“Төр төмөр нүүртэй” гэж хэлсэн Ерөнхийлөгч П.Очирбатыг шар бор хэвлэлээр бишгүй гөвж, хэвлэлийн эрх чөлөөгөөр төрийн өмнөөс үг хэлдэг, хүсвэл жагсдаг бас буу барьж, пан хийлгэж болдог гэдгийг зарлан тунхагласан нь саяхан. Ардчиллын буянаар гэж өөрийн эрхгүй хэлж болох эрх чөлөө бол энэ. Гэвч эдлэх эрх чөлөөгөө мэдэрч байгаа бол үүргээ ухамсарлах л ёстой. Хүн бид өөрийгөө хооллож, ундаалж, эрүүл байлгаж үр хүүхдээ өсгөхийн тулд гараа хөдөлгөх нь зүй. Тийм учраас би өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө ажиллаж байгаа мэт санагдавч, ойр орчмынхондоо бас огт танихгүй хэн нэгэнд ч үйл хөдлөлөөрөө дамжуулан үйлчилж л байдаг.
Харин саяхан “тариаланчид” маань болчимгүй гэж хэлж болох үг унагасан. “Бид дийлэхгүй юм байна. Одоо больё. Та нар импортоо чөлөөтэй оруулж ир. Дараа жил тариалалтад гарч чадахгүй” гэж 300 мянган хүн ажилладаг хэмээн тодорхойлоод байгаа энэ салбарыг төлөөлж, төрийн бус байгууллага байгуулж түүгээрээ дуу хоолойг нь илэрхийлээд байгаа Л.Цандэлэг жишим ч үгүй хэлсэн. Ийн хэлэх болсон шалтгаан нь төр тариаланчдыг харж үздэггүй, үйлдвэрлэгчдэд илүү анхаарал тавьдаг. Дээрээс нь урамшууллын мөнгөө сүүлийн хоёр жил аваагүй гэх үг нэмэгдээд тэр. Гэвч төр тариаланчдад үнэхээр ар нуруугаа харуулж, хойд эхийн царай гаргаж байсан гэж үү. ХХАА-н сайд Р.Бурмаа өчигдөрхөн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа тариаланчдыг төрийн зүгээс хэрхэн дэмждэг тухайд ийн ярьжээ. “Төр тариалан эрхлэгчдийг тариалан эрхлэх бүхий л явцад нь дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал, Газар тариалангийн салбарт төрөөс баримтлах бодлогод сүүлийн хэдэн жил түлхүү анхаарч ирсэн. Энэ хүрээнд нийтдээ 460 орчим тэрбум төгрөгийн шууд ба шууд бус дэмжлэг үзүүлсэн байна. Үүнээс 128 тэрбум төгрөгийг бэлнээр олгосон байх жишээтэй.
НӨАТ-аас 62 тэрбум төгрөгийг чөлөөлсөн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 50 хувь хөнгөлдөг. Гаалийн албан татвараас бордоо, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүд чөлөөлөгдөж байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хүүгүй зээл олгодог.
Үрийн буудай 20-30 хувийн урьдчилгаа аваад намар буудайгаар нь нөхөж авдаг. Шатахуун дээр гэхэд 50 хувийн урьдчилгаа аваад намар буудайгаараа төлдөг. Газрын төлбөрийн хөнгөлөлт, хөрсөө үнэгүй ашиглуулах гээд төрөөс ихээхэн хэмжээний дэмжлэг үзүүлж байгаа. Гурил үйлдвэрлэгчдийн тухайд буцалтгүй тусламж гэж байхгүй. Харин хөнгөлөлттэй зээл авч байгаа” гэжээ.
Төр үнэхээр буудайг стратегийн бүтээгдэхүүн хэмээн зарлан, 100 хувь дотоодоосоо хангана гэж багагүй анхаарал тавих болсоор 10 жил ч болоогүй байна. С.Баярын тэргүүлсэн Эвслийн Засгийн газрын ард түмнээс томоохон үнэлгээ авч чадсан ажил бол Оюутолгойн гэрээнээс гадна “Атрын гуравдугаар аян” байсан гэхэд хаа хаанаа үгүй гэхгүй л болов уу. Тариаланчдын тарьж ургуулсан буудайг улс худалдаж аваад зогсохгүй, тонн тутамд нь урамшуулал олгож, зарим өрийг нь тэглээд, техник технологи, үр бордоогоор нь хангаж, хөнгөлөлттэй зээл тусламж олгож эхэлсэн.
Үүний үрээр өнгөрсөн жил сүүлийн тавин жилийн түүхэндээ хамгийн арвин ургац хураасан. Төр ингэж дэм үзүүлж байхад том бизнес, их мөнгөтэй хүнээс гадна өмнө нь комбайн барьж үзсэн нэгэн хүртэл энэ салбарт үр тарьж эхэлсэн гэдэг. Өнгөрсөн жил Сэлэнгээс ирсэн тариаланч дүүтэй хэдэн үг сольсон. Буудай хадгалах агуулах сав байхгүй учраас бидний хувьд заавал өндөр үнэд хүргэнэ гэж гүрийгээд байдаггүй. Үнэндээ элеватор, сав агуулах сайтай томоохон тариаланчдадаа худалдчихдаг. Тэд бидний буудайг хамж аваад л тариалан эрхлэх сан, гурил үйлдвэрлэгч энэ тэрд тушаадаг биз. Бид чадлаараа нааш нь авчраад зарим нь нэг гурилын үйлдвэрт өгдөг л дөө. Гэхдээ тэгж удаан хадгалах боломжгүй учраас манайх лав Гацууртад тушаачихдаг юм гэхийг хоёр чихээрээ сонссон. Үнэхээр жижиг тариаланчдын хувьд агуулах сав гэдэг том асуудал. Түрээс төлж агуулахад хадгалснаас авъя гэсэн хүнд зарсан нь хамаагүй амар.
