Монголчуудын хүнсний гол хэрэглээ мах, махан бүтээгдэхүүн. Иймээс ч баяр ёслол дөхөхөөр хамгийн эрэлттэй хүнс болж, тэр хэрээр үнэ нь нэмэгддэг. “Цагаан сар” хаяанд ирсэн энэ өдрүүдэд махны эрэлт өндөр байна. Тиймээс жил бүрийн өдийд нөөцийн мах худалдаанд гаргадаг уламжлалтай.
Сайн, муу хэл ам дагуулдаг ч нөөцийн махны худалдаа иргэдийн нуруун дээрх ачааг бага ч болов нимгэлдэг. Баярынхаа буузыг шинэ махаар хийх боломж тааруу айл өрх наанадаж нөөцийн махаар бууз хийчихдэг. Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын хэрэгцээнд 12 мянган тонн, Дарханы иргэдэд зориулан 1000, Орхон аймагт 1000 тонн мах нөөцлөх үүргийг “Эм Эн Ди Эм”, “Баатруудын тэнгэр”, “Мах маркет”, “Дархан мийт фүүдс”, “Эрд мийт” зэрэг компани хүлээгээд буй.
Гэсэн ч “Цагаан сар” хаяанд ирчихээд байхад нөөцийн мах худалдаанд гараагүй байна. Энэ талаар Монголын махны холбооны гүйцэтгэх захирал М.Жадамбаас тодруулахад “Одоогоор нөөцийн мах тэдэнд худалдаанд гарна гэсэн шийд алга. Яамнаас ямар нэгэн шийд гарах байх. Түүнийг хүлээж байна. Компаниуд бол махаа бэлтгээд агуулахдаа хадгалчихсан. Мэргэжлийн хяналт, онцгой байдлын алба хяналт шалгалтаа хийгээд баталгаажуулсан. Мөн компаниуд өнгөрсөн оны үйл ажиллагааны зардлын үлдэгдэл мөнгийг одоо хүртэл аваагүй. Тэрийг авах ёстой. Дээр нь энэ оны үйл ажиллагааны зардал тодорхойгүй. Энэ асуудлыг шийдэж байгаад яам, Засгийн газраас шийдвэр гаргах байх” хэмээн ярьсан юм.
Өнгөрсөн жилийн хувьд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод нийт 14 мянган тонн нөөцийн мах бэлтгэж байсан бөгөөд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн борлуулж байсан. Энэ оны хувьд хугацаа нь нэлээд хойшлох төлөвтэй байна.
Ингээд нөөцийн махны талаар зарим иргэнтэй уулзаж саналыг нь сонсоход, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Цэндсүрэн хэмээх эмэгтэй “Махны үнэ баяр дөхөх тусам нэмэгдэх талтай байна. Уг нь нөөцийн мах худалдаанд гарвал махны үнэ тогтвортой л байдаг. Гэвч худалдаалж байгаа юм алга. Нөөцийн махны чанар муу гэдэг ч иргэд аваад л байдаг юм билээ. Би өнгөрсөн жил нөөцийн мах авч хүнсэндээ хэрэглэж байсан. Ер нь, бэлтгэж байгаа компаниудаас нь шалтгаалаад байх шиг. Худалдаанд гарвал иргэдийн амьдралд нэмэртэй юм даа” хэмээн ярьсан юм. Мөн Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны иргэн Баянжаргал “Баярын өмнөхөн нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулдаг. Тэр худалдаан дээрээс очиж мах авдаг байсан. Манай хорооны хоёр ч дэлгүүр нөөцийн мах худалдаж байсныг санаж байна. Гэхдээ зарим дэлгүүр үнэ нэмээд байдаг юм билээ. Өнгө үзэмж гайгүй сайныг нь шинэ махтайгаа холиод зарах жишээний. Иймээс нөөцийн махыг худалдаанд гаргахдаа дэлгүүрүүдэд тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй” гэж байлаа.
Өнөөдрийн байдлаар хүнсний захуудад хонины ястай мах 4600 төгрөг бол цул нь 5800 төгрөгөөр борлуулагдаж байна. Нэг айл дунджаар 20 килограмм махаар буузаа хийдэг гэж тооцвол 116 мянган төгрөг бидний халааснаас гарах нь. Харин нөөцийн мах худалдаанд гарвал үүнээс бага дүн гарах боломжтой. Гэтэл өнөөдрийн байдлаар мах бэлтгэлийн компаниуд өнгөрсөн жилийнхээ үйл ажиллагааны зардлын мөнгөө аваагүй, дээр нь энэ жилийнх нь ч тодорхой бус байна гээд нөөцийн махаа худалдаанд гаргах талаар эргэлзээ төрүүлж байна. Монголчуудын үндэсний баяр “Цагаан сар” дуусч, хаврын урт өдрүүдтэй бид удахгүй золгоно. Энэ үед махны үнэ тэнгэрт хадаж иргэдийн бухимдлыг төрүүлэхгүй гэх баталгаа алга. Иймээс эртхэн нөөцийн махны зохицуулалтыг хийх хэрэгтэйг иргэд сануулж байна. Харин хариуцсан яамнаас одоогоор тодорхой мэдээлэл гараагүй байгаа юм.