Дуучин Адель, “One Direction” хамтлагийн араас шоу бизнесийн ертөнцийг байлдан дагуулах чадал чансаатай дуучдын халаа Их Британиас тасралтгүй төрөн гарсаар байгааг Английн залуу дуучин Сэм Смит Грэммигийн дөрвөн гол шагналыг нэгэн зэрэг хүртсэнээрээ харууллаа. Сэм Смитийн шархалсан зүрх сэтгэлээс төрсөн “Stay with me” өнгөрсөн жилийн хит дуу байснаа аргагүй баталж, оны шилдэг бичлэг, шилдэг дуу гэсэн номинацад яллаа. “Зүрх сэтгэлийг минь шархлуулсан ч Грэммийн дөрвөн шагнал авчирсан эдгээр дууг бичих шалтгаан болсон тэр залууд баярлалаа” хэмээн Сэм Смит шагналаа гардахдаа хэлсэн юм. Энэ хоёр номинацаар зогсохгүй “Шилдэг шинэ уран бүтээлч”, “Шилдэг поп цомог” гэсэн хоёр хүндтэй шагналыг тэрээр мөн авсан юм. 23 настай дуучин залуугийн “In the Lonely Hour” цомогт багтсан “I’m not the Only One”, “Like I can” зэрэг дуу нь ч бас хит болоод буй.
Гэхдээ энэ цомог хараахан “Оны шилдэг цомог”-ийн шагналыг авч чадсангүй. Грэммигийн хамгийн гол шагнал болох энэ номинацад Бионсе, Фаррелл Уильямс, Эд Ширан зэрэг нэртэй дуучид өрсөлдсөн ч санаанд оромгүйгээр хөгжимчин Бекийн “Morning Phase” шилдэг цомгоор шалгарсан юм.
Энэ хачирхалтай сонголт үзэгч олныг нэлээд гайхашруулж, рэппер Кэни Уэст тайзан дээр гарч эсэргүүцлээ илэрхийлж амжсан. Тэрээр Бекийг шагнал гардсан сэтгэгдлээ хэлж байх үеэр тайзан дээр гарч ирсэн боловч ямар нэг үг хэлээгүй юм. Гэхдээ тайзны ард арай ширүүхэн нөхцөл байдал үүсч, Бекийн шилдэг цомгийн шагналыг Бионсед өгөх ёстой гэж Кэни Уэст хэлсэн гэнэ.
Үнэндээ үзэгчдийн дийлэнх нь Бионсег шилдэг цомгийн шагнал авна гэж хүлээж байсан болохоор Грэммийн шалгаруулалтад багагүй гайхсан ч Кэни Уэст тайзан дээр гарч ирэх үед түүнээс ч илүүтэйгээр гайхаж балмагдаж хоцорсон. Ялангуяа Кэни Уэстийн эхнэр Ким Кардашиан, Бионсегийн нөхөр Жэй Зи хоёр нэлээд гайхсан байдалтай зогсоог телевизийн камерууд алдалгүй харуулж байв. Кэни Уэст өмнө нь MTV-гийн ёслол дээр Тэйлор Свифтийг шагнал авах үеэр мөн л тайзан дээр гарч ирж, Бионсе энэ шагналыг авах ёстой хэмээн үймүүлж байсан удаатай. Тийм ч учраас энэ явдал давтагдах вий гэж ойр дотныхон нь эмээсэн бололтой. Грэммид Бионсе, Сэм Смиттэй адил дуучин Фаррелл зургаан номинацад нэр дэвшиж, гурвыг нь өөрийн болголоо. Түүний “Happy” дуу оны шилдэг клип болоод зогсохгүй “GIRL” цомог нь орчин үеийн шилдэг цомог шагнал хүртсэн юм.
Энэ удаагийн Грэммийн тоглолтуудад хамтлаг, дуучдын хамтарсан үзүүлбэрүүд нэлээд зонхилсон юм. Тухайлбал, хөгжимчин Бек Крис Мартинтай хамт дуулсан бол “Сommon” болон Жон Леженд хамтран Оскарын шагналд нэр дэвшээд буй “Сельма” киноны “Glory” хэмээх дууг дуулсан юм. Сиа алдарт “Chandelier” дуугаа дуулах үед жүжигчин Кристен Вийг бүжиглэсэн бол домогт Пол Макартни дуучин Рианна, рэппер Кэни Уэсттэй хамтран “FourFiveSeconds” дууг үзэгчдэд хүргэлээ.
Оны шилдэг цомог- Morning Phase /Бек/
Шилдэг шинэ уран бүтээлч-Сэм Смит
Шилдэг бичлэг- Stay with me /Сэм Смит/
Шилдэг дуу - Stay with me /Сэм Смит/
Шилдэг рэп цомог- “Marshal Mathers” /Эминем/
Шилдэг поп хамтарсан/ хамтлагийн үзүүлбэр- Say something / A Great Big World Кристина Агилера хамтарсан/
Шилдэг рэп үзүүлбэр-Кендрик Ламар
Шилдэг альтернатив цомог-St.Vincent /Сэйнт Винсент/
Шилдэг рок цомог-Morning Phase /Бек/
Шилдэг рок дуу- Ain’t It Fun /Парамор/
Шилдэг каунтри цомог- “Platinum” Миранда Ламберт
Шилдэг рэп хослол – The Monster /Эминем Рианнагийн хамтарсан/
Шилдэг каунтри дуу- I’m Not Gonna Miss You /Глен Кэмпбелл/
Шилдэг поп вокаль цомог- In the Lonely Hour /Сэм Смит/
Шилдэг поп ганцаарчилсан үзүүлбэр- Happy /Фаррелл Уильямс/
Уламжлалт поп вокаль цомог- “Cheek to Cheek” /Лэйди Гага, Тони Беннет/
Шилдэг R&B үзүүлбэр- Drunk In Love /Бионсе, Жэй Зи хамтарсан/
Шилдэг R&B дуу- Drunk In Love /Бионсе, Жэй Зи хамтарсан/
Шилдэг R&B цомог- “Love, Marriage & Divorce” /Тони Брэкстон/
Шилдэг клип- Happy /Фаррелл Уилльямс/