Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жүдочид Их дуулгаас есөн медальтай ирлээ

ОХУ-ын Москва хотноо Жүдо бөхийн Их дуулга тэмцээн болж өнгөрлөө. Энэ удаагийн “Их дуулга” –д манай жүдочид дөрвөн мөнгө, таван хүрэл медаль хүртэж, медалийн тоогоор талбайн эзэн ОХУ-ын багийн дараа хоёрдугаар байранд оржээ. 60 кг-ын жинд олимпын эрхээ авсан хоѐр жүдоч хүч үзлээ. Энэ нь тэдний хувьд эх орноо төлөөлж олимпын наадамд хэн нь оролцохыг шийдэх чухал тэмцээн байсан гэж хэлж болно. Энэ жинд нийт 11 бөх барилдлаа. ОУХМ Г.Болдбаатар эхний хоѐр даваандаа хийлж, Канадын Серхио Пессоаг ялснаар хэсгийн аваргын төлөө Наохиса Такатотой барилдахаар болсон юм. Залуу бөх Такато өмнөх шатанд дэлхийн чансааны тэргүүн бөх ОХУ-ын Ришод Сабировыг ялж гарч ирсэн бөгөөд манай бөхийг вазари үнэлгээгээр яллаа. Ийнхүү Г.Болдбаатар хүрэл медаль хүртсэн юм.
    Харин нөгөө хэсэгт байсан манай бөх Д.Төмөрхүлэг ОХУ-ын Евгений Кудяков, Азербайжаны Илгар Мушкиев (дэлхийн #6) нарыг ялж шигшээд Такатотой барилдаж, вазари үнэлгээгээр ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ. 66 кг-ын жинд ОУХМ С.Мияарагчаа барилдлаа. Дэлхийд наймдугаарт эрэмбэлэгддэг С.Мияарагчаа тус тэмцээний хамгийн өндөр чансаатай бөх байсан бөгөөд А хэсгийг толгойлж барилдсан юм. Тэрбээр эхний даваандаа Унгарын Замборе Бенчег цэвэр, удаах даваанд мөн л Унгарын Золт Горжаначийг цэвэр ялсан ч хэсгийн аваргын төлөө Узбекстаны бөх Мирзахид Фармоновт ялагдсанаар хүрэл медаль энгэртээ зүүлээ.
  73 кг-ын жинд манай хоѐр жүдоч хүч үзэв. Энэ жинд мөн л монгол бөх А хэсгийг толгойлон барилдсан бөгөөд олимпын эрхээ аваад буй С.Ням-Очирын хувьд томоохон бэлтгэл болсон нь тодорхой. Тэрбээр эхний даваанд Тажикстаны бөхийг вазари үнэлгээгээр, дараа нь ОХУ-ын Сергей Бадриашвилиг юко үнэлгээгээр ялсан ч хэсгийн аваргын төлөө Японы Юки Нишиямад юко үнэлгээгээр ялагдаж, хүрэл медаль хүртлээ.
   Нишияма манай бөх Г.Одбаярыг ялж энэ шатанд хүрсэн юм. Г.Одбаяр Нишиямад ялагдахын өмнө Беларусийн Валери Худаешкаг ялаад байсан юм. Ийнхүү тэрбээр шагналт байранд орлоо. 81 кг-ын жинд Г.Түвшинжаргал барилдлаа. Тэрбээр эхний даваанд Сербийн Алексей Нефедов, удаах даваанд Японы Томохиро Кавакамиг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Мурат Хабачировт цэвэр ялагдсанаар хүрэл медаль хүртлээ.
   91 кг, +100 кг-д манай бөхчүүд зодоглосонгүй. Харин -100 кг-ын жинд ОУХМ Б.Тэмүүлэн хүч үзлээ. Тэрбээр ОХУ-ын Роман Полосин, Латвийн Евгенис Бородавко, ОХУ-ын Сергей Самойлович нарыг ээлж дараалан ялсаар шигшээд шалгарсан юм. Аваргын төлөө дэлхийн чансааны зургаа дахь бөх Узбекийн Рамзидин Сайдовтой барилдсан ч барсангүй. Мөнгөн медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 48, 57, +78 кг-д манай бөхчүүд зодоглосонгүй. Харин 52 кг-ын жинд олимпийн эрхээ 48 кг-д авсан М.Уранцэцэг зодоглолоо. Тэрбээр Бразилийн Миранда Эрикад ялагдсанаар тэмцээнээ дуусгасан.
63 кг-ын жинд олимпын наадамд зодоглох ОУХМ Ц.Мөнхзаяа хүч үзлээ. Тэрбээр Украины бөхийг ялсан ч Германы Мартина Трайдост ялагдсанаар хүрэл медаль хүртлээ. 70 кг-ын жинд Ц.Наранжаргал Германы Лаура Кохыг ялж, хэсгийн аваргын төлөө Словакийн Раса Сракаг (дэлхийд #5) яллаа. Харин аваргын төлөө Бразилийн Мария Портелад юко үнэлгээгээр ялагджээ. -78 кг-ын жинд Рио Тинто компанийн элч тамирчин П.Лхамдэгд А хэсгийг толгойлон барилдаж, ОХУ-ын Алена Прокопенко, Вера Москалюк нарыг ялснаар аваргын төлөө барилдах эрхтэй болсон. Аваргын төлөө Канадын Эми Коттонд ялагдсанаар мөнгөн медалийн болзол хангалаа.

Ж.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан