Манжуур хотын түүхээс
Түүхийн янз бүрийн үед энэ хотын буй газарт хүннү, дүнхү, кидан, сяньби, монгол гээд янз бүрийн үндэстэн, омог амьдарч байсан гэдэг. Чин гүрний үед Орос Хятадын газар нутгийн Аргунь голоор тусгаарлаж.
1901 онд Орос-Хятадын хэлэлцээрээр Хятад-Дорнодын төмөр замыг барьж дуусгасан нь Манжуурыг Сибирь, Алс дорнодтой холбож хилийн дэргэд энэ өртөөг байгуулсан нь өнөөгийн энэ том хотын суурь үндэс болжээ.
1909 онд энэ нутагт Хятад улс Хуйлунзян мужийн Лубинь гацаа байгууллаа. 1931 оноос Хятадын зүүн хойд нутагт япончууд орж ирэн 1932 онд Манж-Го улс байгуулсан бол 1941 онд Манжуурыг хотын статустай болгож, Синянь мужид хамааруулжээ.
1949 онд БНХАУ байгуулагдсанаар Манжуурыг ӨМӨЗО-ны Хун аймгийн бүрэлдэхүүнд оруулсан байна.
1992 оноос Манжуурыг нээлттэй худалдааны хот гэж зарлаад 1992-1997 онд хотын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд зориулж 2,0 тэрбум доллар зарцуулсан юм.
20 жилийн өмнө дөө, элс шороо хийссэн, хүн ардынх нь аж амьдрал ядуухан жижиг боомт хотхон байсан Манжуурыг түмэн газрын аялагч жуулчин хөлхсөн аялал жуулчлал, худалдааны том хот болно гэж хэн төсөөлж байсан болов уу. Өнөөдөр энэ сайхан хот орос, монгол хүмүүсийн байнга зорчиж үзэж хардаг, арилжаа наймаа хийдэг том хот болжээ.
Оросын алс дорнодын хязгаар, бүр Сибирь, монголчуудын дунд өнөөдөр “Манжуур явлаа” гэсэн үгийг хэзээ ч сонсч болно. Аялал жуулчлалаар, юм үзэж нүд тайлах гэсэн хэсэг байхад, арилжаа наймаа хийхээр явах нэг хэсэг байх.
Юутай ч зүүн хойд Хятадын, Орос, Хятад, Монголы гурван улсын хилийн энэ боомт хот газар газрын түмэн үндэстэн, ястан хөлхдөг орчин үеийн хөгжиж байгаа том хот болжээ.
Уг нь, энэ хот өөрөө 260 орчим мянган хүнтэй, Орос Хятадын төмөр замын боомт, гарц болсон авсаархан хот.
Статистик мэдээнээс харвал 15 жилийн тэртээ 2000 онд энэ хотод 610 мянган жуулчин ирж байсан бол долоон жилийн дараа 2006 онд гэхэд л 2,7 сая жуулчин, 2010 онд 4,27 сая жуулчин ирж байж. Энэ хэрээрээ жуулчдаас ордог орлого ч өсөн нэмэгдэж, 2000 онд 75 сая юань байсан бол 2006 онд 480 сая юань болж өсчээ. Харин 2010 онд аялал жуулчлалаас 240 сая долларын орлого олсон байна.
Ирж байгаа жуулчдын 53,3 хувь нь Манжуур хотод дунджаар 500-1000 юань зардаг байхад 26,7 хувь нь 1-2 мянган юань зарцуулдаг, 10 хувь нь 2000-аас дээш юань зарцуулдаг гэхээр арга ч үгүй юм. Үүний дээр зөвхөн гадаадын жуулчид төдийгүй Хятадын бусад нутгаас ирдэг дотоодын олон мянган жуулчин Манжуур хотод хөрөнгө оруулдаг.
Манжуур бол яахын аргагүй аялал жуулчлалын хот. Ийм ч болохоор “Хятадын аялал жуулчлалын шилдэг хот”, “Бүх Хятадын соёлын хот” “Бүх Хятадын үлгэр жишээ хот” алдрыг хүртсэн хэрэг.
Манжуур бол Орос-Хятадын худалдааны 60 нь дамжин өнгөрдөг хуурай замын хилийн хамгийн том боомт хот. Ийм ч болохоор “Дорнод Ази руу нэвтрэх цонх”, “ЕвроАзи руу гарах гарц” гэж нэрлэдэг.
1992 онд энэ хотыг БНХАУ-ын Төрийн зөвлөл “Хилийн нээлттэй хот” гэж зарласнаар энэ хотын олон улсын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжих боломж бүрдэж Орос, Монголын харилцаа, хил орчмын худалдааны үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх болсон байна.
Улмаар 2010 оны зургадугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөл Манжуур хотыг “Нээлттэй эдийн засаг хөгжлийн туршилтын бүс” хэмээн тодорхойлсон нь энэ хотын хөгжилд шинэ боломж бүрдүүлсэн юм.
Өнөөдөр энэ хотод аялал жуулчлалын улирлын үеэр олон улсын болон орон нутгийн 11 нислэг үйлдэж зорчигчдын тоо нь хэдийнээ 180 мянгаас давжээ. Энэ хотоор жилд төмөр замын 120 сая, авто замаар 3,5 сая тонн ачаа дамжин өнгөрч байна. Чингэлэгтэй ачаа гэхэд л төмөр замаар тээвэрлэгдэн Манжуур-Далянь гэсэн чиглэлд зөөж байгаа юм. Хилийн шалган нэвтрүүлэх, гаалийн байгууллага 24 цагаар ажилладаг нь аяаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх боломж олгодог байна.
1988 онд БНХАУ гадаад ертөнцөд нээлттэй бодлого явуулж эхэлснээр Манжуур хотын гадаад харилцаа эхэлсэн гэж болно. Энэ үеэс Манжуур хот Оросын болон Монголын зарим хоттой, мөн Ази, Европ, Америкийн бүс нутгуудтай харилцаа тогтоон хамтран ажиллах болсон байна.
Энэ хотод Хятад-Орос-Монголын хамтарсан олон улсын цас мөсний баяр 12 удаа, гоо бүсгүйн олон улсын шалгаруулалт найман удаа, олон улсын аялал жуулчлалын баяр есөн удаа, шинжлэх ухаан, техник, технологийн үзэсгэлэн долоон удаа болж байсан юм. Энэ бүхий л арга хэмжээний дүнд гурван улсын хамтын ажиллагаа, харилцаа, ард түмний нөхөрлөл улам өргөжин тэлсээр байгаа юм.
Үүний зэрэгцээ Манжуур хот Орос болон Монгол Улсын хил орчмын бүс нутгуудад зохиогддог олон улсын чанартай олон арга хэмжээнд идэвхтэй оролцдог юм.
Энэ бүхнийхээ төлөө ч Манжуур хот 2010 онд Хятадын Олон улсын найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгийн шагнал хүртжээ.
Хотын төв талбайд Манжуур хотын 100 жилийн ойн хөшөө бий. Энэ бол өнөөдөр Манжуур хотын хамгийн том талбай. Хамгийн сонирхолтой нь энэ талбай дахь хөшөө, барилга архитектурын байгууламж нь бүгд европ төрхөөр баригдсан байдаг.
Хөгжимт оргилуурын талбай
Манжуур хотод зунаар зочилсон хүмүүсийн зочилж үзэх дуртай тансаг зүйлийн нэг. Хөгжмийн аяар гэрлийн өнгө солонгоруулан оргилох усан оргилуурын дэргэд хөгжим сонсон амарч тухлахын зэрэгцээ бас бүжиглэж болно.
Матрёшкагийн талбай
Орос орос жуулчдын хамгийн ихээр зорчиж сонирхдог газар бол Матрёшкагийн талбай. Энд зургаан том, 200 ширхэг жижиг матрёшкагаас гадна, өнгө өнгийн 30 өндөг байдаг нь орос хятад монголын ард түмний найрамдал нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болдог аж.
Амь үрэгдсэн баатруудын дурсгал
Манжуур хотын хоёрдугаар гудамжинд Зөвлөлтийн Улаан армийн дайчдын дурсгалд зориулсан хөшөө цогцолбор бий. Манжуурын парк гэж нэрлэгдэж байсан энэ цэцэрлэгт хүрээлэнд 1945 онд зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан хөшөө барьснаар Улаан армийн амь үрэгдсэн дайчдын цэцэрлэгт хүрээлэн хэмээн нэрлэдэг болжээ.
Далай нуур
Хятадын цэнгэг устай нууруудын тавд ордог энэ нуур Манжуур хотоос 36 км зайд оршдог. Энэ нуур 30 гаруй төрлийн загас, бас сам хорхойтой. Ийм ч болохоор байгалийн тэнцвэрт байдлыг нь хадгалахын тулд орон нутгийн захиргаа загасны үржлийн үед энэ нуураас загас агнуур хийхийг хориглосон байдаг.
Мөсөн хотхон
1999 оноос Манжуур хотод өвлийн аялал жуулчлалын хүрээнд жил бүр мөсөн хотхон байгуулж, цас мөсний баяр зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Ийнхүү жил бүрийн өвөл энэ хотод том том мөсөн баримал, шилтгээн, босч шөнөдөө өнгө өнгийн гэрлэн чимэглэл асдаг нь газар газрын жуулчдын сонирхлыг зүй ёсоор татдаг.