Сар шинийн баярын бэлтгэлээ айл бүр базааж, дэлгүүр, худалдааны төв хөл хөдөлгөөн ихтэй байна. Үүнээс ч дутахгүй дугаар ихтэй, дуу шуу дүүрэн байгаа байгууллагууд бол банк болон банк бус санхүүгийнхэн бас ломбардууд болжээ. Учир нь баярынхаа бэлтгэлийг базаах гэсэн хүмүүс өр зээл тавих нь эрс нэмэгдсэн. Өнгөрсөн баасан гарагт “Капитал” банкны Баянхошуу тооцооны төвөөр орлоо. Тэтгэврийн зээл авах гэсэн ахмадууд болон зээлийн хүсэлт гаргасан иргэдийн хөл хөдөлгөөнд дарагджээ. Өндөр настнууд зээлийн гэрээ, маягт бөглөх гэж нэлээд хугацаа алдаж, урт дарааллын эхийг тавина. Мөн хүүхдийнхээ болон халамжийн мөнгө авах гэсэн иргэдийн дараалал уртаас урт. Н.Галсандорж гэж өөрийгөө танилцуулсан буурай “Өвөө нь Цагаан сарын жаахан юм бэлтгэх санаатай тэтгэврийн зээл авах гээд зогсч байна. Уг нь манай хүүхүүд хэвийн боов, ууц аваад өгдөг юм. Гэсэн ч гарын бэлэг, буузны мах гээд авах юм бас байна. Тэтгэврийн зээл зургаан сараар авах санаатай. Өвөө нь сарын 220 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг” хэмээн ярьсан юм. Тэрээр зургаан сарын тэтгэврийн мөнгө болох нэг сая 320 мянган төгрөгийнхөө 200 орчим мянган төгрөгийг хүүнд нь эргүүлээд банкинд тушаадаг. Тус банк нь тэтгэврийн зээлийг сарын 1,5, жилийн 18 хувийн хүүтэй олгодог аж. Ахмадууд зургаан сарынхаа тэтгэврийг зээлж аваад нэг сарынхаа тэтгэврийг хүүнд нь суутгуулдаг юм байна. Ер нь арилжааны банкуудын нийтлэг жишиг энэ бололтой.
“Манай улсад одоогоор нийгмийн даатгалын тэтгэврийн сангаас 225,9 мянган ахмад тэтгэвэр авдаг байна. Эдгээрийн 80 гаруй хувь нь зээлтэй” гэдгийг Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар гуай 2014 оны арваннэгдүгээр сард ярьж байсан. Банкин дээр зарим өндөр настан зээлийнхээ үлдэгдэл хоёр гурван сарынхаа мөнгийг эргүүлэн төлөөд ахиад зээл хүсч авч байгаа харагдсан. Тус банкнаас хэдэн ахмад тэтгэврийн зээл аваад байгааг тодруулах гэсэн боловч төв дээр очиж мэдээлэл авах боломжтой гээд халгаасангүй.
Үнэндээ үндэсний уламжлалт баяр болохтой холбогдуулан иргэд хаанаас хүү багатай зээл авч болохоор байна тэр бүгдийг эрэлхийлж байна. Хашаа байшин, газар, машинаа барьцаалан зээл авах хүн ч олон болж. Наад зах нь машин барьцаалдаг ломбардуудын хашаа дүүрсэн гээд зээл олгохоос татгалзаж буй тухай ч дуулдав. Сар шинийн баяраар нэг айл дунджаар 1,4 сая төгрөг зарцуулдаг гэсэн тооцоог Үндэсний статистикийн хорооноос гаргасан. Тэгэхээр айл бүрт л ийм хэмжээний мөнгөний шаардлага гараад буй. Түүнчлэн зарим иргэн хүүхдийнхээ сарын бүрийн 20 мянган төгрөгийг барьцаалж зээл авч байгаа харагдсан. Хүүхдийнхээ мөнгийг хугацаатай хадгаламжинд хийсэн бол тэр хэмжээний мөнгийг зээлэх боломжтой зарим банк олгодог. Ерөнхийдөө хадгаламж барьцаалсан зээлтэй адил юм байна.
Иргэд банкны хүү бага гэдгээр нь банкнаас зээл авах хүсэлтэй байдаг ч зээлийн шалгуур өндөр. Иймээс тэр бүр даваад байхгүй тул бусад банк бус санхүүгийн байгууллага болон хувь хүнээс зээл тавих нь эрс нэмэгдсэн аж. Хувь хүн сарын 8-10 хувийн хүүтэй зээлийг цагийн дотор шуурхай олгох болсон. Харин банк бус санхүүгийн байгууллагууд банкны зээлтэй нэгэнд ч барьцааны хөрөнгөтэй л бол зээл шуурхай олгодог. Тухайн хүн зээлээ эргүүлэн төлөх чадвартай эсэх нь тэдэнд падгүй. Гол нь барьцаа. Сарын 3.5-4.5 хувийн хүүтэй зээл олгоно. Иргэд энэ мэтчилэн хурдан хугацаанд зээл авах боломжийг хайж зээл авч байгаа ч зээлийн хүүнээсээ гарч чадахгүй, байр машинаа алддаг нь харамсалтай. Монгол хүний нэрэлхүү, бас бусдаас дутахгүй гэсэн бардам зангаасаа болж хэтэрхий үрэлгэн зардал ийн олон айлд өрийн өндөр босго тогтоочихдог. Иймээс “хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэг шиг санхүүгийн боломжиндоо тааруулан баярлах нь зүйтэй биз. Уламжлалт баяр болох Цагаан сараар гол нь ахмад буурайдаа золгож, садан төрлөө бие биетэй нь танилцуулж, ургийн баяр болгох нь чухал шүү дээ.