Б.БИЛГҮҮН
Цахилгааны үнэ, арилжааны банкны шимтгэл, шатахууны үнийн өсөлт гээд иргэдэд тулгарч байгаа олон асуудлаар заргалдсан О.Магнайн ажлыг Т.Аюурсайхан үргэлжлүүлж байна. Гэхдээ хууль зөрчсөн л гэж үзвэл хэдэн саяар нь торгууль тавьж, шүүхийн хаалгыг хэдэнтэй татан байж хийдэг ажлыг Т.Аюурсайхан зөвшилцлийн аргаар шийдвэрлэх боломж эрэлхийлж, эхнээс нь үйл хэрэг болгож байгаа бололтой. Тэрбээр энэ дагуу Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-ны удирдлагуудтай уулзаж, “уян хатан” санал тавьсан тухай Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас мэдээллээ. Хамгийн гол нь Т.Аюурсайхан “Эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлнэ гэхээс илүү эрчим хүчний салбарын аж ахуй эрхлэгчдийн бүтэц, менежментийг оновчтой болгох, үргүй зардлыг багасгах замаар алдагдлыг бууруулах боломжтой” гэж үзээд байгаа юм. Төр засаг нь хүртэл цахилгаан дамжуулах, түгээх компаниудыг зах зээлийнх нь горимд оруулахгүй татаасаар тэжээж, иргэдийн нуруун дээрх ачааг арай ядан хөнгөлж ирсэн байхад энэ салбарын үргүй зардал, буруу менежмент зэргийг өрсөлдөөний газар олж хараад, засч залруулах талаар ярьсан нь сайн л хэрэг. Гэхдээ хэрхэн гэдэгт одоогоор хариулах боломжгүй, энэ долоо хоногтоо багтаан дэлгэрэнгүй мэдээлэл өгч, олон нийтэд танилцуулна гэж ШӨХТГ ам гарлаа.
Үнэ нэмэхийг дэмжиж байгаа ч…
Т.Аюурсайхан өнгөрсөн сарын 23-ны өдөр удирдамж гаргажээ. Энэхүү удирдамжид цахилгаан дулааны эрчим хүчний үнэ, тарифыг нэмэгдүүлсэн нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг судлан, хянан шалгах зорилготой ажлын хэсэг байгуулах тухай байсан. Харин үүний үргэлжлэл болгож ШӨХТГ-ын удирдлагууд ЭХЗХ-ны удирдлагуудтай уулзалт хийсэн аж. Энэ үеэр Т.Аюурсайхан “Зах зээлийн харилцаанд шилжсэн 1990-ээд оноос эхлэн хүнд ачааг үүрч ирсэн эрчим хүчний салбарыг дэмжиж, ЭХЗХ-ноос 150кВт цагаас дээших ахуйн болон нэгжийн хэрэглээний эрчим хүчний үнэ тарифыг бодит өртөгт хүргэх байр суурийг зарчмын хувьд дэмжиж байгаа” гэжээ. Гэхдээ эдийн засгийн хямралаас улбаалсан иргэдийн амьжиргааны түвшин, бизнес эрхлэгчдийн хүндрэл бэрхшээлийг бодолцож, эцсийн хэрэглэгчид тусах нөлөөллийг бодитоор тооцож үзээд энэ ондоо багтан үнэ нэмэх асуудлыг харзнах нь зөв гэж үзсэн байна. Улмаар ЭХЗХ-ноос хуульд заасан чиг үүргийн дагуу эрчим хүчний үнэ тарифыг зохицуулах эрхтэй ч давуу эрхтэй тул ШӨХТГ-аас зөвшөөрөл авсны дараа цахилгаан, дулааны үнийг мөрдүүлэх ёстойг сануулжээ. Тиймээс эхлээд эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлнэ гэхээс илүү эрчим хүчний салбарын аж ахуй эрхлэгчдийн бүтэц, менежментийг оновчтой болгох, үргүй зардлыг багасгах замаар алдагдлыг бууруулах боломж байгааг ашиглах нь зөв гэж үзэж буй юм.
Гэхдээ зарим аж ахуйн нэгжүүд үнэ чөлөөлөх асуудлыг шийдсэнээр дээрх асуудлууд горимдоо орж, аяндаа цэгцэрнэ гэсэн байр суурьтай байна. Тухайлбал, Засгийн газрын дэмжлэг татаасаас гадна насжилт өндөртэй тоноглолыг солих ажилд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулж, үр дүн гарсан ч бодлогын хэмжээнд дорвитой өөрчлөлт гараагүй гэж салбарынхан уулзалтын үеэр дүгнэсэн. Тэд эрчим хүчний тарифыг бодит өртөгт хүргэх, компанийн санхүүгийн хувьд бие даасан байдлаар ажиллах, хэрэглэгчдэд боломжийн тарифыг мөрдүүлж ажиллах хүрээнд тодорхой ажил хийсэн боловч эрчим хүчний компаниудыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйл явцыг эрчимжүүлж, менежментийг сайжруулах зарим заалтын хэрэгжилт удаашралтай байгаа гэж үзжээ. Тиймээс төрөөс татаас авч байгаа энэ байдлыг зогсоож, үнэ чөлөөлөх ажлыг энэ ондоо багтаан дуусгах хэрэгтэй гэсэн аж ахуйн нэгжүүд цөөнгүй бий.
Алдагдал буурчээ
Төвийн бүсийн томоохон долоон компани өнгөрсөн онд 224.7 сая кВт.ц буюу 2013 оныхоос 6.3 хувиар илүү цахилгаан, эрчим хүчийг хэрэглэгчдэд түгээсэн байна. Мөн “УБЦТС” компанийн өнгөрсөн онд худалдан авсан цахилгааны хэмжээ 2013 оныхоос 148.6 сая кВт.ц-аар буюу 7.3 хувиар өссөн байна. Харин цахилгаан дамжуулалт, түгээлтийн хувьд “УБЦТС” компани 0.7, “Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” 0.6, “ДСЦТС” 0.5, “Хөвсгөл-Эрчим хүч” 0.9, “Баянхонгор Эрчим хүч” 5.7 нэгжээр тус тус бага алдагдалтай гарчээ. Төвийн бүсийн цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдлын хувьд өмнөх оныхоос 0.5 нэгжээр буурч, 15.3 хувьд хүрсэн байна.