Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
С.Төгс: Үйлдвэрлэл хөгжсөн орны иргэд нүүр бардам, харц дээгүүр алхдаг


Засгийн газраас Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх чиглэл баримталж, халамжийн эдийн засгаас  бүтээгч эдийн засаг руу шилжихийг уриалсан  билээ. Гагцхүү яагаад улс орны тэргүүлэх салбар аж үйлдвэр байдаг вэ, Монголд үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх шаардлагатай вэ гэх асуулт ургаж байгаа юм. Тиймээс ч энэ сэдвээр ШУТИС-ийн Бизнес удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн багш, Монгол Улсын зөвлөх эдийн засагч, доктор, профессор, “Мэргэшсэн инженерүүдийн нийгэмлэг” ТББ-ын тэргүүн С.Төгстэй ярилцлаа.

-Монгол Улсын төрөөс аж үйлд­вэрийн талаар баримтлах бодлоготой боллоо. Энэ бодлогын баримт бичигт саналаа нэмэрлэсэн судлаачийн үгийг сонсмоор байна?
-Ер нь аливаа улс орон үйлдвэр­лэлийнхээ хөгжлийг  бодло­гоор хэрэгжүүлдэг. Тэгэхээр аж үйлдвэрийн салбарын бодлого гэдэг бол тухайн улсын тэргүүлэгч бодлогуудын нэг байдаг. Тиймээс ч энэхүү бодлогын баримт бичигт Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл хэмээн тусгаж, тодотгож өгсөн нь маш зөв тодорхойлолт болсон. Ер нь Аж үйлдвэрийн яам байгуулж, бодлогыг тодорхойлсон нь Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр болохуйц  үйл явдал боллоо гэж үзэж байна. Аж үйлдвэрийн сал­барт баримтлах бодлогыг бо­ловс­руулахын тулд яамныхан маань богино хугацаанд шаргуу  ажил­лалаа. Тодруулбал, мэргэжлийн хол­боод, эрдэмтэн, судлаачид, үйлд­вэр­лэгчид, холбогдох салбарын бүх мэргэжилтнүүдийг хамруулсан хэлэл­цүүлгийг үе шаттай­гаар зо­хион байгуулсан. Бидний хувьд зохих төвшинд оролцож, саналаа нэмэрлэсэн. Энэ бодлого Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэн. Тиймээс ч сайн бодлогын баримт бичиг болсон гэж бодож байна.

-Судлаачтай ярилцаж байгаа­гийн хувьд аж үйлдвэрийн салба­рын түүхэн хөгжлийн талаар асуу­маар байна. Тухайлбал, Монгол Улсад аж үйлдвэр хэрхэн хөгжиж ирэв?
-Аж үйлдвэрийн хөгжил хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэлтэй.  Хүн үүссэн цагаасаа эхлэн  хоол, хүнс, хувцас, хэрэглээгээ үйлдвэрлэж ирсэн учраас хүний хөгжилтэй салшгүй холбоотой. Харин аж үйлдвэрийн бие даасан салбарын хөгжил үндсэндээ XYIII-XIX зуунаас Европоос эхтэй гэж судлаачид үздэг. Улмаар анхны утас ээрэх, нэхмэлийн, оёдлын машинуудыг зохион бүтээж, дотоод шаталтат хөдөлгүүр гээд олон шинэ шийдлийг гаргаснаар аж үйлдвэрийн салбарт хувьсгал хийсэн гэдэг. Харин манай улсын хувьд нүүдэлчний соёл, уламжлалт ахуйн хүрээнд аж үйлдвэрлэл түүхийн туршид байсан. Тэр ч бүү хэл Чингис хааны үед зэр зэвсгээ, хувцас, хоол, ундаа өөрсдөө хийдэг байсан түүхтэй. Дэлхийд ган, зэс боловсруулж чаддаггүй байхад монголчууд хийж чаддаг байсан шүү дээ. Тэгэхээр аж үйлдвэрийн суурь Монголд эртнээс тавигджээ. Ардын хувьсгалын дараагаас аж үйлдвэрийг хөгжүүлэхтэй холбогдуулан яамдууд байгуулагдаж эхэлсэн. Нэр нь янз бүр л байсан. Тухайлбал, 1924 онд Аж ахуйн яам гэж байсан бол дараа нь  Мал аж ахуй, газар тариалангийн яам, Худалдаа аж үйлдвэрийн яам зэргээр түүхэн хөгжлийн явцад нэрнүүд нь өөрчлөгдөж ирсэн байгаа юм. Харин яг Аж үйлдвэрийн яам гэдэг нэр томъёо 1944 онд бий болсон. Түүнээс хойш таван ч удаа яамны бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн ч 1961 оныг хүртэл Аж үйлдвэрийн яам гэдэг нэр хэвээр байсан юм. Сүүлдээ Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яам нь хөдөө аж ахуйтай салж, нийлж явсаар 2015 онд Аж үйлдвэрийн яам  байгуулагдлаа. Ер нь аливаа зүйлд нэр өгөх нь учир холбогдолтой гэж боддог. Өөрөөр хэлбэл, Аж үйлдвэрийн яам гэдэг нэр өгсөн нь өнөөдөр Монгол Улсын тэргүүлэх салбар бол үйлдвэржилт гэдгийг хэн бүхэн хүлээн зөвшөөрсний илэрхийлэл.

