Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Японы хувьд хар дарсан зүүд эхэлж байна”


Жихад Жоны гарт бас нэгэн гэмгүй хүн амиа алдсан бичлэг дэлхий нийтэд цацагдлаа. Энэ бол Исламын улс бүлэглэлийнхний барьцаанд орсон Японы хоёр иргэнээс амьд үлдсэн сүүлчийн хохирогч Кенжи Гото харгис террористуудын ээлжит золиос болж буй бичлэг байв. Алуурчин Жихад Жон урьдын адил хохирогчийн харьяалагдах улс орон, удирдагчид нь хандан үгээ хэлсний дараа хутгаа доошлуулах үед дэлгэц хэсэг харанхуй болж, удалгүй хохирогчийн толгой газар унасан байхыг 67 секунд үргэлжлэх дүрс бичлэгтээ харуулжээ.

Олон хүний аминд ингэж хүрснээрээ дэлхийн хамгийн зартай террористуудын нэг болоод байгаа Жихад Жон британи аялгаар ийн ярьсан байна. “Японы Засгийн газарт: Сатаны эвслийн мунхаг холбоотнуудтайгаа адил та нар Аллахын ивээлд багтсан манай Исламын халифат ямар сүр хүч, эрх мэдэлтэйг, та нарын цусаар цангасан бүхэл бүтэн арми байгаа гэдгийг хараахан ойлгож ухаараагүй байна. Абэ, чиний ялж чадахгүй дайндаа оролцохоор шийдсэн ухаангүй алхмын улмаас Кенжигээр зогсохгүй  бидний гарт орсон япон хүн бүрийн амь нас хутганы ирэн дээр очих болно. Япончуудын хувьд хар дарсан зүүд эхэлж байна” гэжээ.
Улс үндэстнээр нь сүр­дүүл­сэн энэ бичлэгийн дараа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон Засгийн газ­рын зүгээс мэдэгдэл гаргаж, террористуудын үйлдлийг жигшин зэвүүцэж байгаагаа илэрхийлээд, тэдний сүрдүүлэгт автаж, бууж өгөхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тэд энэ аллагад буруутай этгээдүүдийг шударга шүүхийн өмнө заавал авчрах болно, түүний тулд олон улстай хамтран терроризмын эсрэг хүчтэй тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.

47 насандаа амь үрэгдсэн хохирогч Кенжи Готогийн ээж, ах хоёр бичлэгийг цацагдах хүр­тэл хүүгээ, дүүгээ эргэж ир­нэ хэмээн итгэж найдан хүлээж байснаа NHK-д ярьсан байна.

Уг нь, бичлэг цацагдахаас гурав хоногийн өмнө К.Готог Йорданд хоригдож буй террорист эмэгтэй Сажида Мубарак Атрус аль Ришавигаар солих шаардлагыг Исламын улс тавьсан юм. Амиа золиослон бөмбөг дэлбэлэх гэсэн оролдлого нь амжилтгүй болсон Сажида Мубаракийг суллаад Туркийн хил дээр авчир гэж Исламын улс 200 сая ам.доллар нэхсэн өмнөх шаардлагаа өөрчилсөн юм. Йорданы тал хоригдлыг суллаж, Японы иргэнээр солих саналыг дэмжсэн боловч алан хядагчидтай хэл амаа ололцох гэсэн Японы талын оролдлого К.Готог амь үрэгдэхээс нэг хо­но­гийн өмнө гацаанд орсон.  Исламын улсынхан бичлэ­гээ цацахын өмнө таалал төгсөөд удаагүй байгаа Саудын Аравийн хаан Абдуллагийн 91 насны ойд бэлэг бэлдсэн гэж твиттерээр мэдэгдсэн нь К.Готогийн хувь заяа үндсэндээ шийдэгдсэн гэдгийг тааварлахад хүргэсэн. Саудын Арави нь Исламын улс бүлэглэлийнхний эсрэг агаарын довтолгоонд АНУ тэргүүтэй холбоотнуудтай нэгдсэнээрээ тус террорист бүлгийн нэг дайсан болсон. Япон ч терроризмын эсрэг дайнд 200 сая ам.доллар хандивлана хэмээн мэдэгдсэнээрээ хоёр иргэнээ тэдний гарт алдахад хүргэсэн билээ. Тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн амласан 200 сая ам.долларыг Исламын улс бүлэглэлийнхэн яг тэр тоо ёсоор нь хоёр иргэнийх нь төлөөсөнд нэхсэн. Гэвч 200 сая гэдэг тоо бол нэг ёсны тохуу болгож нэхсэн барьцаа төдий болохоос Исламын улсад үнэхээр Японы хоёр иргэнийг амьд үлдээх санаа анх­наасаа байгаагүй гэдэг нь одоо бүр тодорхой болж байна. Чөлөөт сэтгүүлчээр Ойрхи Дорнодын халуун цэгт ажиллаж байсан К.Гото өнгөрсөн аравдугаар сард Сирид очоод байв. Тэрээр Исламын улсад баригдаад байсан нутаг нэгт Юкаваг суллуулахаар тэнд очсон ч эцэстээ өөрөө ч барьцааны хүн болсон юм. Дайны талбараас хүүхдүүдийн амь насыг аврана хэмээн байнга ярьж явдаг байсан түүнийг суллаач гэж гэр бүлийнхэн нь Исламын улс бүлэглэлд хандан мэдэгдэл хийсэн ч тэд АНУ, Английн иргэдийг хөнөөсөн шигээ К.Готог ч ээлжит хохирогчоо болголоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан