Хятадын интернэт хэрэглэгчдийн тоо 649 саяд хүрсэн нь АНУ-ын хүн амаас бараг хоёр дахин давчихаад байна. Эдгээр онлайн хэрэглэгчийн 80 хувь буюу 557 сая нь ухаалаг утас, таблет ашиглан интернэтэд холбогддог гэсэн тоо бий. Хятадын интернэт сүлжээний мэдээллийн төвийн гаргасан “Интернэт хөгжлийн статистик тайлан”-д бичсэнээр бол 2013 онд онлайн хэрэглэгчдийн тоо 54 сая, 2014 онд 31 саяар нэмэгджээ. Хэдийгээр Хятадын онлайн хэрэглэгчид жил ирэх тусам хурдацтай өсч байгаа ч нийт хүн амтай харьцуулвал 52,1 хувь нь л интернэтэд холбогдоод байгаа юм. Интернэт хэрэглэгчдийнхээ тоогоор Хятадын дараа АНУ хоёрдугаарт ордог. Тус улс 280 сая онлайн хэрэглэгчтэй бол Энэтхэг 243 саяар гуравт, Япон 109 саяар дөрөвт тус тус ордог ажээ.