-Нэгэн үе бид дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж байсан. Гэвч энэ салбар эрчимтэй унасан гэхэд хилсдэхгүй. Та аж үйлдвэрийн оргил үеийг хэдээс хэдэн он гэж тодорхойлох вэ?
-Хуучин нийгмийн үед аж үйлдвэрийн салбар дотоодын хэрэгцээг бүрэн хангаж байсан. Тухайн үед өргөн хэрэглээний бараг бүхий л бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байв. Та нар мэднэ дээ, гутлын үйлдвэр гэхэд гурван сая хос гутал үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад гадаадад гаргадаг байсан. Түүнчлэн шил, шаазан эдлэл, хогийн шүүр, зуух, яндангаас эхлээд ахуйн зориулалттай төмөр эдлэлийг бид дотооддоо үйлдвэрлэж байсан сайхан түүх бий. Үндсэндээ монголчууд тухайн үед өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж чадсан. Гэхдээ тухайн үеийн нийгмийн тогтолцоо талаас нь аваад үзвэл зорилтот зах зээл гэдэг ойлголт үйлдвэрлэгчдэд байхгүй зөвхөн улсын төлөвлөгөөт даалгаврын үндсэн дээр үйлдвэрлэл явагддаг байсан. Тиймээс улсын төлөвлөгөөг биелүүлэх гэсэн ойлголтоор урам, зоригтой, чин сэтгэлээсээ ажилладаг байжээ. Ер нь Монголын хөнгөн ба хүнсний аж үйлдвэрлэлийн оргил үеийг 1988-1989 он гэж үздэг. Тухайн онуудад бүх үзүүлэлтүүд маш сайн байсан, тэгээд ч ДНБ-нд аж үйлдвэрийн эзлэх хувь өндөр байсан.

-Тэгэхээр 1988-1989 онд үйлдвэржилтийн оргил үе байжээ. Гэтэл төд удалгүй буюу 1990 он гарч, зах зээлийн эдийн засагт шилжсэнээр аж үйлдвэрийн салбар бүхэлдээ уналтанд орсон шүү дээ?
-Түүнээс цааш яасан бэ гэдэг асуулт ургаж байгаа юм. Тэгэхээр 1990 оноос хойш аж үйлдвэрийн салбар навс унасан. Аж үйлдвэрийн салбар уналтад орсны хамгийн том шалтгаан нь зүй бус өмч хувьчлал байсан юм. Хэвийн ажиллаж байсан үйлдвэрүүдийг хувьчилж, ажилчид нь гудамжинд гарсан. Улмаар ажилгүйдэл бий болсноор нийгэмд ядуурал үүссэн. Аливаа зүйл гинжин холбоотой байдаг шүү дээ. Тэгэхээр ардчиллын он жилүүдэд ийм сөрөг гинжин холбоо үүссэн. Хэдийгээр ардчилал маш тайван замаар үүсч, хөгжсөн гэдэг боловч нийгэм, эдийн засаг талаас нь харвал маш туршлагагүй хандсан. Монголчуудад зах зээлийн эдийн засаг руу шилжихэд туршлага дутсан, энэ талаар ямар ч ойлголтгүй байсан. Тэгэхээр тухайн үед судлаачид, эрдэмтэд та нар хаана байсан юм бэ гэдэг асуулт гарна. Үнэндээ бидэнд ч мэдлэг, туршлага бага байсан. Гадаадын туршлагуудыг уншиж, судална, энэ талаархи ном, товхимол ч олдоц багатай. Орчуулахыг нь орчуулаад л уншиж, судалдаг байлаа. Тухайн үед үйлдвэрүүдийг цагаа ололгүй, буруу хувьчилсан нь хамгийн том алдаа болсон.

