ХХААЯ-ны удирдах ажилтны шуурхай хурал өнөөдөр боллоо. Ээлжит шуурхай зөвлөгөөнөөр өнгөрсөн долоо хоногт Дэд сайдын өгсөн чиглэл, үүргийн биелэлтийг дүгнэж, цаг үеийн мэдээлэл сонсов. Энэ үеэр Мал, эмнэлэг, үржлийн газрын эпидемиологич бөгөөд тандалт шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн П.Болортуяа малын галзуу өвчний тохиолдлын талаарх мэдээллийг дуулгалаа. Тэрээр “Өнөөдрийн байдлаар 13 аймгийн 38 суманд 49 тохиолдлоор 67 мал, амьтан өвчилсөний 43,3 хувийг үхэр, 31,3 хувийг чоно, үнэг эзэлж байна. Өнгөрсөн долоо хоногт Увс, Баянхонгор аймгийн хоёр суманд найман мал амьтан өвчилж, аймгийн МЭАЦЛ-иороор оношлогдож, уг өвчинтэй тэмцэх зааврын дагуу голомтын бүсэд 14 хоногийн хугацаатай хязгаарлалт тогтоож, холбогдох арга хэмжээ авч байна” гэлээ. Харин ГТБХЗГ-ын ахлах мэргэжилтэн М.Ариунболд “БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 20,4 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар тариалангийн бүс нутгуудад үр тариа хадгалах зориулалттай 91,0 мянган тоннын нийлбэр багтаамжтай элеваторууд байгуулахаар болж,
тендерт шалгарсан “Синоконст” компанитай CN-MN-F2012 дугаартай гэрээ байгуулсан.
Энэ дагуу тус улсын “Экзим” банкны ажлын хэсэг ХХААЯ-нд дээр маргааш ажиллаж, цаашид төслийг хэрхэн үргэлжлүүлэх талаар санал солилцоно” хэмээлээ. Ингээд Дэд сайд Б.Батзориг Улсын сайн малчин, тэргүүний фермер, тариаланч, тариаланч хамт олны шагналыг энэ долоо хоногт Засгийн газрын гишүүд, ХХААЯ-ны төлөөлөл орон нутагт нь гардуулахаас гадна Сайдын зөвлөлийн хурал, Удирдах ажилтны зөвлөгөөний бэлтгэл ажлыг сайн хангахыг газрын дарга нарт үүрэг болголоо.