар Аялал жуулчлалын товчооны менежер Ц.Цогтгэрэл, Улаанбаатар зүтгүүрийн депогийн инженер П.Энхмөнх нар энгэрээ мялаасан юм.
Аялал жуулчлалын товчооны менежер Ц.Цогтгэрэл “Үе үеийн төмөр замчиддаа юуны өмнө сар шинийн мэнд хүргэхийн хамт халуун талархал илэрхийлье. Би төмөр замд 38 дахь жилдээ ажиллаж байна. Өмнө нь өртөөний диспетчерээр ажиллаж байсан. Дараа нь аялал жуулчлалын товчоо үүсгэн байгуулалцаж, тэндээ сүүлийн 15 жил ажиллаа. Цагаан сарын босгон дээр төрийн дээд шагналаар энгэрээ мялаалгасандаа туйлын байртай байна. Энэ бол 16 мянган төмөр замчин, тэр дундаа Аялал жуулалын товчооны хамт олны зүгээс надад үзүүлж буй том хүндэтгэл, үүрэг хариуцлага гэж ойлгож байна. Та бүхэндээ баярлалаа” хэмээв.