-Төр бодлогоор Аж үйлдвэрийн салбарыг дэмжихээ илэрхийллээ. Бие даасан яамтай боллоо. Тэгэхээр монголчуудын дараагийн алхам юу вэ?
-Мэдээж уналттайгаа олон жил эвлэрэхийг хэн ч хүсэхгүй. Тиймээс Монгол Улсын Засгийн газар, УИХ, иргэд дор бүрнээ сэтгэл зовниж энэ талаар ярилцаж ирсэн л дээ. Аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлоготой холбогдуулан 1998 онд Засгийн газрын 157 дугаар тогтоолоор Аж үйлдвэрийг сэргээн хөгжүүлэх бодлого, 2010 онд УИХ-ын  34 дүгээр тогтоолоор Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого гэж гаргаж байсан юм. Энэ хоёр бодлогын хүрээнд ерөнхийдөө энэ салбарт санаа тавьж, сэргээн хөгжүүлэх ажил явагдаж ирсэн. Гэхдээ бодит байдал дээр бодлогын гүйцэтгэл ямар төвшинд байна вэ гэдгийг нарийвчлан судлах шаардлагатай гэж боддог. Тухайлбал, Японы  аж үйлдвэрийн салбарын хөгжил 60 гаруй жилийн түүхтэй. Гэхдээ сүүлийн 30 жилд маш эрчимтэй хөгжсөн. Үнэхээр Японы ард түмэн үгээгүй ядуу байсан, газрын баялаг, ашигт малтмалын нөөц байхгүй, дайны хор уршгийг амссан, өлсгөлөнд нэрвэгдсэн байсан. Энэ ард түмэн ийм нөхцөл байдлаас яаж өнөөдрийн хүчирхэг эдийн засагтай, хөгжингүй орон болов. Ард түмнийхээ сэтгэхүйд “Чин сэтгэлээсээ хөдөлмөрлөх” гэдэг ухагдахууныг суулгаж, бодлогоо маш оновчтой, зөв тодорхойлж чадсан. Япон улс аж үйлдвэрийг хөгжүүлэхдээ “Бид юугаар онцгойрч хөгжих вэ” гэдгээ зөв томъёолсон. Тэр нь юу байсан гэхээр электрон техникийн үйлдвэрлэл байсан юм. Өнөөдөр дэлхий дээр электрон, техникийн үйлдвэрлэлээр Японыг гүйцэх орон байхгүй. Мэдээж энэ үйлдвэрлэлийг дагаж бүх салбар нь өндийж, бусад олон үйлдвэр, компани байгуулагдсан. Өнөөдөр дэлхийн хөгжингүй орнуудын тоонд зүй ёсоор бичигдэж, хүчирхэг эдийн засагтай орнуудын нэгэн адил оюуны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Харин Европын улс, орнуудад аж үйлдвэр 200-аад жилийн түүхтэй. Илүү буйр суурьтайгаар хөгжүүлж, үйлдвэрлэлийн бат бэх суурийг бий болгож чадсан. Энэ бүхнээс харвал Монгол Улс хамгийн дөт замаар аль болох зөв чиглэлээ сонгож, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой. Ер нь аливаа улс орны хувьд хүн амынхаа өдөр тутмын өргөн хэрэглээний болон хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг байх шаардлагатай. Гэтэл зах зээлд шилжсэнээс хойш бараг хүн бүхэн ганзагын наймаанд явснаас болж дотоодын зах зээл Эрээний чанаргүй, хямдхан бүтээгдэхүүнд эзлэгдсэн шүү дээ. Ганц, хоёр үйлдвэр ажиллаж байсан ч урдаас орж ирсэн бүтээгдэхүүний үнэд цохиулаад хаалгаа барихад хүрсэн. Тэгэхээр импортын хараат байдлыг стратегийн төвшинд авч үзэх ёстой. Тиймээс аж үйлдвэрийн хөгжлийг ярихын тулд хамгийн түрүүнд импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх асуудал хөндөгдөх нь аргагүй.

-Үйлдвэрлэл технологийн парк гэснээс сүүлийн жилүүдэд нано технологи, инновацийн талаар их ярих болж.
-Аж үйлдвэрийн цогцолборыг байгуулахын тулд орчин цагийн дэвшилтэт технологийн шаардлагыг хангасан байх ёстой гэсэн шаардлагыг нэгдүгээрт тавьдаг. Тухайлбал, Эмээлтэд байгуулах гэж байгаа аж үйлдвэрийн цогцолбор бол Монголын арьс, ширийг орчин үеийн өндөр технологиор боловсруулахаар байгуулна. Ер нь инноваци, өндөр технологийн асуудлыг ярихгүйгээр аж үйлдвэрийн цогцолборын талаар бодох ч хэрэггүй. Монгол Улсын үйлдвэрлэлд ашиглаж байгаа технологийг үнэлж, дүгнэдэг байх хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсын Аж үйлдвэрийн салбарын хэмжээнд аваад үзвэл 90 гаруй хувь нь технологийн агууламжгүй буюу нам технологитой үйлдвэрүүд байгаа гэдэг. Тийм үйлдвэрүүдийг өнөөдөр аж үйлдвэрийн салбарын дүр, төрх гэж хэлэх аргагүй. Ер нь аж үйлдвэрийг хөгжүүлэхэд хоёр стратеги байдаг юм. Тодруулбал, гүйцэж хөгжих, амдаж хөгжих гэсэн хоёр стратеги байдаг. Би судлаачийн хувьд юу гэж боддог вэ гэхээр тодорхой бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр Монгол Улс түрүүнд яваа орнуудыг гүйцэх гэж зүтгэх нь зөв. Гэхдээ урд яваа морины тоосонд нь даруулаад хоцорно гэдэг шиг дандаа араас нь элдээд байх юм уу, тодорхой бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр Монгол Улс бусдыгаа амдаж хөгжих үү гэдгийг тодорхойлсон байх ёстой.

Э.Дарь

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан