Украины асуудал дээр В.Путинийг сөрөх ёстой хэмээн барууны орнууд санаа нэгдсэн ч чухам яаж гэдэгт тэдний байр суурь хоёр тийшээ хазайчихаад байна.
Мюнхенд болсон аюулгүй байдлын уулзалтын үеэр энэ ялгаа тодорч, АНУ-Европ хоёр талцан нэлээд хүчтэй маргажээ. Украины армид зэвсэг техник илгээх нь асуудлыг шийдэх гарц биш гэж Германы канцлер Ангела Меркель үзэж, энэ байр сууриндаа бат зогссон нь Америк түншийнх нь санаанд нийцээгүй аж. Хүнд үед ар нуруугаа харууллаа гэж Берлинийг шүүмжилжээ.
АНУ Украин руу “үхлийн” зэвсэг илгээх тухай нухацтай бодолцож байна гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Гэвч тус улсын Европ дахь холбоотнууд энэ санааг дэмжихгүй байгаа нь Мюнхений дээрх хурлаас тодорхой боллоо. Үүнд бухимдсан АНУ-ын сенатор Линдсей Грэм, Жон Маккэйн нар хэлэхдээ “Найзууд минь, эцсийн эцэст бидний хичээл зүтгэл талаар боллоо. Та нар нүүрээ хөхөртөл хэдэн ч удаа Москваг зорьж болно. Гэвч тэд худлаа хэлсээр байна. Украинчуудыг бөөнөөр нь хядаж байхад бид тэдэн рүү хоол, хувцас хөнжил төдийхөн л илгээж байна. Тэр хөнжил Оросын танкийн эсрэг юу ч болохгүй байна” гэж ширүүн үгс шидэлжээ. Хуралд оролцсон АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жое Байден АНУ-Европын байр суурийн ялгааг аль болох дарахыг хичээсэн ч “Украиныг өөрийгөө хамгаалахад нь шаардлагатай тусламжийг үзүүлэхэд Вашингтон хэзээд бэлэн” гэдгийг тодорхой ойлгуулсан байна.
Украины асуудлаар хэлэлцэхээр өчигдөр АНУ руу ниссэн А.Меркель Б.Обаматай нүүр нүүрээ харан ярилцах үедээ Украины талаар В.Путинтэй хэл амаа ололцоход зориулсан “Франц-Германы энхийн төлөвлөгөө”-ний тухай тухтай ярилцана гэж ажиглагчид үзэж байна.
А.Меркель Вашингтоныг зорихоосоо өмнө Францын Ерөнхийлөгч Ф.Олландтай хамт Москва руу нисч, В.Путинийг яриа хэлэлцээрийн замаар асуудлыг шийдээч хэмээн ятгах гэж мөн очсон. Европын хоёр лидерийн ятгалга В.Путинд яаж тусч, ямар үр дүнд хүрсэн нь тодорхойгүй байна.
В.Путин, А.Меркель хоёрын эртний түншийн харилцаанд Украины асуудал сэв суулгаж, өнгөрсөн Их-20-ийн уулзалтын үеэр тэд байр суурийн зөрүүгээ давж чадалгүй, нуруу нуруугаа харсан хэмээн хэвлэлүүд бичиж байсан. ОХУ-ыг баруунтай бүрмөсөн харилцаагаа муутгачихаас сэргийлэх гол гүүр нь болж байдаг Германы канцлер Ангела Меркель В.Путинийг Украины асуудалд ухралт хийгээч гэж ятгасаар эцэс сүүлдээ тэвчээр алдан, тус улсын эсрэг хориг арга хэмжээ авахаар шийдсэн ч Москватай эвлэрэх зай бас л үлдсэн байсан бололтой.
Ямартай ч эхлээд В.Путинтэй, дараа нь Б.Обаматай очиж уулзсаны дараа Германы канцлерын гардан боловсруулсан “Франц-Германы энхийн төлөвлөгөө”-г Киев болоод Москва хүлээн авсан эсэх нь энэ долоо хоногт тодорхой болох нь. Франц-Германы энхийн төлөвлөгөө нь өнгөрсөн есдүгээр сард байгуулсан Минскийн гал зогсоох энхийн төлөвлөгөөнд үндэслэн боловсруулсан, Украины байдлыг хэрхэн намжаах тухайд цаг хугацаа, хэрэгжих болзол нөхцөлийг илүү нарийн заасан гэрээ болжээ.