Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-ын нефтийн салбарынхан ажил хаяж байна

АНУ-ын нефтийн салбарынхан ням гарагаас эхлэн ажил хаяжээ. 1980 оноос хойш болж байгаагүй томоохонд тооцогдох энэ ажил хаялтад нефть боловсруулах есөн том үйлдвэрийн /НБҮ/ 3800 ажилтан оролцож байна.

Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсдын үндсэн шаардлага нь цалин хөлс нэмэгдүүлэх явдал юм. Ажил хаялтыг Америкийн 230 гаруй НБҮ, нефть дамжуулах болон химийн үйлдвэрийн ажилчдын сонирхлыг төлөөлдөг төмөрлөгийн аж үйлдвэрийн салбарын ажилтнуудын Үйлдвэрчний нэгдсэн эвлэл зохион байгуулж байгаа ажээ.

Өнгөрсөн ням гарагт дуусгавар болсон ажилчдын хөдөлмөрийн гэрээг гурван жилээр сунгах тухай хэлэлцээ нэгдүгээр сарын 21-нд эхэлсэн боловч одоог хүртэл үргэлжилсээр байгаа аж. “Royal Dutch Shell” компанийн санал болгосон гэрээний таван хувилбарыг Үйлдвэрчний эвлэл бямба гарагт няцаасан байна. Тус компани хэлэлцээнд оролцохдоо “Exxon Mobil” болон “Chevron” компанийг төлөөлж байгаа ажээ.

Хэвлэлүүдэд тэмдэглэж байгаагаар, хэрэв хөдөлмөрийн шинэ гэрээг байгуулж чадахгүй бол нефть боловсруулах 63 үйлдвэр бүгд ажил хаялтад нэгдэж магадгүй байна. Эдгээр үйлдвэр Америкийн нефть боловсруулах хүчин чадлын 64 хувийг бүрдүүлдэг ажээ.

АНУ-ын нефтийн салбарынхны ажил хаялт нефтийн үнэд нөлөөлж, Лондоны “ICE” биржийн арилжааны үеэр “Brent” маркийн нефтийн үнэ 52 доллароос доош буусан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан