Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын газрын дарга асан Вон Сей Хун сонгуулийн хууль зөрчсөн хэргээр гурван жилийн ял сонсчээ. Түүнийг 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр одоогийн төрийн тэргүүн Пак Кын Хегийн өрсөлдөгчдийн эсрэг гүтгэлэг тараах онлайн кампанит ажил зохион байгуулсан, ингэхдээ Үндэсний тагнуулын албыг ашигласан хэмээн буруутгасан байна. Вон Сей Хун сонгуулийн үеэр тагнуулын ажилтнуудыг Пак Кын Хег дэмжсэн коммент, мессэж бичихийг даалгасны зэрэгцээ түүний өрсөлдөгчдийг “Хойд Солонгосын гар хөл” хэмээн бичүүлж байжээ. Хуулийн дагуу бол Үндэсний тагнуулын албаны ажилтан нь улс төрийн хувьд аль нэг нам эвслийг дэмжихээс татгалзах ёстой. Харин Вон Сей Хун ажилтнууддаа улс төрийн даалгавар өгснөө “Улс орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө” хэмээн шүүхийн өмнө тайлбарласан байна.