Хятадын Боловсролын сайд Юан Гуйрен улсынхаа их сургуулиудыг барууны үзэл суртал, үнэлэмж сурталчилсан ном, сурах бичгээс татгалзахыг уриалжээ. Түүнчлэн нам засаг, улсынхаа удирдагчид, социалист үзэл суртлын эсрэг утга санаа бүхий сурах бичиг, ном ашиглах, тэр тухай оюутнуудад ярихыг ч хүлээн зөвшөөрөхгүй гэж Ю.Гуйрен өнгөрсөн пүрэв гарагт Цинхуа, Бээжингийн их сургууль зэрэг томоохон дээд боловролын байгууллагуудыг хамруулсан чуулганы үеэр үг хэлэхдээ онцолжээ.
Их сургуулийн эрдэмтэн багш нар нам засгийн тухай гомдоллох, шүүмжлэх зэргээр сөрөг сэтгэгдлээ оюутнуудын өмнө илэрхийлэхгүй байх, улс төрийн талаарх шүүмжлэлээ анги танхимаас гадуур байлгаж, улс орны эв нэгдлийг хангахын төлөө ажиллах ёстой гэдгийг ч тэрээр хэлсэн байна.
Хятадын боловсролын салбарын сэхээтнүүд яг ийм шалтгаанаар ажлаасаа халагдах явдал сүүлийн үед цөөнгүй гарсан. Тухайлбал, өнгөрсөн арванхоёрдугаар сард Шанхай дахь Зүүн Хятадын их сургуулийн хуулийн профессор Жан Сьюхон Засгийн газрыг шүүмжилсэн нийтлэл бичсэнийхээ дараа уучлал гуйхаас татгалзсаны улмаас ажлаасаа халагдсан. Мөн өнгөрсөн аравдугаар сард Бээжингийн их сургуулийн багш Хиа Елиан эсэргүү үгнээсээ болж мөн л ажлаасаа салсан юм. Уйгурын нэртэй эрдэмтэн Илхам Тохти Бээжин-Уйгурын хоорондох яриа хэлэлцээрийг сайжруулах талаар эрх баригчдаасаа шаардсанаас насаараа хоригдох ял сонссон билээ. Түүний хэд хэдэн шавь ч давхар ял сонссон юм.