2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр БНХАУ-ын Коммунист намын Сахилгын хяналтын Төв комиссоос дараах мэдээллийг өөрийн цахим хуудсандаа нийтлэв:
БНХАУ-ын 18-р Их хурлын дараа Коммунист намын Сахилгын хяналтын төв комисс 5 удаагийн том шалгалт хийж, төрийн өмчит 13 байгууллагыг шалгажээ.
Үүнд: Шэнхуа групп, Чайна Мобайл, Үндэсний радио, Хуа диэн корпораци, Жун чуан корпораци, Дун Фэн корпораци зэрэг компаниуд орсон бөгөөд энэ 7 хоногоос эхлэн шалгалтын дүнг шалгагдаж буй байгууллагуудад мэдээлж тайлбар авч байна. Шалгалтын дүнгээс үзэхэд Шэнхуа, Чайна Мобайл компаниудаас олон тооны зөрчил илрэв.
Сахилгын хяналтын төв комиссын мэдээлснээр, Шэнхуа группын нүүрсний борлуулалт, үйл ажиллагааны хяналт, удирдлага зохион байгуулалт урт хугацааны туршид муу байсан бөгөөд нүүрсний гэрээ байгуулах, зөвшөөрөл олгох эрх нь цөөн тооны албан тушаалтны гарт төвлөрч, тэдгээр хүмүүс их хэмжээний хууль бус ашиг олох боломжийг бүрдүүлсэн байжээ.
Мөн тус хорооны мэдээлснээр, засгийн газрын 12-р хяналт шалгалтын хэсэг 2015 оны 2-р сарын 4-5-ны өдрүүдэд Шэнхуа компаний ТУЗ-ын дарга Жан Юү Жуо болон тус компанийн бусад удирдах албан тушаалтнуудад шалгалтын дүнг танилцуулсан байна.
Хяналт шалгалтын 12-р хэсгийн дарга Дун Хун-ы үзэж байгаагаар, тодорхой хугацаанд Шэнхуа компанийн удирдлагууд нүүрсний үйлдвэрлэл, борлуулалт, томоохон хэмжээний худалдан авалт, бүтээн байгуулалтын төсөл болон бараа материал худалдан авалт зэргээр дамжуулан авилга авсан байх магадлал байгаа аж.
Компаний зарим удирдлага хуйвалдан, нүүрс борлуулах эрхээ ашиглан зарим худалдан авагч компанийн удирдлагатай үгсэх замаар нүүрсний үнийн зөрүүнээс хувьдаа ашиг олж байсан хэмээн сэжиглэгдэж байна. Түүнчлэн Шэнхуа компаний гал унтраах газрын үйл ажиллагаа маш замбараагүй,олон ноцтой зөрчилтэй байсан нь илрэв.
Жишээ нь, тус гал унтраах газар нь гал унтраах, уугилттай нүүрс унтраах нэрийн дор нүүрс сэм гаргаж зардаг, зарим тохиолдолд зориудаар гал тавьж,түүнийгээ унтрааж байна гэж мөнгө цөлмөдөг зэрэг зөрчил илэрчээ.
2014 оны 12-р сард Шэнхуа компаний 4 удирдах албан тушаалтанг шалгасан гэх мэдээлэл гарсны дараа12 сарын 22-ны өдөр Шэнхуа компаниас мэдэгдэл хийж, группын захирлын туслах, Шэнхуа технологи ХХК-ний захирал Zhang Wen Jiang, Шэнхуа Нинсиа көүл компаний аюулгүй байдлын газрын захирал Лиу Бао Лун, нар нь хууль зөрчин хориотой үйл ажиллагаа явуулсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж эхэлсэн тул ажлаас нь чөлөөлсөн, мөн Шэнхуа Энержи хувьцаат компаний захирал асан Хуа Зэ Чиао хууль зөрчсөн хэргээр шалгагдаж байгаа тухай мэдээлсэн.
эх сурвалж:
http://www.ccdi.gov.cn/yw/201502/t20150205_51044.html