Тэгвэл Монгол улсын хэрэгцээт буудайн дийлэнх хувийг хангадаг хэмээн том амлаад байгаа зарим тариаланч маань нэг талаараа ченжийн үүрэг гүйцэтгээд байгаа юм бус уу гэж хардах эрх байгаа юм.
300 мянган тариаланчийн өмнөөс хэмээн ярьж байгаа тэд хэлсэн үгэндээ хариуцлагатай байж, тоо баримтаа зөв гаргаж, хяналт шалгалтын ард гарч чаддаг байх хэрэгтэй. Гэтэл тэдний яриа нэг л ойлгомжгүй. Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралд тариаланчид хийгээд үйлдвэрлэгчид мөн төрийн нэрийн өмнөөс энэ салбарт ажиллаж буй хүмүүс мэдээлэл хийж, харилцан ойлголцохоор нэг ширээний ард суусан. Даанч ...
Тус хуралдааныг сурвалжилж ирсэн манай сэтгүүлч “ОХУ-аас буудай оруулж ирэх шаардлагагүй. Тариаланчдад 40 мянган тонн буудай байгаа гэх юм. Тэгээд тэр буудай чинь одоо хаана байна вэ, хяналт, шинжилгээг нь хийлгэе ээ гэхээр тушаасан 360 мянган тонн буудайнд чинь байгаа гэх. Ер ойлгосонгүй “гэсээр ирсэн санагдана. Тухайн үед сэтгүүлчээ анхааралтай сонсоогүй юм биш үү гээд л өнгөрч байсан юм. Гэтэл өчигдөр Р.Бурмаа сайд мөн иймэрхүү зүйл ярьж байв. Б.Эрдэнэбат /Камертоны Эба/ “Тушаасан 350 мянган тонн улаанбуудай дотор чинь 40 мянган тонн багтчихсан байгаа” гэсэн. Тушаасан буудайнаас гадна 40 мянган тонн буудай байгаа гэчихээд түүнийг нь хайхаар эцэстээ тушаасан буудайнд байгаа гэх юм гээд Оросоос буудай орж ирэхгүй бол хомсдол үүсч үнэ нэмэгдээд ирэх үед гаргаж ирэх гэсэн явцуу зорилго байгаа болов уу хэмээн тэдний ченжийн хүслийг илэрхийлжээ.
Үнэхээр ард түмнээ, тариаланч олноо бодоод явна гэж ярих ч хачир дээрээ иймэрхүү байдал гаргаж байгаа нь “Өнөө ариун явдал” гээч нь мөн үү.
Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч гэх Л.Цандэлэг мөн “Р.Бурмаа сайд төрийн нэр барьж, муйхарлаж ажил явуулж байна. Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороон дарга Су.Батболд бас л буруу бодолтой байна. Тариаланчид руу дайрсан, гурил үйлдвэрлэгчдийг хамгаалж байна. Энэ хүн тариа тарих ямар шаардлагатай юм бэ. Та нар тариа тарихаа болиод мал малла” гэж хэлсэн” хэмээн гомдоллож байлаа.
Харин Р.Бурмаа сайд арай өөр зүйл ярьж буй юм. Намайг тариаланчдаа хүлээн авч уулздаггүй гэсэн гомдол гаргасан байна лээ. Би Л.Цандэлэгтэй дөрвөн удаа уулзсан. Хамтарсан уулзалтууд дээр ч таарч байгаа. Тариалан эрхлэлтийг дэмжих талаар ямар бодлого танд байна гээд асуухаар “Би тэгж ч хүн айлгадаг. Тэгж ширээ тойруулан хөөдөг гэсэн сонин юм ярьдаг. Тариалан эрхлэлтийг дэмжих санг хувьчлахад 70 хувийг нь авах сонирхолтой байгаа юм билээ. Мөн “Намайг сайдын зөвлөх болго. Манай хүнийг газрын даргаар ав” гэсэн. Тийм даварсан саналыг хүлээж авахгүй. Нэг монополь аж ахуйн нэгж яахаараа давуу эрх эдэлж байх ёстой юм” гэж хариулжээ.
Эрчүүдээс бүсгүйчүүдийн ялгарч чадах нэг зүйл бол хэлье гэснээ хэний ч нүүрийг харж байгаад шулуухан хэлж чаддаг, урваж хөрвөөд байдаггүй туйлбартай зан гэдэгт би хувьдаа итгэдэг. Үнэхээр Их хуралд суугаа цөөн хэдэн эмэгтэй элдвээр дуудуулж бичүүлсэн ч хэлсээр, ярьсаар, анхааруулсаар байгааг иргэд мэднэ. Р.Бурмаа сайдад “браво” гэж алга таших өөр нэг зүйл бол “Даварсан үйлдлүүдийг би таслан зогсооно гэсэн байр суурьтай байгаа. Би тэдний сүрдүүлэг дарамт шахалтаас айхгүй” хэмээн ёстой эмэгтэй хүн шиг чанга хатуухан, эрс шулуухан байр сууриа илэрхийлсэн явдал байлаа.
Эцсийн эцэст ард түмэн хямд гурил, боломжийн үнэтэй талх л идэх ёстой.
Ард түмэнд сайн хүн болж харагдсанаараа төрийн түшээ болчихдог юм биш гэдэг нь ойлгомжтой. Гол нь ард түмний эрх ашгийн төлөө ажиллаж чадаж гэмээнэ л жинхэнэ төрийн түшээ гэж хэлүүлэх эрхтэй болно гэдэгтэй та санал нийлэх буй заа.